Хиймэл оюун ухаанаар тоноглогдсон дрон оператор руугаа дайрчээ

262

Зэвсэгт хүчинд зориулагдсан хиймэл оюун ухааны технологийг турших, ашиглах үүрэгтэй Америкийн хурандаа Такер Хэмилтон Британийн Хатан хааны нисэхийн нийгэмлэгийн бага хурал дээр хиймэл оюун ухаанаар тоноглогдсон нисгэгчгүй онгоц газар дээрх пуужингийн системийг устгах даалгаврыг биелүүлэхийн оронд өөрийн оператор руу дайрсан талаар ярьжээ. 
Хурандаагийн хэлснээр, оператороо хорлохгүй байхаар программчлагдсан нисгэгчгүй онгоц операторт тушаал өгөх боломжийг олгодог холбооны төвийг устгасан байна.
Дараа нь АНУ-ын Агаарын цэргийн хүчний төлөөлөгч Хэмилтон туршилтын тухай ярихдаа алдаа гаргасан гэж мэдэгджээ. Бодит байдал дээр ийм туршилт хийгээгүй, харин компьютер дээр тооцоолсон виртуал хувилбар байсан гэж цэргийнхэн залруулжээ. Хэмилтон өөрөө ч мөн бага хурлыг зохион байгуулагчдад илгээсэн захидалдаа АНУ-ын арми "ийм туршилтыг хэзээ ч хийж байгаагүй" гэж тодотгосон байна.
Гэсэн хэдий ч виртуал орон зайд ч гэсэн ийм үйл явдал өрнөх магадлал нь мэргэжилтнүүдийг сэрэмжлүүлэв.
Болзошгүй аюул
Хиймэл оюун ухаантай холбоотой салбарын төлөөлөгчид сүүлийн үед хүн төрөлхтөнд учирч болзошгүй аюул заналхийллийн талаар улам бүр анхааруулсаар байгаа ч энэ салбарын олон мэргэжилтнүүд үүнийг хэтрүүлэг  гэж үзэх хандлагатай байдаг.
Хиймэл оюун ухааны гурван "загалмайлсан эцэг"-ийн нэг, Тьюрингийн нэр хүндтэй шагналын эзэн Канадын эрдэмтэн Йошуа Бенжио ВВС-д өгсөн ярилцлагадаа "миний бодлоор цэргийнхнийг хиймэл оюун ухааны технологи руу ойртуулж болохгүй" гэж мэдэгджээ.
Хиймэл оюун ухааны өөр нэг загалмайлсан эцэг, компьютерийн нэрт эрдэмтэн Жеффри Хинтон саяхан Google-ийг орхиж байгаагаа мэдэгдээд чатботуудад хиймэл оюун ухааныг ашиглах нь аймшигтай аюултай гэж мэдэгдэв.
Энэ тухай саяхны нээлттэй захидалд бизнес эрхлэгч Илон Маск, A"pple" компанийг үүсгэн байгуулагч Стив Возняк нар гарын үсэг зурж, хуурамч мэдээлэл тараахаас эхлээд хүмүүсийг ажилгүй болгох, соёл иргэншлийн хяналтаа алдах хүртэл хиймэл оюун ухаантай холбоотой олон төрлийн эрсдэлийг анхааруулжээ.
Эх сурвалж:ВВС
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.