Хятад, Монголын төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийв

321

БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар 11-р сарын 28-ны үдээс хойш Ардын Их Хурлын Танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ.

Ши Жиньпин хэлэхдээ "Хоёр сарын дараа дахин уулзаж байгаадаа баяртай байна. Хятад, Монголын харилцаа өндөр түвшинд хөгжиж буйг энэ нь гүйцэд харуулж байна. Хятад, Монгол харилцан хөрш орон болсны хувьд урт хугацаанд тогтвортой найрамдалт хөршийн хамтын ажиллагааны харилцаагаа баримтлах нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцнэ. Хятад улс “дотно, үнэнч, хүртээмжтэй, багтаамжтай” үзэл баримтлалын дагуу хөршүүдтэйгээ найрсгаар харьцаж, хөршөө түнш болгох дипломат бодлого баримталдаг тул Хятад, Монгол хоёр орон харилцан итгэлцлээ бэхжүүлэхийг дээд хэмжээнд чухалчлан авч үздэг юм. Хоёр орон цар тахлын эсрэг хамтдаа тэмцэж, харилцан тусалж, уламжлалт найрамдлаа бэхжүүлсэн.

Хоёр орны олон салбарын солилцоо, хамтын ажиллагаа тасралтгүй урагшилж, улс хоорондын харилцааны үлгэр жишээ болсон юм. Өдөр ирэх тусам тогтворгүй болж буй олон улсын нөхцөлд Монголын талтай иж бүрэн стратегийн түншийн харилцаагаа улам тогтвортой хөгжүүлж, хоёр ард түмэнд ач тусыг нь хүртээхэд Хятадын тал бэлэн байна.

Бие биеийнхээ тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бие даан сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэж, амин чухал ашиг сонирхолд холбогдсон асуудлаар харилцан дэмжиж ажиллахад Хятадын тал бэлэн байна. Хоёр орны яам хооронд, олон давхаргын захиргаа, байгууллага нэгжүүд яриа хэлцэл, хамтын ажиллагаагаа тэлж, засаглалын тухай туршлагаасаа солилцож, “Бүс ба зам”-ыг “Талын зам” санаачилгатай, Дэлхийн хөгжлийн санаачилгыг “Шинэ сэргэлтийн бодлого”-той сайтар уялдуулж, Хятад улсын “хоёр үе шаттай хөгжлийн стратегийн зорилт”-ыг Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой холбож, улмаар хоёр орны харилцааг шинэ эрч хүчээр сэлбэх ёстой. Монгол улстай эдийн засаг, худалдаа, эрчим хүч, уул уурхай, дэд бүтцийн холболт зэрэг гол чухал салбар дахь хамтын ажиллагаагаа өргөтгөж, мэдээ мэдээллийн технологи, хөдөө аж ахуйн гаралт бүтээгдэхүүний гүнзгий боловсруулалт зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд Хятад улс бэлэн байна. Хоёр орны гол удирдах байгууллага нэгжүүд үргэлжлэн нягт зөвшилцөж, дэд бүтцийн холболтын шинэ гарцыг эртхэн нээж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын байгуулалт, Хятад-Оросын байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор дамжуулан тавих төслийг идэвхтэй ахиулж ажиллах хэрэгтэй.

Монгол Улсын дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Хятад улс сайшаан дэмжиж байгаа бөгөөд цөлжилтийн эсрэг хамтын ажиллагааны төв байгуулах тухай Монголын талтай зөвшилцөхөд бэлэн байна. Хоёр тал хууль тогтоох байгууллага, засгийн газар, улс төрийн нам, орон нутаг, тэр дундаа технологи, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал, хэвлэл мэдээлэл, залуучууд, хүмүүнлэг зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхийг хүсэж байна" гэжээ.

У.Хүрэлсүх хэлэхдээ "Монгол, Хятад бол уул усаараа залгалдсан мөнхийн хөрш, сайн найз, сайн түнш юм. "КОВИД-19" цар тахлын нөхцөлд хоёр тал харилцан тусалж, даяарчилсан энэхүү сорилтыг хамтдаа даван туулж, “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэх үгийг бодитойд харуулсан байна. Хятад улстай улс төрийн солилцоогоо нэмэгдүүлж, үргэлжлэн харилцан тусалж, бие даан сонгосон хөгжлийн замаа харилцан хүндэтгэж, найрамдлаа бэхжүүлэхэд Монголын тал бэлэн. Монгол Улс "Нэг Хятад"-ын байр сууриндаа бат зогсох бөгөөд Хятадын талын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжинэ. Хятад улстай эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах, ногоон хөгжил, цөлжилтийн эсрэг тэмцэл зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулахад Монголын тал бэлэн байна. Өдгөө олон улсын болон бүс нутгийн нөхцөл байдалд тогтворгүй хүчин зүйл тасралтгүй нэмэгдсээр байгаа тул бид хамтдаа энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамгаалахын төлөө ажиллах ёстой" гэжээ.

Хэлэлцээний дараа хоёр тал хамтаар “Шинэ цаг эриний иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх тухай БНХАУ, Монгол Улсын хамтарсан мэдэгдэл”-ийг нийтэлсэн бөгөөд хоёр орны төрийн тэргүүн нар эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, гааль, цөлжилтийн эсрэг хоёр талт хамтын ажиллагааны бичиг баримтад гарын үсэг зурах ёслолд оролцжээ.

 

Найруулагч: Saraa
Эх сурвалж: www.xinhuanet.com
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.