Шинэ сэргэлтийн төсвийн онцлох гурван агуулга
Ирэх оны улсын төсвийн төсөл эдийн засгийн салбарт гол сэдэв болоод байна. Өнгөрсөн долоо хоногт 2022 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан юм. Цар тахлаас шалтгаалсан эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд боловсруулсан төсөв гэдгээрээ энэ удаагийнх нэлээд онцлогтой.Тиймээс Засгийн газраас ч эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боловсруулсан гэдгийг удаа дараа онцлоод байгаа юм. Тэгвэл Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өргөн барьсан 2022 оны улсын төсвийн төсөлд тусгагдсан онцлох гурван бодлогыг тоймлож байна.
ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙГ БЭХЖҮҮЛЭХ ХӨГЖЛИЙН ТӨСӨВ
ДУНДАЖ ДАВХАРГЫГ ДЭМЖИХ ТӨСӨВ
Хуримтлалын сангийн тогтолцоонд үе шаттай шилжин орох зорилтын хүрээнд "Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Уг хөтөлбөр хэрэгжсэнээр эрдэс баялгаас төвлөрүүлсэн орлогыг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах зарчмаар хүүхэд багачууддаа хуримтлалын данс үүсгэж, ирээдүйд зарцуулах боломжийг бүрдүүлнэ.
Өнөөдөр манай улсын 2.7 сая иргэд ямар нэг хэлбэрээр халамжийн сангаас тэтгэмж авч байна. Энэ нь Монгол Улсын төсвийн 30 орчим хувийг бүрдүүлж байна. Тиймээс халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг үе шаттай хэрэгжүүлэхээс өөр гарцгүй юм. Хамгийн сайн халамж бол чанартай ажлын байр гэдэг зарчмын дагуу хөдөлмөр эрхлэх чадвартай, орлого багатай иргэдийг ажил эрхлэлтээр дэмжихэд чиглэсэн Халамжаас-хөдөлмөрт шилжих цогц шинэчлэл хийнэ. Цар тахлын үед зүрх судас, амьсгалын тогтолцоо, хавдар, хоол боловсруулах эрхтний суурь өвчлөл, нас баралтын эрсдэлийг нэмэгдүүлж байна. Эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн санхүүжилтийн тогтолцооны шинэчлэлийг гүнзгийрүүлж, иргэн бүр жил бүр эрүүл мэндийн бүрэн оношилгоонд хамрагдах тогтолцоонд 2022 оны төсвийн жил шилжинэ. Чанартай боловсролыг хангах зорилгоор Боловсролын салбарын шинэчлэлийн багц хуулийг өргөн бариад байгаа бөгөөд цахим боловсрол, үр дүн, гүйцэтгэлд суурилсан шинэчлэлийг мөн 2022 оны улсын төсөвт тусгажээ.
ХОТ ХӨДӨӨГИЙН ХӨГЖЛИЙН ЗОХИСТ ТЭНЦВЭРИЙГ ХАНГАНА
2022 онд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх цогц арга хэмжээнд зориулж 420 тэрбум төгрөгийг улсын төсөвт татан төвлөрүүлэхгүйгээр нийслэл хотын төсөвт үлдээсэн.
Мөн Богдхаан уулыг тойрсон төмөр замын бүтээн байгуулалт, Шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн Хөшигийн хөндийн эдийн засгийн бүсийн дэд бүтцийн асуудал, нийтийн тээврийн шинэлэг шийдэл болох баганан тулгуурт тээврийн хэрэгслийн бүтээн байгуулалт, Нийслэл Улаанбаатар хотыг тойрсон хурдны замын ажлууд ирэх жил эхэлнэ гэв. Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийн асуудал бол хөдөөгийн хөгжлийн түвшин тааруу байгаатай шууд холбоотой. Тиймээс хот хөдөөгийн тэнцвэрийг хангах зорилгоор шаталсан санхүүгийн тогтолцоо, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг эдийн засгийн төслүүдтэй уялдуулах, Дарханы арьс ширний цогцолборын ажлыг эхлүүлэх зэрэг томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг хийхээр тусгажээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.18 Даваа № 204 (6681)