Хятад: Монголоос хүсэлт ирвэл нүүрсний хулгайн хэргийг шалгахад бэлэн
Хятадын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мао Нин Мягмар гариг (2022.12.06)-т болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр “Хятад улс Монгол Улсад нүүрсний хулгайн гэмт хэргийг илрүүлэхэд туслахад бэлэн байна” гэж мэдэгдлээ. Тэрбээр “ТАСС” агентлагийн сэтгүүлчийн тавьсан асуултад хариулахдаа “Хэрэв Монголын эрх баригчид хүсэлт ирүүлбэл Хятад руу экспортолж буй нүүрсний хулгайн гэмт хэргийг шалгахад Монголын Засгийн газарт туслахад бэлэн байна” гэж мэдэгдэв.
Дипломатч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд гарсан “Хятад улс нүүрсний хулгайн хэрэгт холбогдсон байж болзошгүй албан тушаалтнуудын жагсаалтыг Монголын эрх баригчдад өгсөн” гэх мэдээллийн талаар тодорхой хариулт өгөөгүй байна.
Тэрбээр “Найрсаг хөрш орны хувьд бид Монголын Засгийн газар үүсээд буй нөхцөл байдлыг шийдвэрлэх арга хэмжээ авч чадна гэдэгт итгэлтэй байна. Монголын талаас хүсэлт гаргавал БНХАУ-ын эрх бүхий байгууллагууд хуулийн дагуу шаардлагатай тусламжийг үзүүлнэ” гэж хэлжээ.
Эсэргүүцлийн жагсаал
Улаанбаатарт арванхоёрдугаар сарын 4-нд болсон эсэргүүцлийн жагсаал нь БНХАУ-д гаалийн хяналтаас гадуур нүүрс экспортолсон хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд иргэд сэтгэл дундуур байгаагаас үүдэлтэй. Жагсагчид нүүрсний хулгайн хэргийн сэжигтнүүдийн нэрийг ил тод болгохыг шаардсан. Жагсагчдын үзэж буйгаар, тэдний дунд өндөр эрх мэдэл бүхий улстөрчид ч байх магадалтай аж. Иргэд Даваа гаригт дахин цугларч, нийслэлийн төв талбай чиглэлийн замуудыг хаахыг оролдсон. Тэд төв талбай дээр баригдаж буй мөсөн хотхоны дэргэдэх гацуурыг шатааж, Төрийн ордон руу дайрав.
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, эрх баригч МАН-ын гишүүн Д.Амарбаясгалангаар ахлуулсан “Жагсагчидтай зөвшилцөх ажлын хэсэг” байгуулагдав. Мөн өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж, нийслэлд онц байдал тогтоох асуудлыг хэлэлцээд, ийм шийдвэр гаргах шаардлагагүй гэж үзсэн юм.
Эх сурвалж: NEWS.MN /TASS/