Япон Улс Монгол Улстай эрчим хүч, дэвшилтэт технологи, худалдаа эдийн засаг зэрэг олон чиглэлд хамтран ажиллах боломжтой гэв

312

Япон Улс Монгол Улстай эрчим хүч, дэвшилтэт технологи, худалдаа эдийн засаг зэрэг олон чиглэлд хамтран ажиллах боломжтой гэв

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр Япон Улсын Либерал ардчилсан намын дэд дарга, Япон Улсын Шадар сайд бөгөөд Сангийн сайд асан Т.Асог хүлээн авч уулзлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс Монгол Улсад өнгөрсөн 30 жилийн турш хүнд хэцүү цаг үед тусламж, дэмжлэг үзүүлж ирсэн, манай сайн хөрш болохыг онцлоод хоёр орны харилцаа Стратегийн түншлэлийн түвшинд хүрч өргөжин хөгжихөд Ерөнхий сайд асан Ш.Абэ үнэтэй хувь нэмэр оруулж, манлайлж ирснийг дурсав.
Япон Улсын Либерал ардчилсан намын дэд дарга Т.Асо салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд хүрэлцэн ирж биечлэн оролцож буйд талархал илэрхийлээд, дэлхий дахин цар тахал, геополитикийн асуудалтай нүүр тулсан амаргүй цаг үед Ерөнхий сайдын хариуцлагатай албыг хашиж буйг онцолж, энэ цаг үеийг улс орнууд хамтдаа даван туулж чадна гэдэгт итгэж буйгаа хэлэв.  
Уулзалтаар талууд дэлхий дахины геополитикийн байдал, хоёр орны харилцаа хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, ардчилал, эрх чөлөөг бататгах, эрчим хүчний салбарт хамтран ажиллах, аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар ярилцлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс дэлхийн улс орнуудын нэгэн адил хүлэмжийн хийг бууруулах, байгальд ээлтэй дэвшилтэт технологи ашиглан эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох зорилт тавин ажиллаж буйг дурдаад хүрэн нүүрснээс устөрөгч гарган авах Япон, Австрали улсуудын хамтарсан туршилтын төсөлд Монгол Улс оролцох сонирхолтой байгааг илэрхийлэв. Мөн Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож, хоёр орны харилцаанд дараагийн шинэ хуудас нээгдэж байна. Шинэ 50 жилд өмнөх 50 жилийн харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр баяжуулж, ялангуяа худалдаа, эдийн засгийн салбарт харилцан ашигтай хамтран ажиллах болно гэдэгт итгэж байна гэв. Түүнчлэн газрын ховор элемент олборлох, Монгол иргэд Япон Улсад зорчих визийн хөнгөлөлтийн асуудлыг үе шаттай шийдвэрлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар ярив.
Японы Либерал ардчилсан намын дэд дарга Т.Асо ардчилсан, чөлөөт зах зээлтэй улс орнууд геополитикийн хувьд хариуцлагатай хандах цаг үед ирээд буйг онцлоод Япон Улс Монгол Улстай эрчим хүч, дэвшилтэт технологи, худалдаа эдийн засаг зэрэг олон чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.