ТӨХК-иуд өвөлд бэлэн үү

261

ТӨХК-иуд өвөлд бэлэн үү

 

Монгол Улсын эдийн засгийг нуруундаа үүрч буй төрийн өмчит компаниудын үйл ажиллагаа доголдолгүй хэвийн явагдаж байж төсөв бүрдэнэ.

Наадмын дараа намар гэдэг. Тэгвэл төрийн өмчит компаниуд өвөлдөө бэлэн эсэх, тулгамдсан асуудал юу байгааг хамтатган толгой компани “Эрдэнэс Монгол”-д тайлагналаа.

“Эрдэнэс Монгол” төрийн өмчит компаниудыг нэгдсэн удирдлагаар хангаж, тэдний жаргал зовлонг сонсох үүрэгтэй. Мөн болж бүтэхгүйг нь Засгийн газарт “өргөн” мэдүүлэх бүрэн эрхтэй учраас харьяа компанийн удирдлагууд ний нуугүй дэлгэрэнгүй яриа дэлгэв. Нэгдэл хагас жилийн хугацаанд нийт өрийн хэмжээг 500 тэрбум төгрөгөөр бууруулснаар  төрийн өмчит компаниудын өр 7.8 их наяд төгрөг болжээ.

Ерөнхий дүнгээр “Эрдэнэс Монгол” нэгдлийн эргэлтийн хөрөнгө 1.6 их наядаар нэмэгдсэн бол борлуулалтын орлого 6.9 их наядаар өссөн үзүүлэлттэй гарчээ. Гэхдээ анхаарах асуудал ч байна. Хэдийгээр компаниудын үнэлгээ өндөр гарсан ч “Эрдэнэт үйлдвэр” худалдан авах ажиллагааны төлөвлөгөө муу, “Дархан төмөрлөг” тээвэр ложистик хүндрэлтэй, “Цемент шохойн үйлдвэр” цементийн борлуулалт тааруу, Багануур, Шивээ-Овоо ХК нийгмийн хариуцлагаас шалтгаалан алдагдалтай ажиллаж байгааг “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлэв. Тэд өвөлд бэлэн эсэхийг хүргэе.

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон: АМНАТ ҮНДЭСЛЭЛГҮЙ НЭМЭЛТ ЗАРДАЛ БИЙ БОЛГОЖ БАЙНА

-Хоёрдугаар хагас жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөндөө 20 сая тонн хүдэр олборлож, 18.3 сая тонныг боловсруулахаар ажиллаж байна. 2023 онд үйлдвэрлэлийн үндсэн гол үзүүлэлтийн төлөвлөгөөг 100.5-100.8 хувиар биелүүлэх зорилт тавьсан. Түүнчлэн, энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 3.9 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж төлөвлөгөөг 102.2 хувиар биелүүлэхийн зэрэгцээ, улс, орон нутгийн төсөвт 1.7 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэн ажиллах төлөвтэй байгаа. Эдийн засгийн үзүүлэлт, үйлдвэрлэл хийгээд төлөвлөгөөний биелэлтээ давуулан биелүүлсэн ч үйл ажиллагааны бодит байдал, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд, төсөл хөтөлбөрийг дагасан тулгамдсан асуудлууд бий. Тухайлбал, зэс, молибдены баяжмалын дагалдах элементэд АМНАТ тооцож буй нь “үндэслэлгүй нэмэлт зардал”-ыг бий болгож, төлбөр их хэмжээний зөрүүтэйд тооцогдож байна. Цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх, үйлдвэрлэж буй эрчим хүчээ өөрийн өртгөөс бага үнээр нийлүүлж, түүнээс өндөр үнээр худалдан авах, үйлдвэрийн техникийн бодлоготой уялдуулах техник тоног төхөөрөмж худалдан авахад хүндрэлтэй байдаг.

 

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийн дарга Г.Дугаржав: СҮҮЛИЙН ЕСӨН ЖИЛД ХИЙГЭЭГҮЙ ИХ ЗАСВАРЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭЭ

-“Манай үйлдвэрийн хувьд 20 хоногийн буюу 110 мянган тонн дизель түлшний нөөцтэй байна. Энэ бол хангалттай. Бидэнд хуримтлагдсан цалингийн өр байхгүй буюу цэвэр ашигтай ажиллаж байгаа. Татвараа төлсний дараа бид хагас жилийн байдлаар 12.2 тэрбумын ашигтай ажилласан. Түүнчлэн үйлдвэрийн хэмжээнд сүүлийн есөн жилд хийгээгүй их засварын ажлыг хийж байна. Энэ бол манай өвөлжилтийн бэлтгэл ажлын гол хэсэг. Төрийн өмчит компаниуд нэгдэл болж ажилласнаар манай үйлдвэрийн хувьд л гэхэд “Эрдэнэт үйлдвэр”-т жилд нийлүүлэх ган бөмбөлгийн хэмжээг жил бүр нэмэгдүүлэх боломжтой болж байна. Ингэснээр манайх импортыг орлоод эхэлчихлээ. Бид одоогийн байдлаар 250 мянган тонн төмрийн баяжмал экспортлоод байгаа. Тэгэхээр борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлэх бүрэн боломжтой. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 116 ажил хийхээр төлөвлөсөн.

 

“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар: ШОХОЙН ШИНЭ ҮЙЛДВЭР БАРИХ ТӨСЛИЙГ ДЭМЖСЭН

-“Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийн хувьд цемент үйлдвэрлэлээс гадна Монгол Улсын эдийн засагт стратегийн ач холбогдолтой “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийг хөвүүлэн баяжуулахад ордог гол түүхий эд болох технологийн шохой нийлүүлдэг. 2023 оны эхний хагас жилд нийт 22.3 мянган тонн шохой үйлдвэрлэж, төлөвлөгөөний биелэлт 96.3 хувьтай байна. Үйлдвэрлэлийн тухайд, 2023 оны эхний хагас жилд төлөвлөгөөний гүйцэтгэл 86 хувь, биелэлт 77 хувь байна. Толгой компаниас барилгын материал үйлдвэрлэлийн төв болох концепц болон Шохойн шинэ үйлдвэр барих төслийг дэмжихээ илэрхийлж, нөөц бололцоогоо ашиглан тогтвортой өсөлтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Мөн цалингийн асуудлаар ажилчдаас сэтгэл ханамжийн судалгаа авахыг ТУЗ-ийн гишүүд зөвлөсөн. "Эрдэнэс Монгол" нэгдэл нь охин, харьяа компаниуддаа шаардлага тавих, хянах гэхээсээ аль болох менежментийн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, гүйцэтгэлд цаг хугацааны болон чанарын өсөлт гаргаж хамтран ажиллахыг зорьж байгаа гэж ойлгож байна.

 

“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал: ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛД  53.2 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨСӨН

Компанийн 75 хувийг төр буюу “Эрдэнэс Монгол” эзэмшдэг. “Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл хэвийн. Талаас илүү хувьтай байна. Өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд 28 төрлийн ажлыг 53.2 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх төлөвлөгөө гаргасан. Хил гааль, түлш шатахууны үнэ тогтвортой байгаа. Бидний тооцоолсноор төсөвт манай компанийн нэг ажилтан 40 сая төгрөгийн баялаг бүтээн хувь нэмэр оруулж байгаа ч хүний нөөцтэй холбоотой тулгамдсан асуудал бий. Өнгөрсөн онд 75 ажилтан ажлаас чөлөөлөгдсөн байна. Орон сууцны зээлд хамрагдах хүсэлтэй мянга шахам хүн бий. Шийдвэрлүүлэх бас нэг асуудал нь нүүрсний үнийг хамгийн багадаа 5500 төгрөгөөр нэмэгдүүлэх, цаашид үнийг индексжүүлэх шаардлагатай байгаа. Мөн эрчим хүчний нүүрс нийлүүлж буй уурхайнуудад татаас өгөх боломжийг нээх хэрэгтэй.

 

С.УЯНГА

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.