Б.Баярмагнай: Боловсролыг хүмүүжлийн шинэ хөтөлбөрөөр баяжуулъя, тэр нь эх оронч үндэсний үзэл байг

777
УИХ-ын сонгуулийн 23-р тойрог, БЗД-т бие даан нэр дэвшигч Бямбасүрэнгийн Баярмагнайгийн сонгогчидтойгоо хийх уулзалт амжилттай үргэлжилж байна. Түүнийг эх орон, ард түмнийхээ өмнө тангараг өргөсөн армийн генерал хүн учраас төрд ялангуяа үндэсний аюулгүй байдлын бодлогын хүрээнд их ажил санаачилна гэж иргэдийн зүгээс итгэж найдаж байгаагаа илэрхийлж байна.
Харин бид сүүлийн үед залуусын лоозон болгож нэлээд хэрэглэх болсон нэг сэдвийг онцлон түүнээс тайлбар авлаа.

-Үндэсний үзэл, үндсэрхэг үзэл, эх оронч үзэл гэдгээ манайхан сайн ялгаж, салгаж ойлгохгүй байгаа юм шиг санагддаг. Та цэргийн тангарагтаны хувьд эх оронч хүн гэж хэнийг хэлэх вэ гэдгийг илүү тодорхой тайлбарлах байх?

-Хуучин цагт, тухайлбал биднийг цэрэгт байх үед цэрэг-эх оронч үзэл гэж байлаа шүү дээ. Цэрэг хүнд эх оронч үзэл хамгийн ойр байдаг учраас цэрэг-эх оронч гэдэг чинь хоршоо үг болтлоо холбогдсон байдаг юм. Цэрэг хүн эх орноо хамгаалдаг, цэрэг хүн эх орныхоо төлөө тангараг өргөдөг учраас эх оронч үзэлтэй байдаг.

Өнөө үед эх оронч, үндэсний үзэл гэдгийг үндсэрхэг үзэл, хэт туйлшрал болгож хольж хутгаад л байгаа юм. Эх оронч үзэл гэдэг нь Монгол иргэн болгонд цусаар дамжиж ирдэг. Түүнийг хаа нэгтэйгээс хайх шаардлагагүй. Энд тэндээс сураглаад байхаар алга болчихсон юм огтхон ч биш. Бидний ухамсар, сэтгэл зүрхэнд оршиж байгаа. Тиймээс эх оронч үзлийг жаахан өдөөгөөд өгөх ёстой юм.

1990 оноос өмнө кампанчилж, хүмүүжил, боловсрол хоёрыг хослуулж явдаг байлаа. Хүмүүжлийн бүх төрлийн арга хэлбэрүүд байсан. Хөдөлмөр зусланд амрааж хөдөлмөрийн хүмүүжил олгодог. Ажил хөдөлмөр хийлгэдэг, зуны даалгавар өгдөг гээд хүмүүжлийн чиглэлийн ажил их хийдэг байж. Ахлах ангид оронгуут цэрэгжилийн хичээл ордог, тэр нь ирээдүйд цэрэгт алба хаахад нь бэлдэхээс гадна хүмүүсийг цэрэг-эх оронч үндэсний үзлийг олгоод явдаг байлаа. Тэгтэл 1990 он гарсанаас хойш боловсролыг нь үлдээгээд хүмүүжлийн ажлыг тэр чигээр нь хаясан. Хүмүүжлийг хаяхдаа зүгээр л социалист системийн хог мэтээр ойлгож, социалист систем тэр чигээрээ хэрэггүй гэдэг утгаар нь хаячихсан юм.

-Одоо өөрсдийгөө эх орончид гэж хэлдэг энгийн иргэн ч гэх юм уу, тэмцэгчид ч гэх үү, тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэд эх орончид мөн үү?

-Эх оронч, үндэсний үзэлтэй гэж хэлээд хятадуудыг барьж авч зодоод л, шантаажлаад явдаг хүмүүс байдаг. Энэ бол хэт үндсэрхэг үзэл. Эх оронч үзэл гэдэг нь тэс өөр юм. Эх оронч үзлийг томоор ойлгоод хэрэггүй. Хүүхдүүд хогоо хогийн саванд хаяхыг л эх оронч үзэл гэж хэлнэ. Маш жижигхэн зүйлээс л эхэлнэ.

-Социалист нийгэмтэйгээ эх оронч үзлийг түгээх маш үр дүнтэй ажлуудаа бид гээчихсэн юм байна. Тэгвэл таныхаар одоо бид жинхэнэ эх орончид байхын тулд юу хийх ёстой юм бэ. Эх орноо гэсэн үзэл сурталгүйгээр цаашид яаж бид оршин тогтнох билээ дээ?

-Эх оронч үндэсний үзлийн талаар боловсролын хөтөлбөрт тусгаж, хичээл сургалтад нь илүү их оруулж, монгол хүүхдийг багаас нь хүмүүжүүлэх хэрэгтэй. Монгол хүн гэдгээрээ тухайн хүнийг бахарах сэтгэлтэй болгох, эх оронч ухаанаар хүмүүжүүлэх шаардлагатай. Америк, Японд л гэхэд сурагчдад тийм олон хичээл ордоггүй юм шүү дээ. Иргэнээ хүн гэдэг талаас нь бүр багаас нь бэлддэг. Тэгэхээр мартагдсан зүйлийг эргээд боловсролын системд оруулж, боловсрол-хүмүүжлийн нэгдлийг бий болгох зайлшгүй шаардлагатай. Энэ талаар би Мөрийн хөтөлбөртөө ч тусгаж оруулсан байгаа.

1990 оноос хойш зөвхөн боловсролыг шүтэж, хүмүүжлийг орхигдуулсанаас болж өнөөдөр хар тамхи, бусад бүх хэрэг зөрчил үүнийг дагаад гарч ирсэн. Эцэг эх нь хүүхдээ захирч чадахаа больсон, Монгол Улс цэргээ ч татаж чадахаа байсан. Биеэрээ дүүрэн шивээстэй цэргүүдээс хэнийг нь сонгох вэ гэж хүртэл гайхдаг болчихож. 1990 оноос өмнөх хүүхдүүд хүмүүжилтэй өсдөг байсан нь үнэн. Гэхдээ түүнийг хуулахгүй, цаг үе өөр болсон. Тэгэхээр хүүхдэд хүмүүжлийг олгохын тулд боловсролыг хүмүүжлийн шинэ утга агуулгаар баяжуулъя, тэр нь эх оронч үндэсний үзэл байг гэж би бодож байгаа юм. Бага ангиас нь эх орноо, гэр бүлээ хайрладаг болгож байж бид ирээдүйн иргэдээ бэлтгэж чадна.Өнөөдөр их сонсогдох болсон хүчирхийлэл гэдэг зүйл хүмүүжлээс улбаатай. Тэгвэл бид Монгол хүүхдийн цусанд шингээстэй эх оронч үзлийг нь бага наснаас нь өдөөж, Монголоо хайрладаг болгож байж ирээдүйн иргэдээ бэлтгэж чадна.

-Танд амжилт хүсье.

-Баярлалаа.

Ю.Халиун
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.