Х.Нямбаатар өнөөдөр Жорж Ченийг чөлөөлүүлэх өргөдөл илгээнэ

189

Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2023.02.06/ Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Ченийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдөл илгээх юм. Энэ тухайгаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Шалтгаан нь хувь хүнд биш. Туурга тусгаар улсын төрийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч ирээд илтэд гүтгэх нь байж болзошгүй зүйл. Хоёрдугаарт, Мета компани улс орны дотоод асуудалд оролцох эрхгүй. Тодруулбал, Монгол Улсын төрийн зарим албан тушаалтнууд руу дарамталсан мэйл явуулсан. Монгол Улсыг хоригт оруулах, АНУ-ын зүгээс шахалт дарамт үзүүлнэ зэрэг дарамт үзүүлсэн зэргийг сайд Х.Нямбаатар хэлсэн юм.
Тиймээс Жорж Ченийг ажлаас нь халж, мөн өөрөөс нь уучлалт гуйх шаардлага тавьсан. Хэрэв уучлалт гуйхгүй бол шүүхэд хандахаа ч мэдэгдээд байгаа.
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг цар тахлаас өмнө буюу 2020 оны намар Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулсан байдаг ч олон нийтэд мэдээлэл өгөлгүй явсаар өнгөрсөн сард УИХ гурав хоногт багтаан тус хуулийг баталсан. Үүнтэй холбоотойгоор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын твиттер хуудсандаа бичсэн мэдээлэл нь худал байжээ гэх асуудал хөндөгдсөн юм. Тодруулбал, Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн 2022 оны есдүгээр сарын 20-нд  “Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж Хууль зүй дотоод хэргийн яамнаас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо“ гэж хуулиа олон улсын хэмжээнд сурталчилж, хамтран ажиллаж буй гэх агуулгатай зүйлийг бичсэн байдаг.
Гэтэл нэгдүгээр сарын 24-нд “Мета” компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен өөрийн цахим хуудастаа "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний үндсэн эрх, монголчуудын хувьд ч ижил.
Х.Нямбаатар сайд бидэнд хуулиа урьдчилж танилцуулсан гэдэг нь худал. Парламент энэ хуулийн төслийг яарч батлахаас өмнө бид хуулийн төсөл болон хуулбарыг нь огт аваагүй.
Батлагдсаных нь дараа л анх удаа харж байна" гэж бичсэн. Ингэснээр Хууль зүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар худал мэдээлэл түгээж, нийгмийн өргөн агуулгатай, иргэдийн эрхэнд халдсан хуулиа тооцоо судалгаатай боловсруулсан, олон улсын түвшинд хамтран ажилласан хэмээн олон нийтийг төөрөгдүүлсэн байж болзошгүй тохиолдол гарсан. Гэвч үүнийг Хууль зүйн сайд үгүйсгэж, түүнийг ажлаас нь чөлөөлүүлэх өргөдөл өгөхөө мэдэгдсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.