Үдийн хоолны төсвийг нэмсэн ч тэжээллэг чанар өөрчлөгдсөнгүй
-480-650 ккал хоолны илчлэгийг өнгөрсөн онд 900 төгрөгөөр авдаг байсан бол энэ онд 1500 төгрөгөөр авч байна-
Бага боловсролын сурлагын амжилтын үнэлгээг 2005 онд хийсэн байдаг. Энэ үнэлгээгээр математик, монгол хэл, амьдрах ухаан хичээлийн бага ангийн хүүхдүүдийн сурлагын амжилт хичээл дээрээ өлсдөг хүүхэд, хичээл дээрээ өлсдөггүй хүүхдээс 12.4 хувиар сурлагын бага амжилт үзүүлж байсан байна. Үүнээс үндэслэж Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр 2006 оноос эхэлж I, II ангийн сурагчдад үдийн цайг 300 төгрөгөөр тооцож эхлүүлсэн байдаг.
2008 онд 400 төгрөг, 2013 онд 600 төгрөг, 2020 онд 900 төгрөг болгож байжээ.
Эрүүл мэндийн яам 2017 онд Монгол хүний хоол тэжээлийн байдлаар судалгаа явуулахад бага ангийн сурагчдын дөрвөн хүүхэд тутмын нэг нь илүүдэл жинтэй байна гэж гарсан. Энэ нь зөвхөн буруу хооллолтоос болсон гэж эрдэмтэд үзсэн байна. Иймд 2019 онд ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ тогтоолоор 1-12 дугаар ангийн бүх сурагчид үдийн хоолонд үе шаттайгаар хамрагдахаар болсон. Энэ оны есдүгээр сарын 1-нээс дунд анги, дараа жилээс нь ахлах ангийн сурагчид хамрагдах ёстой байсан ч эдийн засгийн нөхцөл байдал, улс орны төсөвтэй холбоотойгоор нэг жилээр хойшилж хэрэгжихээр болжээ.
Ерөнхий боловсролын сургуулийн Үдийн цай хөтөлбөрийг Үдийн хоол хөтөлбөр болгож 2021 оны хичээлийн жилээс хэрэгжүүлж байгаа билээ. I-V ангийн нэг хүүхдэд ногдох хоолны зардал 900 төгрөг байсныг 1500 төгрөг болгож нэмсэн юм. Харин тусгай хэрэгцээт хүүхдүүдийн үдийн хоолны зардлыг 2400 төгрөгөөр тогтоосон.
165 СУРГУУЛЬ ТҮРЭЭСИЙН ГАЛ ТОГОО АЖИЛЛУУЛЖ БАЙНА
Энэ хичээлийн жилд бага ангийн буюу I-V ангийн 371.480 хүүхэд үдийн хоолонд хамрагдаж байна. Үүний 92.8 хувь нь төрийн өмчийн сургуульд суралцаж буй. Эдгээр сурагчдын 80 хувь нь хичээлийн таван өдөр халуун хоол иддэг бол 20 хувь нь хоёр өдөр халуун хоол, гурван өдөр бэлэн бүтээгдэхүүн гэсэн холимог байдлаар хооллодог байна.
Энэ нь хүний нөөц, гал тогоо, тоног төхөөрөмжийн асуудлаас болсон гэв. Энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны яамны Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Түмэнжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд улсын төсөв болон, олон улсын байгууллагын тусламжийн хүрээнд 40 хувь буюу 238 сургуулийн тоног төхөөрөмжийн асуудлыг шийдсэн. Улсын хэмжээнд бидэнд тулгамдаж буй асуудлын нэг бол түрээсийн гал тогоо юм. Энэ нь нийт сургуулийн 25 хувь буюу 165 сургууль нь гал тогоогоо бусдад түрээслүүлэх, эсвэл бэлэн бүтээгдэхүүн зөөвөрлөх байдлаар Үдийн хоол хөтөлбөр хэрэгжүүлж байна. Гэтэл хуульд түрээсийн гал тогоо ажиллуулахыг хориглоно гэсэн заалт байдаг. Тиймээс түрээсийн гал тогоог халахаар ажиллаж байна.
Энэ жилийн тухайд нийслэлийн хэмжээнд 43 сургуулийн гал тогоог түрээснээс гаргаж, хүний нөөц бэлтгэх, тоног төхөөрөмжийг шийдвэрлэх үйл ажиллагааг үе шаттай хэрэгжүүлнэ. Дараагийн асуудал нь хоол зүйчийн асуудал юм. Үүнд салбар яамнаас хөдөө орон нутгийн боловсролын газруудад хоол зүйчийг томилсон. 30 газар хоол зүйчийг томилох ёстойгоос 21 газар томилогдоод ажиллаж байна. Мөн бид төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд Хүүхдийг ивээх сантай хамтарч, сургуульд хоол зүйч ажиллуулах ажлыг эхлүүлсэн. Үүний хүрээнд Шинжлэх ухаан технологийн их сургуулийн хоол зүйч мэргэжлээр төгсөгчдийг ажиллуулахаар тус сургуультай хамтран ажиллаж байна. Эдгээр хоол зүйчдийг эхний ээлжид хамгийн олон хүүхэдтэй сургуульд томилно.
Хоолны норматив зардал бол тулгамдаж буй асуудлын нэг. Инфляцын түвшин, цар тахлын нөхцөл байдалтай холбоотой бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалж сургууль, цэцэрлэгийн хоолны норматив хүүхдийн авах ёстой үндсэн илчлэгийн 50 хувьд л хүрч байгаа. Тийм учраас хоолны норматив зардлыг нэмэх асуудлыг 2023 оны төсөвт оруулах талаар санал хүргүүлсэн. Мөн эцэг, эхийн оролцоог хангах гэсэн төлөвлөгөөг оруулж байна. Цаашдаа сургуулийн хүүхдийн хоолны асуудалд Мэргэжил сургалтын үйлдвэрлэлийн төвийг түшиглэх, өртөгт суурилсан санхүүжилтийг нэвтрүүлэх гэх мэтээр хэлбэрээ өөрчлөхөөр ажиллана” гэсэн юм.
ТЭЖЭЭЛЛЭГ ХООЛ ӨГӨХИЙГ ХИЧЭЭДЭГ Ч НАРИЙН НОГОО ҮНЭТЭЙ БАЙНА ГЭВ
Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр сургуульд баасан гарагт ирэхэд үдийн хоолондоо цуйван, сүүтэй цай өгсөн байв. Тус сургууль даваа гарагт гульяш, үзэмний шүүс, мягмар гарагт хөц будаатай шөл, талх, цай, лхагва гарагт будаатай хуурга, халуун аарц, пүрэв гарагт ногоотой шөл, мантуу олгосон аж. Хоолны илчлэг 480-650 ккал гэжээ.
Тус гал тогооны тогооч “Хүүхдүүддээ аль болох тэжээллэг, илчлэг өндөртэй хоол өгөхийг хичээдэг. Гэвч нарийн ногооны болон бусад бүтээгдэхүүний үнэ өссөн тул зарим бүтээгдэхүүнээ авч чадахгүй хямд бүтээгдэхүүнээр орлуулдаг. Хоолны орц, цэсээ шинэчилье гэхээр төсөв мөнгө нь яагаад ч хүрдэггүй. Хоолоо хийгээд анги руу нь оруулж өгөхөд хүүхдүүд маш их баярлаж байгааг харахаар сайхан санагддаг. Дахиад хоолоо нэмүүлье гэсэн хүүхдүүддээ аль болох нэмж өгөхийг хичээдэг” гэлээ.
Үдийн хоолоо идэж дуусаад аягаа угаахаар хүүхдүүд бужигнаж байв. Энэ үеэр тус сургуулийн нэгдүгээр ангийн сурагч Э.Анужинтай хэсэг хором ярилцлаа. Тэрбээр “Хоол маань таалагддаг. Бантан, мантуун бууз, шөлтэй хоол идсэн. Хоолондоо цаддаг, дахиж нэмүүлдэггүй. Тахианы мах, гульяш их өгөөсэй гэж хүсэж байна” гэсэн юм.
Харин тус сургуулийн хоёрдугаар ангийн сурагч Ж.Номин “Үдийн хоол гоё амттай байдаг. Би хоёр аягыг идэж байж л цаддаг. Нэмээд идье гэхэд нэмж өгдөг. Бөөрөнхий мах будаатай хоол өгсөн, тэр нь гоё амттай байсан. Сая цуйван идсэн. Би шөлтэй хоолонд дуртай” хэмээн цоглог дуугаар хариулж байлаа. Сурагчид хоолоо ирэхийг тэсэн ядан хүлээдэг тухай өгүүлж байсан юм.
ХООЛНЫ ГАЗАРГҮЙ ЕСӨН СУРГУУЛЬД БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮН ӨГЧ БАЙНА
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан төлөвлөгөөнд ерөнхий боловсролын сургуулиудын цайны газрын түрээсийн гэрээг үе шаттайгаар дуусгавар болгож, 2024 он гэхэд бүх сургууль гал тогоогоо бие даан хариуцаж, Үдийн хоол хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан.
Энэ талаар БШУЯ-ны Суралцагчийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний бодлогын удирдлага, зохицуулалт, тайлагналт, шим тэжээлийн асуудал хариуцсан шинжээч Д.Цэндсүрэн “Нийслэлд хоолны газаргүй есөн сургууль байна. Эдгээр сургуулийн үдийн хоол аравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Хэрэгжиж эхлэх хүртэл бэлэн бүтээгдэхүүн өгч байна. Шалтгаан нь тендер орой зарласнаас хамаараад хоолны газрын засварын ажил бүрэн дуусаагүй байгаа юм. Энэ оны арваннэгдүгээр сараас эхэлж КОЙКА олон улсын байгууллагатай хамтарч нийслэлийн 10 сургуулийг хоол үйлдвэрлэлийн жишиг сургууль болгохоор ажиллаж байна” гэв.
МХЕГ: СУРГУУЛИУДЫН ҮДИЙН ХООЛНЫ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд төрийн бүх шатны буюу Засаг дарга, аймаг, нийслэлийн боловсрол, эрүүл мэндийн газар, мэргэжлийн хяналтын газар хяналт хяналт тавих үүрэгтэй. Хөндлөнгийн хяналтыг суралцагчийн эцэг, эх, асран хамгаалагч, багш, сурагчийн төлөөлөл оролцсон орон тооны зөвлөл хийдэг. Дотоод үүргийг сургууль өөрөө тавьдаг. МХЕГ-аас сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд жил бүр удирдамж батлуулж хянах үүрэгтэй.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Д.Сарантуяа “2022-2023 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг хоёр үе шаттай хийж байна. Эхний үе шат наймдугаар сарын 22-ноос энэ сарын 2-ны өдөр хүртэл үргэлжилсэн. Үүнд, засвар үйлчилгээ, тохижилт, усны чанар, аюулгүй байдал, багшийн хүрэлцээ хэр байна вэ гэдэгт хяналт шалгалт явуулсан. Хоёрдугаар үе шат энэ сарын 2-16-ныг хүртэл үргэлжилнэ. Үүнд, халдвар хамгаалалт, хоол хүнсний хангамж, сургуулийн хоолны үйлдвэр, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжих нөхцөлийг бүрдүүлсэн байдал, хүнсний чанар аюулгүй байдал хэр хангагдсан тал дээр хяналт хийгдэж байна.
Өмнөх онд нийслэлийн 267 сургууль, хоол хүнс хангамжийн таван байгууллагад хяналт шалгалт хийхэд хэрэглэхээр нөөцөлсөн болон түгээлтийн байгууллагад хадгалагдаж буй гарал үүсэл нь тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтыг бүрэн хийгээгүй, чанар аюулгүй байдал нь алдагдсан, хэрэглэх хугацаа нь дууссан зөрчил бүхий 26 нэр төрлийн бүтээгдэхүүн байсан. Үүнд, гурил, төрөл бүрийн будаа, будааны няцалбар, гоймон, жигнэмэг, чанамал гэх мэт бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал алдагдсан байсан. Эдгээрийг хэрэглээнээс хасуулж, дахин зөрчил гаргахгүй байх арга зүйн зөвлөгөө өгсөн.
Энэ онд Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоол хүнсэнд хэрэглэх бүтээгдэхүүний жагсаалтыг Эрүүл мэндийн яамнаас гаргасан. Түүнд үйлдвэрийн аргаар боловсруулсан мах хэрэглэнэ гэж зааж өгсөн. Тэгэхээр сургууль, цэцэрлэгт хүнс нийлүүлдэг таван байгууллага дээр хяналт шалгалтын ажлыг хийнэ. Сургуулиуд долоо хоног бүр хоолны цэсээ гаргасан байх шаардлагатай. Үдийн хоол хөтөлбөрөөс авах ёстой илчлэгийн хэмжээг авч байх ёстой. Манай байгууллагаас батлагдсан цэсийн дагуу ажиллаж байна уу, тухайн цэсийн дагуу хоолоо өгч байна уу гэдэгт хяналт тавьдаг. Зөрчил гаргасан тохиолдолд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу ямар хариуцлага ногдуулахаар заасан байна, түүний дагуу арга хэмжээ авна” гэлээ.
Эх сурвалж: Өглөөний сонин