Ирэх оноос зөвхөн цахимаар бүртгүүлсэн ашигт малтмалыг экспортолно

323

Ирэх оноос зөвхөн цахимаар бүртгүүлсэн ашигт малтмалыг экспортолно

 

УИХ-ын намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, макро эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр экспортын орлогыг нэмэгдүүлэх тухай мэдээлэл хийв.

 

Сайд Ч.Хүрэлбаатар ярихдаа, “Манай улсын ДНБ энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеийнхээс 1.9 хувиар өслөө. Эдийн засгийн өсөлтийн 1.8 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар бүрдүүлснийг хасаж тооцвол өсөлт 0.1 хувь болохоор байна. Гадаад хүчин зүйлээс шалтгаалж, уул уурхайн салбарын ДНБ 18 хувиар агшиж, эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөлсөн. ҮСХ-ны мэдээллээр, ДНБ-ий гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 8 дугаар сард 2.6 хувь болж нэмэгдсэн. Жилийн инфляц 9 сард улсын хэмжээнд 13.8 хувьд хүрч, төв банкны зорилтот түвшнээс 2 дахин их байгаа. Цар тахлаас өмнө нийт инфляцын 30 хувь бүрдүүлж байсан импортын барааны инфляц 56 хувьд хүрлээ. Мөнгөний нийлүүлэлт цар тахлын өмнөх түвшнээс 30 гаруй хувиар нэмэгдэж, одоогоор 27-28 их наяд төгрөгт хүрлээ. Арилжааны банкуудын зээлийн үлдэгдэл 8 сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 14.6 хувиар өсөж, 22.6 их наяд төгрөгт хүрсэн. Зээлийн өсөлтийн дийлэнхийг худалдаа, хэрэглээний зээл эзэлж байгаа.

 

Макро эдийн засгийн гадаад нөхцөл байдал тогтворгүй эмзэг хэвээр байна. Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал нэмэгдэн, гадаад валютын албан нөөц багасаж, төгрөгийн ханш суларч байгаа нь эдийн засагт тулгарч буй асуудал юм. Төлбөрийн тэнцлийн алдагдал энэ оны эхний 8 сарын байдлаар 1.5 тэрбум ам.долларт хүрлээ. Уул уурхайн экспорт нэмэгдсэн ч бодит орлого багассан нь төлбөрийн тэнцлийн алдагдлын шалтгаан. Гадаад валютын албан нөөц оны эхнээс 1.6 тэрбум ам.доллароор багасаж, 9 дүгээр сарын байдлаар 2.8 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ сарын 20-ны байдлаар ам.доллар 3374 төгрөг болж, оны эхнээс 524 төгрөг буюу 18 хувиар суларлаа. Валют ханшийн зөрүү сүүлийн 3 жилд 4 төгрөг байсан бол энэ оны 4 дүгээр сард 150, есдүгээр сард 200 төгрөгөөр даваад байна. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарах төлөв нь уул уурхайн бүтээгдэхүүний эрэлт, валютын урсгалд сөргөөр нөлөөлж болзошгүй. Засгийн газрын гадаад үнэт цаасны үнэ унаж, өгөөжийн түвшин өссөн нь өрийн зохицуулалтын хүрээнд арилжаалах гадаад үнэт цаасны хүү өндөр тогтож, валютын гарах урсгалын эрсдэл бий болгож байна. Хөгжингүй орнууд бодлогын хүүгээ нэмж байгаа нь шинээр бонд гаргах, арилжааны зээл авах, хүү нэмэгдэх давхар эрсдэл үүсгэнэ. Эдгээр нь манай улсад орох валютын урсгалыг нэмэх, зээлжих зэрэглэлийг бууруулахгүй байх, аливаа хоригт өртөхгүй байх шаардлага бий болгож байгаа”-г онцоллоо.

 

Засгийн газар богино хугацаанд экспортыг нэмэх чиглэлд ирэх оны эхний улиралд бодит арга хэмжээ авахаар төлөвлөөд байна. ГЕГ-ын мэдээгээр, уул уурхайн экспортоор тэргүүлэгч 10 компанийн гаальд бүртгүүлсэн экспортын дүн 5.5 тэрбум ам.доллар байгаа ч Монголбанкны мэдээгээр эдгээр компанид 2.9 тэрбум ам.долларын орлого орж, 2.6 тэрбум ам.долларын зөрүү үүсжээ. Энэ зөрүүнээс 2.3 тэрбум ам.доллар нь нүүрс эксортлогч 4 аж ахуйн нэгжид хамаарч байна. Зөрүүг үүсгэсэн шалтгаан нь ашигт малтмалын борлуулалтын орлогыг урьдчилан авсан, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хөрс хуулалтын ажлын төлбөрийг мөнгөөр бус ашигт малтмалаар барагдуулсан, ГЕГ-ын мэдээг жишиг үнээр бүртгэдэг, нүүрсийг зах зээлийн бодит үнээс доогуур борлуулсантай холбоотой аж. 

 

Эдгээр шалтгааныг арилгах, богино хугацаанд валтын орлого нэмэх арга хэмжээ тусгасан тогтоол баталж хэрэгжүүлж байгаа. Тухайлбал, ашигт малтмал олборлох, боловсруулах, тээвэрлэх, хадгалах бүх дамжлагад төлбөрийн баримт үүсгэх, гэрээг цахим системд бүртгэх тогтолцоо бүрдүүлнэ. Ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс зөвхөн бүртгүүлсэн ашигт малтмалыг экспортолно. Ашигт малтмалыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулах, уул уурхайн биржийн тогтолцоог ирэх оны эхний улиралд нэвтрүүлэхийг сайд Ч.Хүрэлбаатар тэмдэглэв.

 

Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалыг хилийн үнээр борлуулж, ачаа тээврийн хил нэвтрэх зөвшөөрлийг өөрсдөө олгоно. Монгол Улсын нутаг дэвсгэр хийж буй хөрс хуулалт, олборлолт, тээвэрлэлт зэрэг бүх үйл ажиллагааны төлбөрийг үндэсний мөнгөн тэмдэгтээр хийнэ. ТӨК-уд Засгийн газрын шийдвэргүйгээр төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй гэрээ шинээр байгуулахыг хориглож, өмнө нь хийсэн борлуулалт, хөрөнгө оруулалт, худалдан авалттай холбоотой гэрээ, хэлэцээрийг нууцаас гаргаж ил тод болгоно. Түүнчлэн, ашигт малтмал олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нарын олборлолт, экспортын тасралтгүй үйл ажиллагааг хангахыг дэмжинэ. Тогтоол баталснаас хойш сүүлийн 2 долоо хоногт 260.6 сая амдолларын орлого орж эерэг үр дүн гарч байгаа. Төлөвлөсөн ажлаа хэрэгжүүлснээр гадаад валютын ханшийн дарамтыг ирэх онд бууруулах боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр онцоллоо. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.