Месси, Хэмилтон нар оны шилдэг тамирчнаар тодорчээ
БЕРЛИН. /TASS/. Аргентиний хөлбөмбөгчин Лионель Месси, "Формула-1" уралдааны британи нисэгч Льюис Хэмилтон нар дэлхийн спортын "Лауреус" академийн /Laureus World Sports Academy/ оны шилдэг тамирчны шагналыг хүртжээ. Шагнал гардуулах ёслол даваа гарагт Берлин хотод болсон байна.
Месси энэхүү шагналыг хүртсэн анхны хөлбөмбөгчин болсон байна. 2018/19 оны улирлын тоглолтод тэрбээр "Барселона" багийн бүрэлдэхүүнд Испанийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бөгөөд 36 гоол оруулж шилдэг довтлогч болсноос гадна, Аваргуудын лигийн аварга болжээ. Месси клубүүдийн дундах тэмцээнүүдэд нийтдээ 51 гоол оруулж, “Алтан гутал” шагналыг хүртсэн байна. Өдгөө 32 настай довтлогч Аргентины шигшээ багийн хамт Америкийн цомын тэмцээнд гуравдугаар байранд оржээ. Тэрбээр 2019 онд "Алтан бөмбөг" шагнал хүртсэн юм.
Хамильтон "Формула 1" автомашины уралдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өнгөрсөн улиралд карьерынхаа хугацаанд зургаа дахь удаагаа дараалан ялагч болсон байна.
Оны шилдэг эмэгтэй тамирчны шагналыг дэлхийн аваргын тэмцээнээс таван алтан медаль хүртсэн, Америкийн гимнастикчин Симон Байлз хүртжээ.
Мөн сэлүүрт завь, цана, биатлоны төрлөөр хичээллэдэг, паралимпийн найман удаагийн аварга Америкийн тамирчин Оксана Мастерс, 2019 оны “Тур де Франс” олон өдрийн дугуйн уралдааны ялагч Колумбын тамирчин Эган Берналь, Энэтхэгийн крикетийн тамирчин Сачин Тендулкар, Германы нисэгч София Флёрш, ӨАБНУ-ын регбигийн шигшээ багийн тамирчин, өнгөрсөн улирлын тоглолтын төгсгөлд зодог тайлсан Германы сагсанбөмбөгчин Дирк Новицки нарт тусгай шагнал гардуулсан байна.
"Лауреус" шагналыг олон улсын “Founding Patrons Daimler” болон “Richemont” сан 1999 онд хэд хэдэн ерөнхий түншүүд болох дэлхийд алдартай компаниудын оролцоотойгоор бий болгожээ. Шалгаруулалтын эхний шатанд нэр дэвшигчдийг спортын сурвалжлагчид тодруулдаг бол дараа нь академийн 50 гишүүний дунд санал асуулга явуулснаар шилдгүүдийг шалгаруулдаг байна.
Эх сурвалж: МОНЦАМЭ