Л.Наранбаатар: Манай компанийн ТУЗ-ийн зарим гишүүн "Сахал" Д.Эрдэнэбилэгийн гар хөл байсан байна лээ
Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өнөөдөр нэг жил ажилласан тайлангаа олон нийтэд танилцуулж мөн үүссэн зарим асуудлуудад хариулт өглөө.
Тэрээр:
“Тус үйлдвэр 2022 онд 405 мянган тонн цемент үйлдвэрлэлээ. Энэ бол 2015 оноос хойшхи түүхэн дээд үйлдвэрлэлээ хийсэн гэсэн үг. Уг үйлдвэрийг 1 сая тоннын хүчин чадалтай гэж байсан ч Хятадын аудитын компани оруулж шалгуулахад 400 мянган тонны хүчин чадалтай болох нь ил болсон. Энэ үйлдвэр 40 жилийнхээ түүхэнд анх удаа 2022 онд 100 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаа. 30 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Өмнөх жилүүдэд 5-6 тэрбум төгрөг татварт төлдөг байсан. Анх удаа ажилчдынхаа цалинг нэг дахин нэмж чадлаа. 2023 онд 30 хувь нэмнэ. Сүүлийн 15 жилд анх удаа 11.6 тэрбум төгрөгийн цэвэр ашиг хийлээ.
Жилийн өмнө маш их алдагдал, асар их өр ширтэй үйлдвэрийг хүлээж авч байсан. Өнөөдөр бид судалгаандаа мөнгө зараад шохойн нөөцийг дахин 40 жилээр нэмэгдүүлж чадлаа.
Үүнээс гадна бид шохойн үйлдвэрээ сайжруулснаар Эрдэнэт үйлдвэрээс гадна Оюу-Толгой гэдэг шинэ худалдан авагчтай болно.
Бумбын тахилгад 183 сая төгрөг зарцуулаагүй. 5.9 сая төгрөг л зарцуулсан. Манай үйлдвэрийн хувьд тухайн жилийнхээ үйл явцыг даатгаж удирдлагууд нь очиж ёсчилдог бараг 40 жил тогтчихсон уламжлал юм билээ. Нэгэнт манай ажилчдын тогтчихсон ёс заншил, уламжлалтай холбоотой зүйл дээр компани гар татаж чадаагүй. Би бол өөрөө очиж чадаагүй. Манай инженер, ажилчид очиж хүндэтгэл үзүүлж, үйлдвэрээ даатгаад ирсэн.
Архи, согтууруулах ундаанд мөнгө зарцуулсан зүйл үнэхээр байсан.
Манай ТУЗ-ийн гишүүд болон ажилчид Улаанбаатар хотод хоолонд орох үедээ 60 мянган төгрөгөөр пиво авч уусан байсан. Үүнийг буцаагаад төлүүлсэн.
Түүнээс 11 сая төгрөгөөр архи авч уусан зүйл байхгүй.
Мөн зарим тодорхой нэр бүхий ТУЗ-ийн гишүүд маань “Сахал” Д.Эрдэнэбилэгтэй холбоотой байсныг би өнөөдөр л мэдлээ.
Тэр нөхдүүд маань сошиалд цацаад дараа нь хэвлэлүүдээр гаргаад, тэгээд юу болж байна гэвэл нөгөө Д.Эрдэнэбилэгийн гар, хөл болсон Ч.Лодойсамбуу, н.Мэргэн, сэтгүүлч Б.Отгон нар зөвхөн Л.Наранбаатартай холбоотой хэсгүүдийг нь түүж аваад айхтар хулгай луйвар хийчихсэн юм шиг болгоод сэвсээн.
Би бол ТУЗ-ийн гишүүддээ харамсаж байна. Уг нь ийм буруу зөрүү мэдээллүүдээс ТУЗ маань намайг хамгаалах ёстой юм. Надтай байгуулсан онцгой гэрээнд ч байдаг. Гүйцэтгэх захиралтай холбоотой гүтгэлэгт хамгаалах үүрэгтэй. Энэ үүргээ умартаж ийм үйл ажиллагаа явуулсан. Тиймээс тэр нэр бүхий ТУЗ-ийн гишүүдээ би Засгийн Газарт өгнө. Эдгээр хүмүүс бол ТУЗ-ийн гишүүн н.Буянхишиг, З.Энхболд (энэ хүн надад шахалт үзүүлж байгаад үйлдвэрт маск шахсан), ТУЗ-ын нарийн бичгийн дарга н.Агар гэх мэт хүмүүс. Энэ гурван хүн “Цемент шохой” ТӨХК-ий ТУЗ-өөс зайлах хэрэгтэй.
Мөн үйлдвэр дээр хорлон сүйтгэх ажиллагаанууд гарч эхэлж байна. Жишээ нь, тээрэм лүү лоом, хог шороотой төмрийн хог хийж байна. Эдгээрийг хэн хийж байгааг би гадарлаж байгаа” гэв.
Ч.Бүргэд
https://sonin.mn/news/enews/137093