Н.Номтойбаярыг хорьсон шүүхийн тэмдэглэл ба шүүгч Д.Ренченхоролын ширээнээс гарсан бэлэн шийдвэр

1 058

Хууль гууль боллоо гэж бид их ярьдаг. Хууль гууль болдог нь үнэн аж. Гэхдээ хуулийг биелүүлэх үүрэгтэй жирийн иргэдэд энэ хамаагүй. Чадахгүй. Харин хуулийг хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг эрх бүхий хууль шүүхийн байгууллагын зарим нэг нөхдөөр дамжиж хууль гууль болдог ажээ. Тод жишээг сонгууль эхэлснээс хойш СЕХ-ны бүрэн эрхэнд халдаж, нэр дэвшигчийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргаж, түүнийгээ баталгаажуулж суугаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх харууллаа. 

СЕХ-ноос бие дааж нэр дэвшүүлэхээр зарлаж, нэр дэвшигчийн үнэмлэхээ “гардсан” Н.Номтойбаярыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол цагдан хорьж байна. Д.Ренченхоролын шийдвэртэй холбоотой хуулиудын зөрчлийг энд ярихгүй. Яриад ч нэмэр алга. Бас утгагүй. Учир нь Д.Ренченхорол шүүгчийн гаргасан шийдвэр хуулийг бариагүй, зүгээр л “дарга”-ын даалгаврыг гүйцэтгэхийн тулд шүүхийн тамга, шүүгчийн алхыг ашиглаж хүчирхийлэл үйлдсэнийг Баримттай ярья.

Шүүгч Д.Ренченхорол 2020 оны тавдугаар сарын 28-нд Н.Номтойбаяр нарын асуудлаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана” гэж заажээ. Үүнд нь “өмгөөлүүлэх эрх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг томилох, өөрчлөх, хүсэлт, эрүүгийн хэргийг түдгэлзүүлэх, прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг төлөх, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх, яллагдагч, хохирогч нар сайн дураараа эвлэрэх, шүүх хуралдааны товын талаар, шүүх хуралдааныг хаалттай явуулах, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг 17 гомдол хүсэлтийг хэлэлцдэг байна. Эднээс яг ямар асуудлыг хэлэлцэхээс шүүгч, шүүгдэгч талынхан харилцан мэдэлцсэн байх учиртай.

Н.Номтойбаяр шүүх хурал дээр шалгагдаж буй хэргийг талаар дээрх хуульд заасны дагуу “Хуулийн дагуу эрхээ эдэлмээр байна. Мэдүүлгээ өгмөөр байна. Нотлох баримтаа Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд гаргаж өгмөөр байна. Ийм боломжийг олгож өгөөч” гэсэн хүсэлт гаргажээ. Мөн тэрбээр “Анхнаасаа үндэслэлгүйгээр яллагагчаар татсан. Дараа нь үндэслэлгүйгээр миний УИХ-ын бүрэн эрхийг түдгэлзүүлэх оролдлогыг хийсэн. Ерөнхий прокурор УИХ-ын 2020 оны нэгдүгээр сарын 13-нд миний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэж худал мэдээлэл өгсөн. Үндсэн хууль зөрчсөн. УИХ-ын Дэгийн тухай хууль зөрчигдсөн гэх мэт маш олон асуудал бий болсон. Энэ бүгдтэй би өөрөө жирийн иргэн болж байгаа хуулийн шударга байдал, хууль хэрэгжүүлэгч цагдаа, АТГ, мөрдөгч, прокурор, эрхэм шүүгч та хэдийн шударга байдалд найдаж өөрийнхөө хүсэлтээр бүрэн эрхээс чөлөөлөгдсөн. УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх өргөдлөө хүртэл гаргаад явсан. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад миний зүгээс саад учруулсан зүйл огт байхгүй. Тэрийг ч Нийслэлийн прокурор шалгаж үзээд” гэхэд нь шүүгч Д.Ренченхорол “Одоо ийм юмны тухай ярихгүй ээ” гээд шууд Н.Номтойбаярыг цагдан хоррих асуудлыг гаргаж ирсэн байна. 

Тэгэхэд нь Н.Номтойбаяр “Нэр дэвшигчтэй холбоотойгоор бол СЕХ-ны тогтоол гарсан. Зургадугаар сарын 2-нд баяр ёслолын байдалтай, 9:00 цагт сонгуулийн сурталчилгааны ажил эхлүүлэхийг хүлээж байгаа. СЕХ-ны тогтоол бол эцсийнх” гэхэд шүүгч Д.Ренченхорол “Энэ асуудлаар СЕХ-нд хандъя, тийм үү, ойлгосон уу” гэжээ.

Харин Н.Номтойбаярын өмгөөлөгч нар “Бид одоо хүсэлтээ өгөөд шийдвэрлүүлж болох уу. Тэгэхгүй бол процессын алдаатай шүүхийн шийдвэр болчих гээд байна”, “Шүүх хурлыг товлох нь тодорхой. Гэхдээ сая үүссэн нөхцөл байдлын тухайд Н.Номтойбаяр зургадугаар сарын 2-нд нэр дэвшигчийн үнэмлэхээ авна. Тэгэхлээр 25-ныг хүртэл шүүх хурал болохгүй нөхцөл үүсчхээд байна. Тиймээс энэ олон хүмүүсийг ийш тийш нь авч явж байхын оронд шүүх хурлыг зургадугаар сарын 26, 27-ны өдрөөс хойш товлох шаардлагатай” гэсэн байна. Өмгөөлөгч нарын саналд шүүгч Д.Ренченхорол “Энэ асуудлаар СЕХ-нд хандаж, хүсэлт байвал бичгээр гаргана биз” гэсэн хариулт хэлжээ. Өмгөөлөгч нар нь “Тэгэхлээр цагдан хорионы асуудал яах вэ шүүгч ээ. Шүүх СЕХ-нд хандах учраас...” гэхэд шүүгч Д.Ренченхорол “Тийм, одоо хандана шүү дээ. Тэгээд СЕХ боломжгүй ээ, зөвшөөрөл өгөхгүй гэвэл би гаргасан шийдвэрээ өөрчлөх юм уу, тийм шийдвэр гарна шүү дээ” гэж, ингэхэд нь өмгөөлөгч нар нь “Уг нь бол гаргахаасаа өмнө зөвшөөрөл авах ёстой шүүгч ээ. Хуульд тэгж зааж байгаа. СЕХ-ны даргаас зөвшөөрөл авч байж энэ асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэргийн оролцогчдоос хэн нь ч хүсэлт гаргаагүй. Одоо шийдвэрлэж өгөөч гээд л хүсээд байна. Шүүх СЕХ-ноос одоо асууя. Гаргасныхаа дараа асууна гэдэг чинь хууль зөрчинө” гэж тайлбарлажээ. Гэвч шүүгч Д.Ренчехорол “Үгүй ээ, цагдан хориог шийдчихсэн. Шийдвэр гаргачихсан. Би больё гээд больж болохгүй шүү дээ. Тэгээд одоо СЕХ-ноос асууя.” гээд энэ асуудлаар үдээс хойш нь хуралдахаар болоод хуралдааныг завсарлуулж алхаа тогшсон байгаа юм. Дараа нь юу болсныг бид мэднэ.

Энэхүү шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гээчийн үеэр Н.Номтойбаяр, түүний өмгөөлөгч нар, шүүгч Д.Ренченхорол нарын дээрх ярианаас маш ноцтой хоёр зүйлийг анхаараарай. Шүүгч Д.Ренченхорол нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг зарлан хуралдуулсан атлаа асуудлыг хэлэлцэлгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг зөрчсөн. Хамгийн ноцтой нь шүүгч Д.Ренченхоролын Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр нь шүүх хурлаас өмнө гарчихсан, магадгүй бичиж бэлдээд ширээндээ хийчихсэн байх магадлал өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг гээчийг зөвхөн Н.Номтойбаярыг цагдан хорихын тулд зарлан хуралдуулсан болж таараад байна.  


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.