Хуулиа чангалъя: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН "ШҮГЭЛ" чинь хаана дуугарав

185

Хуулиа чангалъя: ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН "ШҮГЭЛ" чинь хаана дуугарав

 

Нийгэм даяараа түгшсэн өдрүүд ойр ойр тохиох боллоо. Хүүхдийн аюулгүй байдлыг хариуцах тогтолцоо чангалах ёстойг ойрын өдрүүдэд болсон үйл явдлаас тодоос тод харагдлаа. Өмнө нь ч иргэд цөөнгүй л хэлж байв. Гэсэн хэдий ч хүүхдийн төлөө төрд суугаа эрх мэдэлтнүүдээс дуугарах хүн алга. Шүгэл яриад өнөөх нь ажиллахгүй түмний доог болсон. Тэгвэл өнөөдөр тэр санаачилсан төслийн чинь шүгэл хаана дуугарав гэж УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаас асуумаар байна? 

 

Уг нь хүүхэд гэр бүл хүчирхийлэлд өртөх юм бол шүгэлээ үлээж дохио өгнө гээд яриад удаагүй байгаа юмсан. Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар гээд 8 тэрбумын төсөвтэй том агентлаг байгаа хэдий ч бодит амьдрал дээр хийж буй ажил алга. Жишээ татахад, Дорноговь аймагт алга болоод байгаа охин гэрийнхээ хажууд байрлах сургуульд суралцаж байв. Гэтэл тус сургуулийн хүүхдүүд байрандаа багтахгүй болсны улмаас гэрээсээ хол хичээлдээ явах болжээ. Ангиараа гэрээсээ хол 4 км зайг туулж очдог сургуулийн байранд шилжин очсон байгаа юм. Тэгвэл энэ хугацаанд хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад бага ч гэсэн тус болох Хяналтын төвийн камерууд яагаад ажиллахгүй байхад хэн ч анхаараагүй вэ? энэ асуултад хариуцсан хүмүүст нь зохих хариуцлагыг үүрүүлэх ёстой. Бүрэн камержуулсан хяналтын төвтэй хэрнээ зургаан сарын турш камерууд нь ажиллаагүй байхад хэн ч мэдээгүй байна гэж байхгүй. Ерөөсөө л төрийн байгууллагуудын ажил хэрэгжих шатандаа хугацаа маш ихээр алддагийн тод жишээ энэ. Өнөөдөр тус камерууд ажиллаж байсан бол охиныг хайх эрлийн ажиллагаанд хүндрэл учрахгүй байх байлаа. 

 

Манай улсад хүүхэдтэй холбоотой бүх төрлийн хэрэгт өгөх хуулийн хариуцлагыг чангалах хэрэгтэй байна. Өнгөрсөн долоо хоногт Дорнод аймгийн Хэрлэн сумын II багт 7 настай хүү алга болсон хэрэг гарсан. Хүүг амьд мэнд олдоосой гэж ээж бүхэн залбирч байсан ч нас барсан байдалтай олдсон харамсалтай үйл явдал болоод удаагүй байхад дахин хүүхэд алга болж гуравдахь өдрөө эрэн хайсаар буй. 

Улс төрчид өөрсдийн талаар нь ярьж бичихээр нүд, чихээ сортолзуулаад хариу өгч хэвлэлийн бага хурал зарлаж сүйд болдог. Тэгвэл хүүхэд алга боллоо гэхэд дуугарч байгаа ч улстөрч алга. Өнөө 8 тэрбум төсөвтэй данхаасан агентлаг бүүр ч таг, Яагаад?.  Тэд зүгээр л хүүхдийн нэрийг барьж шоу пиараа хийдэг гэхэд хилсдэхгүй. Учир нь хүүхдүүд сонгууль өгдөггүй болохоор тэд тоодоггүй хэмээн олон иргэд бухимдаж сууна. 

Хэрвээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, аймаг, дүүргийн Засаг дарга нар, хүүхдийн эрхийн төлөөх байгууллагынхан одоо л хүүхэд хамгаалах ажлыг эрчимтэй эхлүүлж хяналтаа олигтойхон хийж байвал цөөхөн түмний үрс цаг бусаар эндэхгүй байх бүрэн боломжтой байв.

 

Улсын хэмжээнд ажиллаж буй түр хамгаалах 34 төв гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоор дүүрсэн байна гэдгийг ГБХЗХГ-ын ажилтан өчигдөр ярилаа.  Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ намрын чуулганаар орохоор болсон. Уг шинэчилсэн найруулгад сум, хороо болгон гэр бүл, хүүхэд хариуцсан нийгмийн ажилтантай байхаар тусгагджээ. 21 аймаг есөн дүүрэгт гэр бүл хариуцсан хэлтсүүд ажиллаж байгаа боловч мэргэжлийн нийгмийн үйлчилгээ үзүүлдэг боловсон хүчин дутагдалтай байгаа учир уг өөрчлөлтийг оруулахаар болсон байна. Хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлбэл хороо, сум бүрд хүүхэд хамгааллын үйл ажиллагааны чанар хүртээмж сайжирна гэж харж байгаа аж. Тэгвэл энэ хуулиа шинэчилэхдээ хатуухан хуулийн хариуцлага үүрэх заалтуудыг чангалаад өгчих. Энд хүүхэд алга болох асуудлаас гадна зам тээврийн ослоор маш олон хүүхэд эндэж буй ч хамраалтай. Хамгийн сүүлийн тоо баримтыг сөхөхөд, Нийслэлийн хэмжээнд 2023 оны есдүгээр сарын 01-21-нийг  хүртэлх хугацаанд нийт 38 хүүхэд зам тээврийн осолд өртжээ. Үүнд явган зорчигчоор 26 хүүхэд, зорчигчоор 4 хүүхэд, насанд хүрээгүй тээврийн хэрэгсэл жолоодсон 4 хүүхэд, унадаг дугуйтай 4 хүүхэд гэмтсэн бол нэг хүүхэд амь насаа алджээ.

 

УИХ дахь хүчирхийллийн эсрэг лобби бүлэг болон УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс гэр бүлийн тухай хуулийг батлуулах, хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар нэн яаралтай хэлэлцүүлэх, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийг хэлэлцүүлнэ. Мөн хүчирхийлэлтэй тэмцэж байгаа нийгмийн ажилтнуудын эрхзүйн орчин огт хангалтгүй байгаатай холбоотой нийгмийн ажлын тухай хуулийг батлуулах, архидан согтуурч хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хохироосон хэргүүдэд эрүүгийн хуулийг чангатгахаар ажиллаж байгаа гэдгээ дуулгасан. Тэгвэл улстөрчдөөс дээрх хуулиндаа яаралтай өөрчлөлтөө хийхийг шаардъя.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.