Суданд гал зогсоох тохиролцоог сунгажээ

219

Суданд гал зогсоох тохиролцоог сунгажээ

 

Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчин гал зогсоох тохиролцоогоо дахин 72 цагаар сунгахаар болсноор пүрэв гарагт мэдэгдэв. "2023 оны дөрөвдүгээр сарын 27-ны пүрэв гаргийн оройн 12 цагаас эхлэн хүмүүнлэгийн түр эвлэрэл тогтоох хугацааг нэмж 72 цагаар сунгах талуудын саналыг зөвшөөрснөө мэдэгдэж байна" гэж шуурхай хариу арга хэмжээ авах хүчин “Twitter” хуудсандаа нийтэлжээ. Түр эвлэрлийг АНУ, Саудын Арабын талууд зуучилсан байна.

 

“Суданы арми болон шуурхай хариу арга хэмжээ авах хүчний гал зогсоох тохиролцоогоо 72 цагаар сунгах мэдэгдлийг бид сайшаан хүлээн авч байна. Зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох үүрэг амлалт өгч, хүмүүнлэгийн тусламжийг саадгүй хүргэх боломжийг бүрдүүлэхийг талуудад уриалж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгджээ.

 

Саудын Арабын Гадаад хэргийн яам мөн гал зогсоохоор болсон тухай мэдэгдлийг сайшаагаад, тохиролцоогоо “бүрэн хэрэгжүүлэхийг” уриалсан байна. Суданы арми мягмар гаргаас мөрдөж эхэлсэн гал зогсоох дэглэмийг сунгахаар тохиролцсон гэдгээ пүрэв гаргийн өглөө мэдэгджээ. Пүрэв гаргийн шөнө дунд хүртэл мөрдөгдөх байсан тохиролцоо нь мөргөлдөөнийг зогсоогоогүй ч иргэдэд аюулгүй газар луу дүрвэх, улс орнуудад нүүлгэх шилжүүлэх ажиллагаа явуулах боломжийг олгосон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр, Суданд зэвсэгт мөргөлдөөн хоёр долоо хоног орчмын өмнө эхэлснээс хойш 460 хүн амиа алдаж, 4100 гаруй хүн шархаджээ. Гэхдээ амь үрэгдсэн хүмүүсийн бодит тоо хавьгүй өндөр байж болзошгүй байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.