“Орон сууц”-ыг эзэмших зорилгыг нь харгалзан татвараас чөлөөлөх ёстой
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно. “Ш” ХХК орон сууцны зориулалттай 185 үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад түрээслүүлэн ашиг олдог бөгөөд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс тухайн үл хөдлөх хөрөнгө ашиглалтад орсон 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оныг дуусталх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан байна.
“Ш” ХХК-иас “өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, “орон сууц”-ны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулсан нь хууль бус, хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгаар, уг 185 үл хөдлөх хөрөнгүүдийг “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар”-аас чөлөөлөгдөх үндэслэлтэй болохыг тогтоолгох, татвар төлсөн дүнгээр ирээдүйд төлөх татвараас суутган тооцуулах”-аар маргав.
Шүүхээс Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай (2000 онд батлагдсан) хуульд албан татвараас чөлөөлөгдөхөөр заасан “орон сууц” гэх ойлголтод “өөрийн амьдран суух болон ажилчдынхаа нийгмийн анхдагч хэрэгцээг хангах зориулалт бүхий тодорхой тооны орон сууцыг хамааруулан ойлгохоос бус ашиг олох зорилгоор түрээслүүлж буй “орон сууц” нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх агуулгагүй” гэж дүгнэжээ. Дээрх орон сууцууд нь нийтийн болон амины орон сууц биш бөгөөд ашиг олох зорилгоор ашиглагддаг, нэхэмжлэгч компанийн татвар ногдох орлогыг бүрдүүлдэг орон сууц болохын хувьд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх боломжгүй. Иймд “Ш” ХХК-ийн өмчлөлийн 185 орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгүүдэд 2016-2020 оны хооронд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулан, хураасан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн үйл ажиллагаа нь Татварын ерөнхий хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд нийцсэн гэж дүгнэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв, “орон сууц” гэдгийг үгийн шууд утгаас нь илүүтэйгээр тухайн үл хөдлөх хөрөнгийг эзэмших зорилгыг харгалзан үзэх шаардлагатай. Түүнчлэн Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд тусгайлан “орон сууц”-ыг албан татвараас чөлөөлөхөөр заасан нь ямар зорилгоор эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаагаас үл хамааруулж чөлөөлсөн зохицуулалт биш гэдэг нь 2000 онд батлагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн танилцуулга, үзэл баримтлал болон Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Шүүхийн шийдвэрүүд:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022.06.20-ны өдрийн 128/ШШ2022/0482 дугаар шийдвэр, https://shuukh.mn/single_case/10302?daterange=2022-01-01%20-%202022-11-13&id=1&court_cat=3&bb=1
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.10.13-ны өдрийн 221/МА2022/0662 дугаар магадлал, https://shuukh.mn/single_case/5310?daterange=2022-01-01%20-%202022-11-13&id=2&court_cat=3&bb=1
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй.
Хураангуйг бэлтгэсэн: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Билгүүн