Өнөөгийн ардчилал ба дарангуйлал

301

Өнөөгийн ардчилал ба дарангуйлал

 

Дэлхийн ардчилал ба дарангуйллын талаар өрнөдийн нэгэн судлаач эрдэмтэн сонирхолтой илтгэл тавьжээ. Шведийн Гетеборгийн их сургуулийн эрдэмтэн судлаач Стаффан Линдберг илтгэлдээ дэлхийн 180 орны 4000 шинжээчийн шинэ дүгнэлтийг судалж тусгажээ.
Тэр бээр дүгнэлтдээ “Өнөөдөр дэлхий дахин бүхэлдээ ардчилсан хэвээр үлдсэн байгаа нь найдвар төрүүлж байна: Өнөөдрийн ардчиллын гүнзгийрэх явц тэртээх 1980 онд Зөвлөлт, Америкийн удирдагчид хүйтэн дайныг зогсоох асуудлыг шийдэж байсан үеийн түвшнээс өндөр байна” хэмээжээ. Гэхдээ ардчилалд аюул учирч, ардчилсан улсын тоо дэлхийд  хорогдох явдал ч ажиглагдаж байгаа юм байна. 
Өнөөдөр олон ажиглагчид тэр үеийн байдал ба өнөөгийн Украины дайн үеийн байдал хоёрыг ихэд харьцуулан судалж байна. Дэлхийд эдүгээ дараах 4 төрлийн дэглэм оршиж байна Үүнд: Хаалттай дэглэм, Дарангуйллын дэглэм, Хагас дарангуйллын дэглэм, Либерал ардчиллын дэглэм.
Судлаач цааш нь дүгнэхдээ дэлхийд дарангуйллын хаалттай дэглэм ардчилсан дэглэмийн тооноос давж гарахын зэрэгцээ  эдгээр дарангуйллын дэглэмийн улс дахь хүн амын тоо 2012 оноос эхлээд одоо хүртэл   46.0 хувиас  72.0 хувь хүртэл өсчээ.  
Сүүлийн 20 жилд дарангуйллын дэглэм ардчилсан дэглэмээс илт өссөн байна. Дэлхийн хүн амын 22.0 хувь буюу 2.2 тэрбум хүн дарангуйллын дэглэмтэй орнуудад, дэлхийн хүн амын 13.0 хувь буюу 1.0 тэрбум хүн ардчилсан орнуудад амьдарч байна. Ардчиллын замыг сонгосон орны тоо 14-өөр буурч, ардчилсан оронд амьдарч байгаа хүн амын тоо дэлхийнг хүн амын  2.0 хувийг эзэлж  байна. 1973 оноос хойш сүүлийн 54  жилд энэ тоо ийм бага болж буураагүй ажээ. Үг хэлэх эрх чөлөө сүүлийн жилүүдэд ихэд өөрчлөгджээ. Туйлшрах, худал мэдээлэл цацах, үг хэлэх эрх чөлөөнд халдах явдлууд сүүлийн жилүүдэд ихэд гарах болжээ.
2022 онд үг хэлэх эрх чөлөөний байдал  дэлхийн 35 оронд мууджээ. 10 жилийн өмнө дэлхийн 7 оронд л үг хэлэх эрх чөлөөний байдал муудаж байжээ. Хэвлэл мэдээллий хэрэгслэлд тавих улсын хяналт дэлхийн 47 улсад чангарчээ.  Иргэний байгууллагад тавих төрийн хяналт дэлхийн 37 оронд чангарчээ. Дэлхийн 30 оронд сонгуулийн чанар мууджээ.  
Өнөөгийн Орос орны байдал дэлхийн ардчилалд муу нөлөө үзүүлж байна. Орос улс 20 жилийн турш хуучин зөвлөлтийн бүгд найрамдах улсуудын ардчиллын явцыг зогсооход шууд нөлөөлж байв. Саяхан Украины эсрэг хийсэн Оросын түрэмгийлэл европт том дайн дэгдээхэд хүргээд байна. Украины дайн хийсний дараах Оросын ардчиллын индекс үзүүлэлт хамгийм доод үзүүлэлт 2021 онд 0.10 болтлоо унажээ. 2022 онд 0.007 болтлоо унажээ. Владимир Путины засаглалын үед дайны үед энэ үзүүлэлт хамгийн доод хэмжээнд унаж байв. Оросын хүний эрхийн байдал социализмын Брежневийн үеэс ч бүрмөсөн дорджээ. 
 
Путин ардчиллын эсрэг дараах хуулиудыг гаргаж ардчиллын үйл ажиллагааг бүрмөсөн боомилов. Үүнд: Худал мэдээлэл тараах явдлыг хориглох хууль, цэргийн тусгай ажиллагааны тухай, оросыг армийг гутаах тухай, хэвлэл мэдээдллийн хэрэгслэлүүдийг хаах тухай, үг хэлэх эрх чөлөөг Интернэтэд хаах тухай /247000 вэб сайтыг хаасан/, иргэний байгууллагуудыг хаах тухай, Yүнд: дайны өмнө байгуулагдсан Алексей Навалныйн “Авилгатай тэмцэх сан”, Иргэний эрхийг хамгаалах “Мемориал” төрийн бус байгууллагыг хаах,  орон даяар өрнөсөн дайныг эсэргүүцсэн бүх хөдөлгөөнийг хориглох тухай хууль тогтоолууд гаргажээ. Судлаач эрдэмтэн Линдберг “Дарангуйлагч орнууд дэлхийн хүчний тэнцвэрийг алдагдуулж байна. Дарангуйлагч орны ДНБ эдүгээ дэлхийн ДНБ-ний 46.0 хувийг эзэлж байна” хэмээн дүгнэлт хийжээ.
Ардчилсан орнуудын худалдааны эзлэх хувь 1998 онд дэлхийн 74.0 хувийг эзэлж байсан бол 2022 онд 47.0 хувийг эзэлж буурчээ. Дарангуйлагч орнууд экспорт импортын хувьд ардчилсан орнуудаас хараат байдал нь улам багасаж байна.
Сүүлийн 30 жилд ардчилсан орнууд дарангуйлагч орнуудаас хараат байдал нь 2 дахин нэмэгджээ. Дэлхийн томоохон орнуудад дарангуйлалын систем улам бүр хатуу болж байна. 2022 онд дэлхийн дундаж иргэний ардчиллын түвшин 1986 оны түвшинд хүртлээ унажээ. Энэтхэг Номхон далайн орнуудын ардчиллын түвшин 45 жилийн өмнөх 1978 оны хэмжээнд хүртлээ унажээ. Энэ түвшин бол Дэн Сяопиний хятадын эдийн засгийг либералчлах үед, Индира Ганди улс орондоо онцгой байдал тогтоогоод цуцалж ардчиллыг сэргээн босгосон үеийн ардчиллын түвшин юм.  Ардчиллын дундаж түвшин хүн ам олонтой Энэтхэг зэрэг улсад улам доошилсон байна. Дунд зэргийн хүн амтай зүүн Европ, төв азийн улсуудын ардчиллын түвшин 1990 оны түвшинд хүртлээ доошилжээ. 
Эдүгээ дэлхийд 90 улс ардчилалтай, 89 улс дарангуйлагчийн дэглэмтэй байна.Энэ бол муугүй үзүүлэлт хэмээн судлаач эрлдэмтэн дүгнэжээ.
Төрийн байгууллагыг сонгох системд сонирхолтой байдлууд үүсчээ. Сүүлийн 20 жилд ардчиллын орнууд болон дарангуйлагч орнуудын тоо аль аль нь өсчээ. Сүүлийн жилүүдэд 1980-1990 онуудад олон дарангуйлагч орнууд ардчилалтай болж олон намын оролцтоотой сонгууль болжээ. Алжир, Пакистан зэрэг улсууд сонгууль нь ардчилсан шинжтэй болж байхад Мали, Тайланд зэрэг улсууд хаалттай дарангуйлагч дэглэмтэй болсон байна. Эдүгээ дэлхийд хамгийн харгис дарангуйлагч дэглэмтэй улс бол Хойд Солонгос, Орос, Сири, Иран улс “шалгараад” байна. НҮБ  Орос улсыг “түрэмгийлэгч- агрессор улс” хэмээн зарлаад байна. Эдүгээ Орос улс хөрш зэргэлдээ Украин улсад халдаж  түрэмгийлээд зогсоогүй, одоо бүр Беларусь улсад цөмийн зэвсэг шилжүүлэн байрлуулаад байна.
Энэ бүхэн нь Орос улсад олон улсын хууль дүрэм, НҮБ-ын дүрэм, журам огт үйлчлэхгүй, огт хамаагүй болжээ гэдгийг харуулж байна. Ардчилсан шинжтэй сонгууль 1972 онд 16 оронд болж байсан бол 2022 онд 58 оронд болж байжээ. Сүүлийн 10 жилд ардчилсан орнууд Африкаас эхлээд өмнөд Сахар хүртэл буюу Мадагаскар, Сейшелийн аралууд, Сьерра-Леон, Гамба улсууд болоод байна. 
Сүүлийн 10 жилд зүүн европоос ардчиллын замд Армен, Грузин хоёр улс оржээ. Латин Америкт ардчиллын үзүүлэлт 2012-2022 онуудад дараах 3 орон буюу Доминиканы бүгд найрамдах улс, Эквадор, Гондурас улсад сайжирчээ. Эрдэмтэн судлаач Стаффан Линдберг ардчиллын эрүүлжих явцын үндсэн үзүүлэлтийг дурдахдаа “Энэ бол ард түмний дарангуйлагч ерөнхийлөгчийн эсрэг хөдөлгөөн, дарангуйлагч ерөнхийлөгчийн тушаалаар гаргасан хуулийг шүүх засаглал цуцлах, дарангуйлагч төр засгийг өөрчлөх зорилготой сөрөг хүчин ард түмэнтэй нэгдэх, ардчиллыг олон улсын хэмжээнд дэмжих зэрэг юм” хэмээн дүгнэжээ.   
Монгол улс бол азийн ардчилсан улс. Гурван талдаа /Орос, Хятад, Казахстан/ авторитар дэглэмтэй орнуудаар хүрээлэгдсэн улс. Азид бүрэн эрх чөлөөтэй  ардчилсан улс бол Япон, Өмнөд Солонгос, Энэтхэг, Монгол, Индонези, Бангладеш гэсэн зургаан улс байдаг.Бусад азийн улсууд хагас эрх чөлөөтэй, хагас авторитар болон бүтэн авторитар дэглэмтэй орнууд байдаг.
Монголын ардчилалыг нэг зүйл ихэд харлуулдаг. Тэр бол авилга. Нилээд хэдэн жилийн өмнө монголын төрийн сайд нь гадаадын иргэн Монголд их хэмжээний хөрөнгө оруулах гээд ирэхэд нь “Надад хэдэн хувийг өгөх вэ?” гээд нэхээд байсан гэдэг. Тэхлээр монгол хүн бүр ёс зүйтэй болох хэрэгтэй байна. Ёс зүйгүй бол бүх ажил нураад байна. Монголын төр сүүлийн жилүүдэд авилгалтай тэмцэж эхэлж байгаа. Гэхдээ авилгалыг бүрмөсөн ялж чадаагүй. Авилгалыг ялсан улс орон хөгждөг. Өмнөд Солонгосын удирдагч Пак Жонхи, Сингапурын удирдагч Ли Куан эхлээд авилгалыг ялж улс орноо хөгжүүлсэн байдаг. Ардчилал гэдэг бол модтой адилхан зүйл. Ардчилалын модыг  усалж тордож арчилж хамгаалж байхгүй бол амархан хатаад навч нь унаад өгөрсөн мод болон хувирч  болзошгүй. Авилгалд ялагдсан улс орон яаж сүйрдэгийг бид түүхээс сайн мэднэ. Филиппин, Афганистан, африкийн орнууд авилгалд баригдаж хоцрогдсон орон хэвээр хориннэгдүгээр зуунд орсон билээ.. Арваад жилийн өмнө би Филиппин орны нэгэн иргэнтэй ийм яриа өрнүүлж билээ. Нийслэл хотоос Багануур явж байсан автобусанд хөрш суудалд таарсан филиппииний иргэн христийн пастор бүсгүйтэй танилцаж ийм нэгэн яриа үүсгэж билээ. Тэр эмэгтэй монголоор маш сайн ярьж байлаа.
 
Ярианы дунд би: 
 
–Танай Филиппин орон далайгаар хүрээлэгдсэн, газар зүйн хувьд маш ашигтай байрлалтай орон. Тэгээд дээр үеэс АНУ-тай  дотно харилцаатай  улс.Эдийн засгийн хувьд жараад онд танай улс болон өмнөд Солонгос хоёр ижил түвшинд байсан гэдэг. Гэтэл яагаад өмнөд Солонгос улс өндөр хөгжилтэй орон болоод танай улс сайн хөгжиж чадсангүй  вэ? гэхэд тэр пастор бүсгүй:
 
-“Үнэхээр тийм. Манай улсад жараас оноос эхлээд бараг одоо хүртэл авилгал төрийн хэмжээнд хүртэл маш их болсон. Төрийн түшмэдээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл маш их авилгалд автаж улсын үлэмж их  мөнгийг үрэн таран хийсэн байдаг. Тэгээд манай залуучууд сэхээтнүүд эх оронд нь цалин орлого бага тул маш олон иргэд гадаад улсыг зорьж тэнд ажиллаж амьдардаг даа” гэж билээ. Филиппины түүхийн харахад ерөнхийлөгч Фердинанд Маркос 1965-1985 онуудад ерөнхийлөгч байхдаа өөртөө үлэмж их хөрөнгө цуглуулж нийт хөрөнгө нь 10.0 тэрбум ам.долларт хүрч байжээ.
Түүнийг ерөнхийлөгчийн албан тушаалаас  огцруулсны дараа 1987 онд түүний Швейцарийн банкинд байсан маш их хөрөнгийг царцааж, түүний эхнэр Имельда болон ерөнхийлөгчийн ах дүү, хамсаатнууд нийт 300 хүний эсрэг 35 хэрэг нээж, тэднийг улсад 90.0 тэрбум ам.долларын санхүүгийн хохирол учруулсан хэмээн үзэж байжээ.
Монгол улс Филлиппины адил авилгалын замд орвол ямар аюултай болохыг  энэ жишээнээс хараад ойлгоосой. Монгол улс ардчиллын замд эргэлт буцалтгүй ороод 33 жил болжээ. Ардчилал  монголчууд бидэнд ус агаар шиг хэрэгтэй зүйл  юм даа. Ардчилал бол хүний эрх хэрхэн хэрэгжиж байгаагаараа, шударга ёс, хууль ёс хэрхэн хэрэгжиж байгаагаараа, ард түмний амьдрал хэрхэн дээшилж байгаагаараа хэмжигддэг. Монголд бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмчтэй болох, гадаадад зорчих гэх мэтийн хүний эрх хэрэгжиж байгаа. Гэхдээ заримдаа Монгол бүрэн ардчилсан орон мөн үү, биш үү гэсэн эргэлзэх зүйл тохиолддог. Монголын жирийн иргэнд газар авах, орон сууцтай болох, хөнгөлөлттэй зээл авах зэрэг эрх бараг олддоггүй. Авьяастай, сурлага сайтай хүүхдээ гадаадын их, дээд сургуулиадад сургах гэхлээр сургалтын зээлийг нь эрх мэдэлтнүүд авчихдаг. Олигархиуд ард түмнээс бүх боломжийг нь булаагаад авчихдаг болохоор ард түмэн ирээдүйдээ итгэлгүй гундуухан амьдардаг. 
Гадаад улсад амьдардаг монгол үндэстэн Монгол улсад ажиллаж амьдрах гээд ирэхэд нь хөөгөөд явуулчихдаг. Гадаадын иргэн Монголд  хөрөнгө оруулахлаар хөрөнгийг нь булаан аваад хөөгөөд явуулчихдаг. Саяхан халимаг монгол сэхээтэн Баатар Монголд ирэхэд нь буцаагаад Орос руу албадан хөөж явуулах гээд байсан. Хэрэв Баатар Орост буцаж очсон бол  шууд алуулах байсан.
Гэтэл хаа холын Америк орон Баатарыг алгаа тосон хүлээж авсан. Америк бол дэлхийн ардчиллын тулгуур багана гэдгээ ингээд харуулчихаж байгаа юм. Хоёр жилийн өмнө халимаг залуу Алдарыг Монголд ирээд бизнес эрхлэх гэхлээр нь монголын төр 100 000 доллар нэхсэн байгаа юм. Алдар аргаа бараад Турк руу явжээ. Гучаад онд оросын улаантнуудаас зугатаан Монголд ирсэн олон мянган буриад монголчуудыг Чойбалсангийн тушаалаар “хувьсгалын эсэргүү” хэмээн  хилс хэрэг тулгаж хоморголон хөнөөжээ. Жараад онд Хятадын соёлын хувьсгалаас зугатаан Монголд ирсэн олон зуун өвөр монголчуудыг БНМАУ заримыг нь Хятадад буцаан тушааж, заримыг нь үлдээсэн ч гэсэн нутаг зааж гуч шахам жил монголын харьяат болгохгүй хүлээлгэсэн байдаг. Тэхлээр Монгол улс гадаадад амьдардаг монгол үндэстний эрх ашгийг хамгаалах талаар одоо үед онцгой анхаарах хэрэгтэй байна. Израил, Казахстан, Өмнөд Солонгос зэрэг  улсууд дэлхийн аль ч өнцгөөс амьдрах гэж ирсэн еврей,  казах, солонгос  үндэстнийг ямар нэгэн элдэв дарамт шахалтгүйгээр шууд иргэнээ болгон авч тэтгэмж олгодог. Казахстан улсын казах иргэний эзлэх хувь ерээд онд дөнгөж 30.0 хувь байсан бол эдгээ 70.0 хувь болтлоо өсчээ.
 
Монгол улсад ажиллаж амьдрах гэж ирсэн монгол үндэстэнд тэтгэмж олгодоггүй юмаа гэхэд ядаж шууд хөх үнэмлэх олгоод Монголд амьдрахыг нь зөвшөөрөх хэрэгтэй. 2 жилийн дараа Монгол улсын паспорт өгөх хэрэгтэй. Хятадад амьдардаг 6 сая өвөр монголчууд, Орос улсад амьдардаг 1 сая монгол туургатан хүмүүс Монгол улсыг эх орон, гал голомт минь хэмээн авралын од болгон хардаг юм гэнэ лээ. Гэтэл “их санасан газар есөн шөнө хоосон” гэгчээр  монгол үндэстнээ нүд үзүүрлээд байвал Монгол улс яаж хүчирхэг болох юм бэ, яаж хүний эрхийг дээдэлдэг  ардчилсан улс болох юм бэ.
Ардчилал бол жижигхэн зүйлээс эхэлдэг. Монголын ард түмэн бол хоёрхон зүйл хүсдэг. Ажил орлого, амьдрах орон сууц. Энэ хоёр зүйлийг нь төрөөс хангаж ажиллаж амьдрах бүх нөхцөл боломжийг нь  өгчихвөл манай ард түмэн түргэн босоод хөгжих чадалтай ард түмэн шүү. Ардчилсан улс баян чинээлэг байх ёстой. Ардчилсан улс нийгмийн баталгаатай байх ёстой. Хүний ажлын хөлсийг үнэлдэг байх ёстой.
Гэтэл социализмын үед сард 120 долларын цалинтай монгол хүн эдүгээ зах зээлийн  үед 280 долларын цалинтай байгаа, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн соцын үед 350 доллар байсан бол зах зээлийн эдүгээ үед 4000 доллар  нь байгаа нь ямар ч том ахиц гараагүй нь харагдаж байна. Эдийн засгийн өсөлт муу, аж үйлдвэр хөгжөөгүй, валютын ханш болон хүнсний бараа үргэлж өсөж ард түмэн ядуурч  байдаг нь  бодвол далд эдийн засаг, авилгал, хулгайтай  холбоотой биз. Авилгал, хулгайг дараад ардчилал, эрх чөлөөгөө баталгаатай болгоод  аж үйлдвэржсэн өндөр хөгжилтэй орон болвол Монгол ялна даа.     
 
 
 
Доржийн СҮХБААТАР
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.