"Модун" ХХК хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчжээ
НМХГ-ын даргын 02-01/97 тоот “Нийслэлийн нутаг дэвсгэрт баригдаж буй барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн 21-р хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээний төвтэй, орон сууцны зориулалттай 9 давхар барилгын гүйцэтгэгч Модун ХХК-д төлөвлөгөөт хяналт шалгалт хийжээ.
Шалгалтаар барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн байна. Тодруулбал үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд байнга үйлчилж болох бүсийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх хаалт хамгаалалтаар, харин үйлдвэрлэлийн аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг дохио санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалтаар хашиж тусгаарласан байвал зохино гэсэн заалт, мөн барилгын талбайн ажлын байр нь үйлдвэрлэлийг аюулгүй гүйцэтгэх нөхцлийг бүрэн хангахад зориулагдан бэлтгэгдсэн байх ёстой гэсэн заалтыг тус тус зөрчсөн аж. Иймд Зөрчлийн тухай хуулийн 10.15 дах зүйлийн 1.2 дах заалтаар арга хэмжээ авч, илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай албан даалгавар хүргүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байгаа юм байна.