Криптовалют эзэмшигчийг хөнөөсөн этгээдүүдийг БАРИВЧИЛЛАА

229

Криптовалют эзэмшигчийг хөнөөсөн этгээдүүдийг БАРИВЧИЛЛАА

 

Сөүл хотын Ганнам дүүрэгт амьдардаг 48 настай эмэгтэйг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж буй гурван этгээдийг даваа гарагт баривчиллаа. Сөүлийн төв дүүргийн шүүхийн шүүгч Ёо Чан Хун "Тэднийг оргон зайлж, нотлох баримт устгаж болзошгүй гэж үзсэн учраас баривчлах шийдвэр гаргасан" гэжээ. 

Гуравдугаар сарын 29-ний өдрийн 23:48 цагийн орчимд Өмнөд Солонгосын Сөүл хотын Ганнам дүүргийн Ёксам-дуний ойролцоогоос нэгэн эмэгтэйг хулгайлж буй бичлэг CCTV-д бичигдэн үлджээ. Маргааш нь хулгайлагдсан бүсгүйн ар гэрийнхэн түүнийг сураггүй алга болсон тухай цагдаагийн газарт мэдэгдсэнээр мөрдөн шалгалтын ажиллагаа эхэлсэн байна. 

Цагдаа нар бүсгүйг хулгайлсан машины хөдөлгөөнийг хянаж, Тэжон хотын ойролцоогоос олжээ. Машин дотроос хутга, олс, цустай жоотуу олдсон бөгөөд сэжигтнүүдийг гуравдугаар сарын 31-нд Соннам хотоос хэрэг гарснаас 42 цагийн дараа баривчилжээ. 

Сэжигтнүүдийн мэдүүлж буйгаар сэжигтэн И эмэгтэйг хөнөөх санааг анх гаргасан гэнэ. Тэрээр хоёр дахь сэжигтэнд санал тавьсан бол хоёр дахь сэжигтэн гурав дахь сэжигтэнд санал тавьсан байна. 

 

 

Эх сурвалжууд сэжигтэн И-г хохирогчтой криптовалютийн хөрөнгө оруулалтын тал дээр маргаантай байсан тухай мэдээлжээ. Сөүл хотын нэгэн хуулийн фирмд өмгөөлөгч хийдэг 35 настай И нь хохирогчийн ажиллаж байсан криптовалютийн компанид хөрөнгө оруулсныхаа дараа 80 сая вонын хохирол амссан тухайгаа эхний мэдүүлэгтээ дурджээ. 

Тэрээр хохирогчийг таньдаг байсан цорын ганц сэжигтэн бөгөөд бусад сэжигтнүүдэд захиалга өгч 7 сая вон санал болгосон байж болзошгүй нөхцөл байдал мөн тогтоогдоод байна.  Дээрх гурван этгээдээс гадна хоёр хүн мөн уг хэрэгт холбоотой байж болзошгүй тухай эх сурвалжууд мөн мэдээлжээ. 

Сэжигтэн И болон хохирогч нар 2021 онд нэг криптовалютад хөрөнгө оруулжээ. Тэднээс гадна 16 хүн мөн тус криптовалютад хөрөнгө оруулсан бөгөөд зохион байгуулалттайгаар ханш унагаж, 190 сая орчим вон завшсан хэргээр эрүүгийн хэрэгт татагдаж байсан. Шалгалтын явцад тэдний хэн нь ч тус криптовалютаас мөнгө аваагүй болох нь тогтоогдож байжээ. 

 

 

Сэжигтнүүд бүсгүйг хөнөөгөөд, цогцсыг Тэжон хотын Дэжон далангийн ойролцоо хаясан тухайгаа мэдүүлсэн байна. Талийгаачийн цогцсыг тухайн өдөр олсон тухай цагдаагийн байгууллагаас мөн мэдээллээ.

Амиа алдсан бүсгүй 5 тэрбум вонын криптовалют эзэмшдэг нэгэн байсан. Сэжигтнүүд түүнийг 2-3 сарын турш мөрдсөний эцэст урьдаас төлөвлөн хөнөөсөн болохоо хүлээн зөвшөөрсөн байна. 

Өмнөд Солонгост криптовалюттай холбоотой гэмт хэрэг сүүлийн үед ихсэх болсон. Мөн койн худалдан авснаар алдагдалд орж, их хэмжээний өрөнд орсон хүмүүс амиа хорлох явдал ихэссэн нь шүүмжлэл дагуулж эхлээд байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.