Туркийн Ерөнхийлөгч Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээ сунгагдсаныг мэдэгджээ

248

Туркийн Ерөнхийлөгч Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээ сунгагдсаныг мэдэгджээ

 

Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх гэрээ сунгагдсан гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. “Хоёр талтай хийсэн хэлэлцээний дүнд бид гуравдугаар сарын 19-нд дуусах гэрээний хугацааг сунгахаар баталгаажууллаа” гэж Р.Эрдоган мэдэгдсэн байна. Тэрбээр гэрээг сунгахын төлөө ахин хүчин чармайлт гаргасан Орос, Украин болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш нарт талархал илэрхийлжээ. “Энэхүү гэрээний хүрээнд өнөөдрийг хүртэл 800 гаруй хөлөг онгоцоор 25 сая гаруй тонн үр тариаг дэлхийн зах зээлд нийлүүлээд байгаа нь дэлхийн хүнсний хангамжийн тогтвортой байдалд амин чухал ач холбогдолтой юм” гэж Туркийн Ерөнхийлөгч онцлон хэлсэн байна.

 

Украины Дэд бүтцийн сайд Александр Кубраковын мэдээлснээр, гэрээг “120 хоногоор сунгасан байна”. “Антонио Гутерриш, Ерөнхийлөгч Р.Эрдоган, Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар болон гэрээг дагаж мөрдөж буй бүх түншдээ талархал илэрийлье. Бидний хамтын хүчин чармайлтын үр дүнд Украины 25 сая тонн үр тариаг дэлхийн зах зээлд нийлүүлээд байна” гэж тэрбээр “Twitter” хуудсандаа нийтэлжээ.

 

Өнгөрсөн долоодугаар сард Турк, НҮБ, Орос, Украины талууд Истанбул хотноо Украины Хар тэнгисийн гурван боомтоос үр тарианы экспортыг үргэлжлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. 2022 оны хоёрдугаар сард Орос-Украины дайн эхэлснээс хойш тэдгээр боомтоос үр тариа экспортлох үйл явц зогсоод байсан юм. НҮБ-ын мэдэгдсэнээр, 25 сая тонн үр тариа, хүнсний бүтээгдэхүүнийг 45 улс оронд хүргэсэн нь дэлхийн хүнсний үнийг бууруулахад хувь нэмрээ оруулсан байна. “Бид Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилгад дипломат болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлсэн Туркийн Засгийн газарт талархал илэрхийлж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.

 

Хар тэнгисээр үр тариа тээвэрлэх санаачилга болон Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, бордоог дэлхийн зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэх тухай харилцан ойлголцлын санамж бичиг нь дэлхийн хүнсний аюулгүй байдал, ялангуяа хөгжиж буй орнуудад чухал ач холбогдолтойг мөн цохон тэмдэглэсэн байна. НҮБ хоёр гэрээнд тууштай хэвээр байгаа бөгөөд тэдгээрийг бүрэн хэрэгжүүлэхийн тулд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхийг бүх талуудад уриалжээ.

 

Хожим нь ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова гэрээг 60 хоногоор сунгасан талаар “TASS” агентлагт мэдээлсэн байна. “ОХУ-ын ГХЯ болон НҮБ-д суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгчдийн аль аль нь Оросын тал гэрээг 60 хоногоор сунгаж буйгаа хэлэлцээрийн бүх талуудад удаа дараа мэдэгдсэн. Энэ тухай бүх талд амаар болон бичгээр мэдэгдсэн” гэж тэрбээр хэлжээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.