“Акулуудыг алж" эхэлсэн З.Дашдавааг анхаар
АТГ-ын хийсэн ажлуудыг харахаар тус газрын дарга комиссар З.Дашдавааг төр анхаарч, хамгаалаасай гэж хүсмээр.
Хөгжлийн банк болон “нүүрс”-ний хэрэгт холбогдсон олон хүн байна. Тэдний дунд улстөр, бизнесийн томчууд толгой цохиж яваа. Авлига өгсөн, авсан нь зарим нь гаднын орныг зорьсон. Угаасан мөнгө нь илэрч, хөрөнгө мөнгийг нь хураахаас эхлээд АТГ-ынханд өсөрхөх хүн ч олон болж байх шиг байна.
Тэр ч утгаараа байгуулагдсан цагаасаа л муу нэртэй, тэр дундаа дарга удирдлагууддаа халтай гэгддэг АТГ-ын даргыг хамгаалах ёстой.
АТГ өнгөрсөн 2020 онд 35.6 тэрбум, 2021 онд 96.2 тэрбум, 2022 онд 2.5 их наядаар тоологдох мөнгөн дүнгээр хохирол нөхөн төлүүлсэн гэдгийг сүүлийн өдрүүдэд ил болгож байна. Том хэргүүдэд холбогдсон хүний тоо ч, төр буцаан авах хөрөнгө, мөнгөний тоо ч дахиад нэмэгдэнэ.
Энэ хэрээрээ АТГ-ынхан болон дарга нь өс зангидсан хүмүүсийн өмнө ажилласаар байх биз.
Үеийн үед муу нэртэй байсан байгууллагыг тэргүүлж ирсэн дарга нар тийм ч таатайгаар ажлаа хүлээлгэж өгч байсан нь ховор.
Тодруулбал, анхны дарга Б.Дангаасүрэн агсан ажлаа аваад жил хүрэлгүй амиа алдсан. Дараагийн дарга Ч.Сангарагчаа нь бусад дарга нарынхаа хамт бусдыг тагнаж, чагнасан гэх хэрэгт холбогдон, ял авсан. Удаах Н.Ганболд нь эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгсөн бол дараах Х.Энхжаргал нь Ерөнхий сайд аснуудын хэргийг багагүй “хөндөж” байгаад өөрөө “тонгоруулчихсан”.
Ёстой л “ноёнтой заргалдвал толгойгүй, нохойтой арсалдвал хормойгүй” гэдэг үгийн биелэл. Тиймээс өнөөгийн ноёдын буруу аргаар баяжиж, бусдын боломжийг хулгайлсныг илчилж буй АТГ-ынхан, дарга З.Дашдавааг төр огцруулж, төөрүүлэхгүй, харин ч хамгаалалтад авах хэрэгтэй болчихлоо.
https://erennews.mn/article/58781