В.Зеленский: “Аюулгүй байдал бүрэн хангагдсаны дараа Украин НАТО-д элсэх нь гарцаагүй”

262

В.Зеленский: “Аюулгүй байдал бүрэн хангагдсаны дараа Украин НАТО-д элсэх нь гарцаагүй”

 

Дэлхийн 31 орныг эгнээндээ нэгтгэсэн Умард Атлантын цэргийн хүчний байгууллагын жил бүр болдог дээд хэмжээний уулзалт Литва улсын Вильнюс хотноо хоёр өдөр болж өндөрлөлөө. Гишүүн орнуудын удирдагчдаас гадна Украин, Швед зэрэг НАТО-гийн гишүүн болох эрмэлзлэлтэй улс орнуудын төрийн тэргүүд оролцсон энэ удаагийн уулзалтаар улс орнуудын төрийн тэргүүд юунд голлон анхаарсныг тоймлон хүргэе. 

Швед НАТО-гийн 32 дахь улс болно

НАТО-д элсэх хүсэлтээ өгөөд байгаа Швед улсыг Турк улс дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь энэ удаагийн дээд хэмжээний уулзалтын онцлох нэгэн үйл явдал болов. Долдугаар сарын 11-нд уулзалт эхлэхийн өмнөх өдөр Турк улсын Ерөнхийлөгч Т.Эрдоган Шведийн Ерөнхий сайд Ульф Крисстерсон нар НАТО-гийн тэргүүн Йенс Столтенбергийн хамт уулзсан нь тун ч нөхөрсөг уур амьсгалтай болжээ. Тиймээс ч энэхүү уулзалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж ноён С.Йенс “Ямартай ч Турк Шведэд ногоон гэрэл асаасан нь түүхэн алхам боллоо” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон байна. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан ч мөн Шведийн НАТО-д элсэх асуудалд саад болохгүйгээ мэдэгдсэн бөгөөд ингэснээр тус улс үндсэндээ гишүүн орнуудаас бүгдийнх нь дэмжлэгийг хүлээж авч чадсан байна. Швед улсын НАТО-гийн гишүүн болсныг албажуулах асуудал хэзээ гэдэг нь хараахан тодорхой болоогүй. Гэхдээ бүх гишүүн орнууд хүлээн зөвшөөрсөн учир Шведийг НАТО 32 дахь улс болгон хүлээн авахыг тэсэн ядан хүлээж байна гэж НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ. 

Украин НАТО-д элсвэл...

Украин улсыг НАТО-гийн гишүүн орноор элсүүлэх асуудлыг энэ удаагийн уулзалтаар хэлэлцэх нь тохиромжтой биш хэмээн ихэнх улс орнууд үзсэн бололтой. Ямартай ч НАТО-гийн уулзалтын өмнө Их Британид төрийн айлчлал хийсэн АНУ-ын ерөнхийлөгч  тохиромжтой бус хэмээн үзэж байгаагаа Английн Ерөнхий сайдад уламжилсан байдаг. Өөрөөр хэлбэл, уулзалтаас өмнө Украины асуудалд байр суурь нэгтгэх саналаа илэрхийлсэн гэсэн үг. Ази Европын аль ч бүсэд томоохон тоглогчийн үүрэг гүйцэтгэдэг Турк улсын хувьд ч Украины гэхээс илүү Швед, Европын холбооны асуудалд илүүтэй анхаарч байгаагаа уулзалтын өмнөх өдрүүдэд илэрхийлж байсан нь олон улсын агентлагуудын мэдээлж байснаас тод харагдана. 

Энэ удаагийн уулзалтад Украины ерөнхийлөгч В.Зеленский оролцсон юм. Тэрбээр “Аюулгүй байдал бүрэн хангагдсаны дараа Украин НАТО-д элсэх нь гарцаагүй” хэмээн мэдэгджээ. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден  “Украиныг бид бүх талаар дэмжиж байгаа учир НАТО-гийн гишүүн, үгүй нь одоогийн нөхцөлд тийм ч чухал биш гэдгийг ерөнхийлөгч В.Зеленский ойлгож байгаа байх” гэсэн байна. Украиныг НАТО-д шууд элсүүлэх нь бусад гишүүн орнуудад төвөгтэй үр дагавар авчирч болзошгүй учир хүлээзнэх нь дээр хэмээн уулзалтад оролцогчид үзсэн байна. 

ОХУ: НАТО хүйтэн дайны схем руу буцаж байна

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын талаар “Барууны орнууд Украинд аюулгүй байдлын баталгаа өгөх нь маш аюултай” хэмээн мэдэгдсэн. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яам “Дээд хэмжээний уулзалт нь НАТО "хүйтэн дайны схем" рүү буцаж байгааг харуулж байна” гэжээ. 

Дашрамд дурдахад, дээд хэмжээний уулзалт болсон Вильнюс хот нь Беларусын хилээс 430 км зайтай оршдог. Тиймээс ОХУ-ын ойрын түнш Беларусын хаяанд хуралдсан учир улс орнуудын удирдагчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангахад зохион байгуулагч Литва улс багагүй анхаарал хандуулжээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.