Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтын төгсөгчдөд гэрчилгээ гардууллаа

171
   Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтыг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс нийт 60 хоногийн хугацаанд танхим болон дадлага хосолсон хэлбэрээр зохион байгуулж, төгсөгчдөд өнөөдөр гэрчилгээ гардуулав. Энэхүү ёслолд Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Д.Мөнхбат, Хангамж үйлчилгээний хэлтсийн дарга С.Нэргүй, Шүүхийн захиргааны ажилтны сургалт, хөгжлийн асуудал хариуцсан референт Э.Батцэнгэл нар оролцож, төгсөгчдөд гэрчилгээ гардуулж, баяр хүргэлээ.
 

 
 
       Сургалт Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ийн санхүүжилтээр зохион байгуулагдаж, 48 эрх зүйч хамрагдсанаас 25 нь Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын төрийн захиргааны албан хаагч, 23 нь бусад оролцогч буюу их дээд сургуулийн төгсөгч нар байсан бөгөөд сургалтын хугацаанд бусад оролцогчдоос 18 эрх зүйч ажлын байраар хангагдсан байна.
 

 
       Энэ жилийн тухайд суралцагчдад Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдсан байх шаардлага тавьсан бөгөөд сургалтын явцад болон төгссөний дараа ажлын байраар 100 хувь хангах боломжтой байснаараа онцлог байлаа.  
       Сургалтыг шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтэн, судлаач, шүүх дэх дадлага сургалтыг тухайн шүүхийн шүүгч, Тамгын газрын ажилтнууд удирдан явуулж, шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүйн хэм хэмжээ, хэргийн хөдөлгөөний удирдлага, стандарт, эрүү, иргэн, захиргааны бүртгэл, хяналтын нэгдсэн систем зэрэг нийт 26 сэдвийн хүрээнд 80 цагийн танхимын сургалт хийлээ.
 

 
       Тус сургалтыг  2016 оноос хойш 8 дахь жилдээ зохион байгуулсан бөгөөд нийт 331 суралцагч амжилттай дүүргэж төгссөнөөс өнөөдрийн байдлаар 223 төгсөгч буюу 68 хувь нь шүүхийн захиргааны байгууллагад шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар ажиллаж байна.
 
 
 
ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.