Туркийн орчин үеийн барилгууд ЯАГААД даалуу шиг нурав?

285

Туркийн орчин үеийн барилгууд ЯАГААД даалуу шиг нурав?

 

Турк улсад газар хөдлөлтөөр нурсан хэдэн мянган барилгын чанартай холбогдуулан олон нийт дургүйцлээ хүчтэй илэрхийлж байна.

ВВС агентлаг байгалийн гамшгийн үеэр нурсан шинэ барилгуудын талаарх мэдээллийг шалгажээ. Малатья дахь өнгөрсөн онд ашиглалтад өгсөн шинэ барилгын талаарх олон нийтийн сүлжээгээр түгээсэн сурталчилгаанд "Газар хөдлөлтийн аюулгүй байдлын сүүлийн үеийн шаардлагад бүрэн нийцүүлж барьсан" хэмээжээ. Сурталчилгаанд дээд зэргийн чанартай барилгын материал, чанарын өндөр түвшинд барьсан гэдгийг мөн онцолсон байж. Энэхүү зар сурталчилгааг олон нийтийн сүлжээнээс устгасан байсан ч хэд хэдэн хүн скриншотыг нь дахин интернэтэд байршуулсан байна.

 

Искендерун боомт хотод нурсан орон сууцны барилга 2019 онд ашиглалтад оржээ. Антакья хотод нурсан орон сууцны барилга мөн л 2019 онд ашиглалтад оржээ. Барилгын нээлтийн арга хэмжээний үеэр барилгын компанийн эзэн “Гуклу Бхче” төсөл нь байршил, барилгын чанарын хувьд бусад барилгатай харьцуулшгүй хэмээн сайрхаж байгаа нь дүрс бичлэгт үлдсэн байна.

Даваа гарагийн өглөө Турк, Сирийг донсолгосон асар хүчтэй газар хөдлөлтөд барилгын стандартын дагуу баригдсан барилга, байшингууд тэсвэрлэж үлдэх ёстой байсан гэж шинжээчид дүгнэж байна. Хэдийгээр энэ газар хөдлөлтийн хүч сүйрэл дагуулах хэмжээнийх байсан ч стандартын дагуу баригдсан барилгуудыг нураах хэмжээнд хүрээгүй гэж Лондонгийн их сургуулийн коллежийн профессор Дэвид Александер үзэж байна. Түүнчлэн "Газар хөдөлсөн бүсэд чичирхийллийн түвшин дээд хэмжээнээс бага байсан тул бүх нурсан барилга, барилгын стандарт, газар хөдлөлтийн аюулгүй байдлын нормыг хангаагүй гэсэн дүгнэлт хийж болохоор байна" гэж Александер онцолжээ.
 


Барилгын нормыг үл баримталсан

Туркт аюулгүй байдлын өндөр стандартуудыг 1999 онд Измит хотод болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа нэвтрүүлжээ. Тухайн үед 17 мянган хүн амиа алдаж байв. Хожим нь байгалийн гамшиг бүрийн дараа эдгээр стандартыг чангатгаж байсан ба хамгийн сүүлд 2018 онд шинэчилжээ.

Хамгийн сүүлд батлагдсан барилгын норм, дүрмийн дагуу газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд барилга барихдаа ган төмрөөр бэхэлсэн өндөр чанартай бетон ашиглах шаардлага тавьдаг болсон байна. Гэвч эдгээр дүрмийг баримтлах нь ховор. Асуудлын нэг нь хуучин барилгын засвар үйлчилгээ бараг хийгддэггүй бол шинэ барилгад барилгын нормыг мөн муу баримталдагт оршиж байна гэж профессор Александер онцолжээ. Тухайлбал, Япон зэрэг газар хөдлөлтийн идэвхтэй бүс дэх улс орнуудад барилгын маш хатуу нормууд үйлчилдэг.

 

Яагаад барилгын нормыг үл хайхарсан бэ?

Туркийн Засгийн газар үе үе барилгын “өршөөл” үзүүлдэг байна. Өөрөөр хэлбэл, аюулгүй байдлын нормын гэрчилгээ аваагүй барилгад тавьдаг торгуулиас чөлөөлдөг гэсэн үг. Ийм төрлийн өршөөлийг 1960-аад оноос үзүүлж эхэлсэн ба хамгийн сүүлд 2018 онд ийм арга хэмжээ авчээ. Туркийн сөрөг хүчнийхэн "Барилгын өршөөл нь хүчтэй газар хөдлөлт сүйрэлд хүргэнэ" гэдгийг байнга анхааруулсаар ирсэн байна.
 


Туркийн өмнөд хэсэгт болсон газар хөдлөлтийн бүсэд ийм өршөөлийг 75 мянган барилга барьсан компаниудад олгосон гэж Туркийн инженерүүдийн танхимын Истанбул дахь салбарын тэргүүн, Архитекторуудын танхимын дарга Пелин Пынар Гиритлиоглу онцолжээ.

Сүүлийн үед Туркийн барилгын салбарт хямд өртөгтэй, цаг хугацаа хэмнэсэн “prefabrik” буюу шинэ үеийн угсармал барилгын технологиор газар хөдлөлтийн идэвхтэй бүс болох Туркийн өмнөд хэсэгт барилга барихыг хориглодог болсон ч энэ дүрмийг баримтлалгүй явсаар иржээ. Ийм технологи барилга угсралтын стандартыг чанд баримтлах, барилгачдын өндөр ур чадвар шаарддаг ба стандарт алдагдах төдийд аюулгүй байдлын эрсдэл нэмэгддэг аж.
 


Газар хөдлөлт болохоос хэдхэн хоногийн өмнө Туркийн хэвлэлүүд парламент нь шинээр баригдсан барилгуудын гүйцэтгэгчдэд нэмэлт хөнгөлөлт үзүүлэх тухай хуулийн төслийг батлах гэж байна хэмээн мэдээлж байжээ.

Үүнээс өмнө геологич Желал Сенгор тектоник хавтангуудын хагарлууд дээр орших улс оронд барилгын өршөөл үзүүлэх нь гэмт хэрэг хэмээн мэдэгдэж байжээ. 2020 онд Измирт болсон хүчтэй газар хөдлөлтийн дараа ВВС агентлагийн Турк дэх албаны сурвалжлагчид Измирийн 672 мянган барилга өршөөлд хамрагдсан байсныг олж тогтоосон байна.

Сурвалжлагчид мөн Байгаль орчин, хотын хөгжлийн яамнаас Турк дэх барилга, байшингийн тал хувь буюу 13 сая орчим барилга норм, дүрмийн зөрчилтэй болохыг мөн тогтоожээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.