Бие даан нэр дэвшигч Б.Баярмагнай: Мөрийн хөтөлбөртөө олон шинэлэг бөгөөд гадны сайн туршлагуудыг шингээсэн
Сонгуульд нэр дэвшигчид сонгогчдын саналыг авахын тулд янз бүрийн л амлалтууд өгдөг. Харин сонгогчдын хувьд Мөрийн хөтөлбөр хэмээн нэрлэгдэх тэрхүү амлалтууд бодит байдалд нийцэж, амьдралд хэрэгжих боломжтой эсэх нь чухал. Тэгвэл УИХ-ын сонгуулийн 23-р тойрог, Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшигч Хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнайгийн Мөрийн хөтөлбөртэй товч танилцъя. Тэрээр дэлхийн өндөр хөгжилтэй, бас дайны хөлд нирвэгдсэн аль аль улс оронд нь ажиллаж байсан тул түүний яриаг ийнхүү онцлон хүргэж байна.
-Энэ удаагийн сонгуульд өрсөлдөгчдийн Мөрийн хөтөлбөрт цоо шинэ санаа бараг тусгагдаагүй байна гэж шүүмжлэлтэй хандах иргэд олон байна. Бие даагч таны Мөрийн хөтөлбөр юугаараа онцлог гэж та хэлэх вэ?
-Миний мөрийн хөтөлбөр ерөнхийдөө хувь хүн талаасаа би юу хийж чадах вэ гэдгээ багтаасан дөрвөн үндсэн хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт Монгол улсын хэмжээнд, хоёрдугаарт Улаанбаатар хотын хэмжээнд, гуравдугаарт Баянзүрх дүүргийн хэмжээнд, дөрөвдүгээрт ... дугаар хорооны хэмжээнд гэсэн дөрвөн хэсэгт 13 асуудлыг хөндсөн. Маш олон шинэлэг бөгөөд гадаад улс орны санаа, туршлага авахуйц зүйлийг оруулсан байгаа. Хэдийгээр дөрөвхөн чиглэлийг хөндөж байгаа юм шиг боловч дотроо салбарлаад нийгмийн бүхэл хүрээ, давхаргыг хамарч байгаагаараа онцлогтой.
-Та гадны туршлагаас авч нутагшуулах тухай ярьлаа. Таны мөрийн хөтөлбөрийг таны ажил, амьдралын туршлага дээр үндэслэсэн гэж ойлгож болох уу?
-Би дэлхийд хөгжлөөрөө тэргүүлдэг АНУ, Япон, Швейцарь улсуудад мэргэжил дээшлүүлж, олон ч оронд ажиллаж байсан. Мөн эсрэгээрээ Ирак, Афганистан, Косово, Сьерра-Леон улсуудад энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багаа удирдан оролцож явсан хүний хувьд ард түмэн нь тартагтаа тултал ядарч туйлдсан улс орныг нүдээрээ харж, бие сэтгэлээрээ мэдэрсэн. Тэгэхээр хөгжих үү, үгүйрэх үү гэдэг сонголтын ирмэгт ирж буй энэ улс орондоо өөрийн үзэж туулсан туршлагадаа тулгуурлаж чадлынхаа хэрээр хувь нэмрээ оруулъя гэж бодох болсон юм. Мөрийн хөтөлбөр маань ч энэ бүхэнтэй уялдаа холбоотой гэж ойлгож болно. Товчхондоо өмнө нь хэлсэнчлэн гадны сайн туршлагуудыг эх орныхоо онцлогт нийцүүлэн Мөрийн хөтөлбөртөө тусгахыг хичээсэн байгаа.
-Намуудыг анзаарахад цалин хангамжийг нэмэгдүүлнэ гэдэг урьдын амлалтууддаа тоог нь нэмсэн байдлаар амлалт өгч байгаа харагдаж байна. Танд үүнээс гадна ямар санал, амлалтууд байна?
-Миний хувьд мөнгө, тоо амлахаас илүүтэй улс орны асуудлаас эхлээд айл өрхийн хэмжээнд хүртэл тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хууль, бодлогыг санаачлах, дэмжих, шийдвэрлэх гарц, гаргалгааны талаар Мөрийн хөтөлбөртөө тусгасан. Тухайлбал, Монгол улсын хэмжээнд хэрэгжүүлэх бодлогын тэргүүлэх асуудал бол үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах салбар. Энэ бол миний яг өөрийн бэлтгэгдсэн чиглэл учраас энэ талаар хэрэгжүүлэх ажлуудад, хуулийг түлхүү санаачлах салбарууд, дээрээс нь тусгаар тогтнолтой холбоотой бодлогыг хэрэгжүүлэхэд шууд манлайлах үүрэгтэй оролцох боломжтой. Бас нэг зүйлийг онцлон дуулгахад, химийн хорт бодис гэдэг зүйл монголчуудыг хорт хавдраар дэлхийд нэгдүгээрт жагсахад нөлөөлж байна. Яагаад би үүнийг шууд хэлж байна вэ гэхээр манай улсад батлагдсан химийн хор нь манай цэргийн химичдийн тооцооллоор 15 мянган хор байгаа боловч бидний итгэж найддаг Мэргэжлийн хяналтын багаж нь 6000 төрлийн хорыг л танидаг, харин үлдсэнийг нь бид мэдэхгүй идэж, хэрэглэдэг байна. Тэгэхээр үүнийг би мөрийн хөтөлбөртөө бас нэг гол асуудал болгож оруулсан.
Ажлын байрны асуудал манайд мөн л тулгамдсан асуудал болсоор шийдэж ч чадалгүй олон жилийг ардаа орхилоо. Тэгвэл ажилгүйдэл ядуурлын тухайд би цэвэр гадны зарчмыг оруулж ирье гэсэн бодол байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн тогтмол ажлын байр хүлээж, хайдаг байдлыг халж, цагийн, хагас өдрийн, оройн цагийн, амралтын өдрийн гэх мэтээр ажлын байрыг бий болгох замаар ажилгүйдлийг, үүнийгээ дагаад санхүүгийн асуудлыг ч тодорхой хэмжээгээр шийдэх боломжтой. Гэх мэтчилэн салбар, чиглэл бүрт хийх ажлууд өөрийн гэсэн онцлогтойгоор тусгагдсан байгаа. Надад хууль, бодлого боловсруулах бүрэн туршлага бий. Энэ талаар би сонгуулийн сурталчилгааныхаа энэ хугацаанд ард иргэддээ ч тодорхой танилцуулаад явж байна.
Мэдээж амжилттай хэрэгжиж байгаа бодлого, төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж, илүү боловсронгуй болгох тал дээр анхаарч хамтран ажиллах болно.
-Танд амжилт хүсье.
Ю.ХУЛАН
ТӨР.мн
ТӨР.мн