Г.Занданшатар: Татварын цогц шинэчлэлээр үйлдвэрлэгчдийг дэмжинэ

157

Г.Занданшатар: Татварын цогц шинэчлэлээр үйлдвэрлэгчдийг дэмжинэ

 

УИХ-ын дарга Г.Занданшатар, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн нар өчигдөр Татварын ерөнхий газарт ажиллаж, парламентаас эхлүүлж буй татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформын хүрээнд санал солилцлоо.

Татварын ерөнхий газрын дарга Ч.Чимидсүрэн уулзалтын эхэнд татварын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа, дэвшүүлж буй зорилтыг багцлан танилцуулж, үйлчилгээ, стандартын шинэчлэл, цахим хөгжлийн үе шат, явц болон холбогдох судалгаа, тоон мэдээллүүдийг хүргэв. Үүний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдтэй хийсэн цуврал уулзалтуудын хүрээнд дэвшүүлсэн зарим саналуудаас НӨАТ, АМНАТ, өв залгамжлалын татвар, үл хөдлөх хөрөнгийн татвар болон зарим төрлийн татварын маргаан шийдвэрлэлтийн талаар тодруулсан юм.

 

Тэрбээр үргэжлүүлэн, татварыг зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх бус эдийн засгийг зохицуулах механизмын үүрэг гүйцэтгэдэг гэдгийг тодотгоод татварын бодлого нь үндэсний үйлдвэрлэгч, ажлын байр бий болгогчдыг дэмжих, бизнесийн тогтвортой таатай орчныг бүрдүүлэхэд чиглэх учиртайг тодотголоо. Парламентаас татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээр ахлуулан байгуулсан билээ.  Өнгөрсөн хугацаанд ажлын хэсгийн гишүүд нийт 15 уулзалт зохион байгуулж, мэргэжлийн болон чиглэлийн 12 холбоодтой уулзан, нийт 300 орчим татвар төлөгчийн төлөөлөлтэй салбар бүрд тулгарч буй татварын ачаалал, холбогдох эрх зүйн зохицуулалт, үйл ажиллагаанд нь бэрхшээл учруулахуйц хуулиас давсан дүрэм, журмуудын хүрээнд нээлттэй санал солилцсон гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдлаа.

 

Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, татвар төлөгчдийн ирүүлсэн саналаас хамгийн тулгамдаж буй асуудал нь татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зорилгоор гарсан хэм хэмжээний актууд нь хуулиасаа давсан байдаг, мөн төрийн зарим байгууллагаас тогтоосон өндөр хэмжээний үйлчилгээний зохицуулалтын гэх нэртэй хөлс, төлбөр, хураамж нь татвараасаа ялгаагүй ачаалал үүсгэж байгаа нь татварын зардлыг тэр хэмжээгээр нэмэгдүүлж, хүндрэл чирэгдэл үүсгэж байгаа талаар тодотгов.  Ажлын хэсгийн зүгээс татварын шинэчлэлийг тодорхой үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж эхний ээлжинд иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд санхүүгийн ачаалал, хүнд суртал, чирэгдэл үүсгэж буй, хууль тогтоомжид нийцээгүй төлбөр, хураамж, хөлс зэргийг хүчингүй болгох арга хэмжээний талаар УИХ-ын тогтоолыг батлуулжээ. Парламентаас санаачлан эхлүүлсэн татварын цогц шинэчлэл, төрийн болон нийтийн санхүүгийн реформыг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бөгөөд үүний үр дүнд татварын асуудлаар урт хугацаанд тогтвортой баримтлах бодлогын баримт бичгийг мөн боловсруулахаар болжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.