Төр томорч, бизнесүүд жижгэрэв

172

Төр томорч, бизнесүүд жижгэрэв

 

Монгол Улсын төсөв сүүлийн 10 жилд дөрөв дахин томорчээ. Зүй нь төсвийн тэлэлтийг дагаж Монголын эдийн засаг, бизнесүүд ийм хэмжээнд томрох учиртай. Гэвч Монголын эдийн засгийг нуруундаа үүрдэг, ажиллах хүчний 80 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаа 10 жилийн өмнөхөөрөө, бүр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт буурсан судалгаанууд гарчээ. Тухайлбал, өнгөрсөн хавар Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгээс “Улсын төсөв тэлэхийн хэрээр төрийн бүтэц данхайж, хувийн хэвшлийн орон зай хумигдаж байна” гэж дүгнэсэн.

Монгол Улсын ДНБ-ий 40 орчим хувь улсын төсвийн хамааралтай болж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт жил ирэх тусам буурсаар байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг улстөрд нөлөө бүхий этгээдийн ил, далд хамааралтай хэдхэн компани хуваагаад авчихдаг үзэгдэл гаарсан. Харин төртэй, улстөрчидтэй орооцолоогүй хэдэд нь хамгийн өндөр хүүтэй арилжааны эх үүсвэр олдоно. Жилийн 20 хувийн ашиг хийж чадахгүй байгаа бизнесүүд яаж 20 хувийн хүүтэй зээл авах билээ. Энэ нь бизнесүүд томрохгүй, хувийн хэвшлийн орон зай хумигдаж буй хамгийн том жишээ. Монгол Улс 2024 онд төсвөөр дамжуулан зах зээлд 27 их наяд төгрөг нийлүүлнэ. Энэ оныхоос зардал даруй таван их наяд төгрөгөөр нэмэгдсэн. Гэвч төсвийн зардлын задаргааг харвал гуравны хоёр нь төрийн данхар бүтэц, халамж санхүүжүүлэхэд зарцуулах нь.

2024 оны төсвийн нийт зардлыг задалбал:

-Тэтгэвэр тэтгэмжинд 5.145.5 тэрбум төгрөг

-Боловсрол, эрүүл мэнд, соёлын салбарын гүйцэтгэх санхүүжилтэд 4.701.7 тэрбум төгрөг /

-Төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардал 3.390.7 тэрбум төгрөг

-Улсын төсвийн хөрөнгө оруулалт 3.265.6 тэрбум төгрөг

-Төрийн албан хаагчдын цалин хөлс 3.049.8 тэрбум төгрөг

-Стратегийн цэвэр нөөц хөрөнгө, эргэж төлөгдөх цэвэр зээл 2.461.2

-Гадаадын зээл тусламж 1.780.0 тэрбум төгрөг

-Хүүхдийн мөнгө 1.562.7 тэрбум төгрөг

-Хүүгийн зардал 1.173.6 тэрбум төгрөг

-Бусад халамж 826.7 тэрбум төгрөг

Мэдээж төсвийн зардлаар дамжиж эдийн засагт тэлэлт үүснэ, төртэй холбоотой аж ахуй эрхэлдэг этгээдүүдийн бизнес томорно. Нөгөө талд төр нь хувийн хэвшлийнхээ өмнүүр орж, бизнес, үйлчилгээг нь хийсээр байна. Үүнийг олон улсын байгууллага, судлаачид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг шахан гаргах үзэгдэл гэж нэрлэж буй бөгөөд Монголд энэ үзэгдэл жил ирэх тусам нэмэгдэж байгааг Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачид анхааруулсан.

Засгийн газар 2024 онд ДНБ-ий 7 хувиар өснө гэж тооцож, ДНБ-ийнхээ 37 хувьтай тэнцэх зардалтай төсөв оруулж ирсэн. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хамгийн өндөр зардалтай төсөв. Ер нь улс төрийн сонгуулийн жилийн төсөв байнга тэлдэг. Тухайлбал, 2016 оны сонгуулийн жилийн төсвийн зардал ДНБ-ийн 40 хувь, 2020 оных 38 хувь, ирэх жилийнх 37 хувтай тэнцэхээр байгаа юм.

Төсвийн хэт тэлэлтээс үүдэлтэй төрийн худалдан авалт нь инфляц болон импортыг хамгийн их өдөөнө. Төсвөөр дамжиж эдийн засагт халалт үүсэх учраас Монголбанк хатуу бодлого буюу мөнгөний бодлогын хүүгээ чангална. Бодлогын хүү өндөр учраас бизнесүүдэд илүү үнэтэй зээл л олдоно. Үүний горыг иргэд хамгийн их хүртэнэ. Бизнес эрхлэгчид, аж ахуй эрхлэгчид арилжааны нөхцөлтэй өндөр хүү, өндөр инфляцаас "амьд гаргах”-ын тулд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнээ нэмнэ. Энэ нь хэрэглэгчид, иргэдэд дарамт болно. Монголд төсвийн тэлэлт ийм л үзэгдэл дагуулдаг.

Харин үе үеийн Засгийн газар, Сангийн сайд нар 2013 онд баталсан Төсвийн тогтвортой байдлын тухай хуульдаа захирагдсан төсөв оруулж ирж, УИХ нь хуульдаа нийцсэн төсөв баталдаг байсан бол Монголын өр багасч, хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалт томорч,  эдийн засгийн бодит өсөлт ярих боломжтой л байсан. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд төсвийн орлогыг тэнцвэржүүлсэн журмаар тооцох бөгөөд гол түүхий эдийн сүүлийн 20 жилийн дундаж үнийн таамаглалыг ашиглана гэж заасан. Мөн төсвийн зарлагын өсөлт тухайн жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлт болон сүүлийн 12 жилийн эрдэс баялгийн бус ДНБ-ий өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байхаар заасан. Энэ хоёр гол заатыг үе үеийн Засгийн газар огт хэрэгжүүлээгүй. Дандаа ойрын жилийн нүүрс зэсийн үнэ, биет хэмжээндээ найдаж төсвөө өөрдөг төсөвлөж иржээ. Дээр нь төсвийн алдагдал нь ДНБ-ийн хоёр хувиас илүүгүй байна буюу аль болох алдагдалгүй төсөв батал гэсэн заалтыг огт хэрэгжүүлдэггүйгээс Засгийн газрын өр, гадаад зээл тусламж хоёр дахин өссөн.

Цаашдаа огт хэрэгжүүлдэггүй Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, зөвлөмж чиглэлийг нь сонсдоггүй Төсвийн тогтвортой байдлын зөвлөл ажиллах хэрэг байгаа юм уу даа!

 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.