Төрийн гурван өндөрлөгийн мэндчилгээнээс онцлох нь
Шинэ оны босгон дээр төрийн гурван өндөрлөгүүд монголчууддаа зориулсан мэндчилгээний үгэндээ юуг онцлон хэлэв? Тэд эдийн засгийн эерэг таатай нөхцөл бүрдэж байгааг дурьдсан бөгөөд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гадаад харилцааг, УИХ-ын дарга Г.Занданшатар бугшмал гажуудсан тогтолцооны өөрчлөлтийг онцолж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ салбаруудад гарсан ололт, амжилтыг тодотгохын зэрэгцээ нийгмийн бухимдалд уучлалт гуйв. Ингээд 2024 он ардчиллын хоёр дахь давалгаа болсон шинэ 30 жилийн эхлэл боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бид нэгэн сэтгэлээр улс Монголынхоо төлөө эгнэгт хамтдаа хүчин зүтгэх учиртай
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Бид нэгэн сэтгэлээр улс Монголынхоо төлөө эгнэгт хамтдаа хүчин зүтгэх учиртай
Энэ жил манай улсын эдийн засаг 6.9 хувиар өсөж, гадаад валютын албан нөөц 4.5 тэрбум ам.долларт хүрч, 16.5 хувьд хүрээд байсан инфляц 8.6 хувь болон буурч, төсвийн орлого нэмэгдэж, Монгол Улсын нэгдсэн төсөв цар тахлаас хойш анх удаа ашигтай гарлаа. Монгол Улс энэ жил НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоох зорилтоо бүрэн ханган хэрэгжүүлж чадсан бөгөөд дэлхийн бүх улс оронтой найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай боллоо.Үүний зэрэгцээ Монгол Улсаас анх удаа олон улсын эрүүгийн шүүхийн шүүгч сонгогдож, Монгол Улсын иргэд визгүй зорчих улс орнуудын тоо нэмэгдэж, манай улсыг дэлхийн улс орнуудтай холбох шууд нислэгийн тоо ч нэмэгдлээ.
Манай улсад айлчилсан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш “Монгол Улс бол энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлж байсан бол Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн, Пап Францис манай улсыг “Оюун санааны эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон” хэмээн хэлснийг он солигдох энэхүү торгон мөчид тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Энэ бол монголчууд бидний өнө эртнээс уламжлан ирсэн төрт ёс, түүх соёл, үнэт зүйл, үйл хэргийг дэлхий ертөнц хүндэтгэн үзэж, хүлээн зөвшөөрч буйн илэрхийлэл юм.
Иймээс Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бид нэг монгол, нэг ард түмэн, нэг гэр бүл гэдгээ гүнээ ухамсарлаж, бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, эе эвээ сахин бататгаж, эх орноо гэсэн нэгэн сэтгэлээр улс Монголынхоо төлөө эгнэгт хамтдаа хүчин зүтгэх учиртай" гээд ард түмний эрч хүч, итгэл найдвар, эв нэгдэл бол Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, хөгжил дэвшлийн үндэс хэмээв.
Мөн баярын үдэш дархан хилээ манаж байгаа эр зоригт хилчин дайчид, даян дэлхийн энхтайвны төлөө эх орноо төлөөлөн зүтгэж буй энхийг сахиулагчид, хүн ардынхаа эрүүл мэндийн манаанд зогсож байгаа эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, эх орон, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа төрийн албан хаагчид, цэрэг, цагдаа, онцгой байдлынхандаа Монгол Улсын Ерөнхийлөгч тусгайлан баяр хүргэж, ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийллээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Ардчилсан нийгмийн эмх цэгцгүй хөдөлгөөн бол нөгөө талаар цэгцрэх хөдөлгөөний эхлэл юм
Алдаа оноо, гажуудал, сургамж хослосон цаг үеийн сорилтод хэрсүүжин чангарч, зөв зүйтэй хөгжил дэвшил, сайхан амьдралын төлөө иргэн бүр сэтгэл зүрхээ нэгтгэн зүтгэж байна. Алдсан, оносон, сурацлсан, зоригжсон ард түмэн нэгэнт зөв зүг чигээ олж, худал хуурмагтай үл эвлэрэгч, буруу булхайг үл тэвчигч, саар мууг засан бэхжүүлэгч болж өөрчлөгдөж байна. Авилга, хулгай, утаа, түгжрэл гээд нийгмийн гажуудал бүхнийг дуу нэгтэй шүүмжлэн эсэргүүцэж, төр засгаас шударга үнэнийг нийтээрээ нэхэгч байж чадаж байна. Үүний үр дүнд олон жил бугшсан гажуудлын шалтгаан болох тогтолцооны өөрчлөлтүүд хийгдсэн, хэрэгжсэн. Авлигын эсрэг ялын бодлого эрс чангарсан, төрийн хяналт шалгалт хуульчлагдсанаар гэм буруутнууд ээлж дараалан илэрсээр байна. Хагархай цонхны онол шиг эмх замбараагүй байдал ноёлсон энэ цагт хуулийн засаглалыг хүчирхэгжүүлэн бэхжүүлж, аливаа гажуудлыг хуулиар цэгцлэх нь зөв арга, суурь зарчим мөн юм. Хуулийн эко систем бүрдэж, нийгмийн ужиг гажуудлууд нуран задарч, иргэдийн шударга ёсны хүсэмжлэл сэргэж буй нь хөгжих үндэстний хүчирхэгжин эрүүлжих эерэг шинж мөн.
Арвин их ургац хураалаа, экспорт нэмэгдлээ, эдийн засаг огцом тэлж байна. Валютын нөөц тогтвортой өсөж 4.5 тэрбум ам.доллар энэ оны эцсийн байдлаар хүрсэн байна. Гадаад бондуудын өрийг төлснөөр манай улсын зээлжих зэрэглэл санхүүгийн чадавхын үзүүлэлтүүд эрс сайжрах боломж бүрдлээ. Эдийн засагт эерэг өөрчлөлт гарч, нэг хүнд ногдох ДНБ 5800 ам.доллар болж, эдийн засгийн өсөлт 6.8 хувьд хүрсэн. Дээрх сайн үзүүлэлтүүдэд Хөгжлийн банк, нүүрсний хулгай зэрэг томоохон системийн хулгай нээлттэй сонсголоор илчлэгдсэн нь томоохон түлхэц болсныг цохон тэмдэглэе.
Уламжлалт босоо тогтолцоог хэвтээ рүү шилжүүлж, ард түмний хяналт бүхий нээлттэй парламент болохыг бид зорьж байна. Дэлхийн уур амьсгалыг тодорхойлогч "чимээтэй" хүчирхэг хөршүүдийн дунд бид "чимээгүй" ардчиллыг бэхжүүлсээр байна. Бидний ардчиллын хүч бол парламентын засаглал юм.
Бид тун ойрын хугацаанд эдийн засгийн суурь реформуудыг эхлүүлж байна. Манай төрийн санхүү, татварын тогтолцоо гажуудаж, тэгш бус урвуу хамааралтай байгааг засах ёстой. Ингэж байж хэрэглэгч биш бүтээгч үндэстэн импортлогчоос экспортлогч үндэстэн, халамжаас хөдөлмөрт шилжих боломж бүрдэнэ.
Ганц тулгуурт эдийн засагтай, нэг орноос хэт хамааралтай байх нь урт хугацаандаа бодит эрсдэлүүдийг бий болгосоор байх болно. Тиймээс бүс нутгийн эдийн засгийн интеграцид өөрсдийн өрслөлдөх чадварыг бэхжүүлж, бие даасан хараат бус байдлаа хэрхэн бэхжүүлэх вэ гэдэг асуудлаар нэгдмэл байр суурьтай болох цаг ирсэн. Эдийн засгийн хүртээмжийг өрх бүр лүү оруулахгүй бол суурь гажуудлууд гүнзгийрнэ гэдгийг бодолцох ёстой. Ардчилсан нийгмийн эмх цэгцгүй хөдөлгөөн бол нөгөө талаар цэгцрэх хөдөлгөөний эхлэл юм" гээд шинэ эргэлтийн шинэ оны цэгцрэх үйл хэрэгт уриаллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Авлигын олон асуудлыг дэлгэж, нийгмийг бухимдуулсанд уучлаарай
"Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах хоёр жил гаруй хугацааны эхний хагасыг цар тахлыг даван туулж, эдийн засгаа сэргээхэд, хоёрдахь хагасыг олон жил бугшсан авлигын системийг нурааж, тогтолцооны суурь реформыг хийхэд бүхэлд нь зориуллаа.
Энэ жил шинэ оноо ковидгүй тэмдэглэж байгаа шиг, шилжилтийн хэмээн нэрлэгдсэн ороо бусгаа, эмх цэгцгүй, хариуцлагагүй, авлигажсан саарал үе 2023 онтой хамт тогтолцооны хувьд ийнхүү хаагдаж байна.
Тогтолцоо өөрчлөгдөж бид шинэ онд 126 төлөөлөлтэй парламентыг, томсгож бүсчилсэн тойргоор хамтдаа байгуулах болно.
Авлигын олон асуудлыг дэлгэж, нийгмийг бухимдуулсанд уучлаарай. Гэхдээ ирэх жилүүдэд бухимдалгүй байх эхлэл энэ жил тавигдсан гэдэгт итгээрэй.
Хөгжлийн банкны асуудал цэгцэрснээр 12 жилийн хугацаанд хуримтлагдсан Чингис бондын 1.5 тэрбум ам.доллар, Мазаалай бондын 500 сая ам.доллар, Гэрэгэ бондын 800 сая ам.доллар, Евро бондын 500 сая ам.доллар, Самурай бондын 200 сая.ам долларын өрийг Монгол Улс бүрэн төлж барагдууллаа. Монгол Улсын Засгийн газар гадаад өрүүдийг төлөхөд өнгөрсөн хугацаанд нийт 13.3 их наяд төгрөг зарцууллаа.
Оюу Толгойн Монголын талын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өр тэглэгдсэнээр олон жил улс төржин гацсан Гүний уурхай бүрэн ашиглалтад орж, олон улсын хөрөнгө оруулалтын орчинд эергээр нөлөөлж чадлаа.
Эрдэнэс Тавантолгой компанид онцгой дэглэм тогтоосноор ил, тод хариуцлагатай байдал дээшилж, цахим арилжааг амжилттай зохион байгуулснаар анх удаа 6.6 их наяд төгрөгийн орлого, гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласнаар олон жил яригдсан Үндэсний баялгийн сан бодитоор бүрдэх эхлэл тавигдлаа.
Нийт экспортын орлого 14.9 тэрбум ам.долларт хүрч, цар тахлын өмнөх үеэс хоёр дахин давлаа. Монгол Улсын төсөв, төлбөрийн тэнцэл анх удаа хамтдаа ашигтай гарлаа.
Монгол Улсын валютын албан нөөц 2.7 тэрбумаас 4.5 тэрбум ам.долларт хүрлээ.
Монгол Улс давсан орлогоороо ахмадын тэтгэвэр, тэтгэмжээ нэмэгдүүлж, төрийн албан хаагчдынхаа цалин хангамж, нийгмийн баталгааг сайжруулах дорвитой алхмуудыг хийж чадлаа.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд ирэх онд экспортын дөрвөн шинэ төмөр зам ашиглалтад орох болно. Ачаа тээврийн эргэлт анх удаа 105 сая тоннд хүрч, дэлхийн 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломж бүхий агаарын тээврийн либеральчлалын бодлогыг амжилттай хэрэгжүүллээ.
Зөвхөн уул уурхай тулгууртай эдийн засгийн бүтцээ өөрчилж, “Аялал жуулчлалыг дэмжих жил”-ийн хүрээнд анх удаа 650.000 жуулчдыг хүлээн авч, 3.4 их наяд төгрөгийн орлого оллоо.
Монгол Улсын гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улс орнуудын жагсаалтад тэргүүлж байна.
Хүнсний хувьсгалын хүрээнд 165.000 тонн хүнсний ногоо тариалж, 85 хувийг дотоодоосоо хангаж түүхэн дээд амжилтыг тогтоолоо.
Цахим засаглалын индекс 18 байраар урагшилж, “E-Mongolia” 1.7 сая хэрэглэгчтэй боллоо.
Шилэн ажиллагааны хүрээнд 975 мянган өгөгдөл мэдээллийг ил тод болголоо.
“Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг” гэдэгчлэн боловсролын тогтолцооны эрхзүйн цогц реформыг багш мэргэжлийг дэмжих, бэлтгэгдэж буй мэргэжилтнүүдийг, ирээдүйн хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулахад илүүтэй чиглүүлэн хуульчиллаа. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж, гурван ээлжийн сургуулийн тогтолцоог халж, Монголын боловсролыг дэлхийн үнэлгээнд анх удаа хамруулсан жил байлаа.
Цагаан нөмрөгтэй баатрууд, онцгой байдлын салбарынхан маань Цар тахлыг дэлхийн дунджаас тав дахин хохирол багатай даван туулж, хатуу хөл хориог олон улсын дунджаас 1.5 жилийн өмнө нээж чадлаа.
Эрүүл мэндийн эрт илрүүлгийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчилж, эрт илрүүлэгт 1.3 сая хүн хамрагдлаа.
Цар тахлын оргил үед -4.7 хувь байсан эдийн засаг, 2023 оны эцсээр 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, Нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүн анх удаа 5.220 ам долларт хүрлээ.
2024 онд эдийн засгийн өсөлтийг өрх бүрийн хаалгаар оруулсан, иргэн бүхэнд хуримтлал үүсгэх тогтолцооны өөрчлөлтийг эхлүүлсэн жил байх болно.
2024 он орон сууцны хүртээмжийг “миний анхны байр”, “миний орон нутагт амьдрах сонголт”, “миний түрээсийн байр”, “миний амины орон сууц” зэргээр төрөлжүүлэн нэмэгдүүлж, Үндэсний баялгийн сангийн тогтолцоотой холбох цогц реформыг хэрэгжүүлсэн жил байх болно.
2024 он хот хөдөөгийн тэнцвэрийг хангаж, нийслэл хотын метроны төслийг эхлүүлж, Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд аймгийн төвүүдийг хооронд нь, хилийн боомтуудтой холбосон “Таван тойрог” замын их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, бүсийн хөгжлийг бодлогын бодит ажил болгосон жил байх болно.
2024 он Худалдаа аж үйлдвэрийн танхим, Үйлдвэрчний эвлэлтэй гурван талт хэлэлцээрийг шинэ шатанд гаргаж, бизнесийн орчныг сайжруулсан, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн, шударга хөдөлмөрийн харилцааг дэмжсэн жил байх болно" гээд ардчиллын хоёр дахь давалгаа болсон шинэ 30 жил эхэлж байна гэлээ.
Эх сурвалж: BOLOD.MN