Япон, Итали аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээ эхлүүлнэ

274

Япон, Итали аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээ эхлүүлнэ

 

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио, Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони нар батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаагаа бэхжүүлэх аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцжээ. Талууд Италийн нийслэл Ром хотноо мягмар гарагт хийсэн анхны биечилсэн уулзалтынхаа үеэр хоёр орны Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарыг оролцуулсан яриа хэлэлцээг зохион байгуулах талаар хэлэлцсэн байна.
Япон “2+2” хэлбэрийн аюулгүй байдлын асуудлаарх яриа хэлэлцээг АНУ, Австрали, Их Британи, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Орос, Филиппиний талуудтай өрнүүлсээр ирсэн юм. К.Фүмио дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр, Токио, Ром хоёр талын аюулгүй байдал, батлан хамгаалахын хамтын ажиллагаанд тодорхой ахиц дэвшил гарсны дараа аюулгүй байдлын асуудлаарх уулзалтыг явуулж эхлэхээр шийдсэн гэж мэдээлсэн байна.
Мөн Япон, Итали, Их Британи 2035 он гэхэд шинэ үеийн сөнөөгч онгоцыг хамтран бүтээх тухай өнгөрсөн сард анх олон нийтэд танилцуулсан төлөвлөгөөний талаар дурдаад, энэхүү төсөл нь Японы хувьд АНУ-аас бусад улс орнуудтай хамтран хөгжүүлэх анхны батлан хамгаалахын техник хэрэгсэл болно гэдгийг онцолжээ.
Хоёр орны удирдагчид мөн статус-квог хүч хэрэглэн дангаар өөрчлөх аливаа оролдлогыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсний сацуу дүрэмд суурилсан, чөлөөт, нээлттэй олон улсын дэг журмыг сахин хамгаалах үүрэг амлалтыг дахин нотолсон байна. “Долоогийн бүлэг”-ийн орнуудад хийх айлчлалаа нэгдүгээр сарын 9-ний өдрөөс Францаас эхлүүлсэн К.Фүмио Италид айлчилсныхаа дараа Их Британи, Канад, АНУ-ыг зорино. Япон улс энэ онд “Долоогийн бүлэг”-ийг даргалж байгаа бөгөөд тавдугаар сард Хирошима хотод дээд хэмжээний уулзалт зохион байгуулах юм.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.