Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 105.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ
Улсын хэмжээнд мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого энэ оны эхний хагас жилд 854.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 105.1 (14 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд утасгүй холбооны үйл ажиллагааны орлого 62 (14.3 хувь) тэрбум, утсан холбооны орлого 26 (28.6 хувь) тэрбум, өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйл ажиллагааны орлого 14.1 (14.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Суурин утасны цэгийн тоо энэ оны 2 дугаар улирлын эцэст 340.6 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 30.8 (9.9 хувь) мянган цэгээр нэмэгдсэн байна. Ийнхүү нэмэгдэхэд нийслэлийн суурин утасны цэг 27.8 (10.9 хувь) мянгаар өссөн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.
Кабелийн телевиз хэрэглэгчид энэ оны 2 дугаар улирлын эцэст 975.7 мянга болж, өмнөх оны мөн үеийнхээс 32.7 (3.5 хувь) мянган хэрэглэгчээр нэмэгдэв. Үүнд Улаанбаатар хотод 6.5 (1.3 хувь), Дорноговь аймагт 2.5 (11.1 хувь), Ховд аймагт 2.3 (12.4 хувь), Дархан-Уул аймагт 2 (8 хувь), Хөвсгөл аймагт 1.9 (5.9 хувь) мянган хэрэглэгчдээр нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчид энэ оны 2 дугаар улирлын эцэст 4.7 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеийнхээс 187.8 (4.2 хувь) мянган хэрэглэгчээр нэмэгджээ. Энэ өсөлтөд Өмнөговь аймгийн хэрэглэгч 12.8, Улаанбаатар хотын хэрэглэгч 9.1, Дундговь аймгийн хэрэглэгч 2.9 хувиар нэмэгдсэн нь нөлөөлөв.
Интернэт хэрэглэгчдийн тоо мөн хугацаанд 4.1 сая болж, өмнөх оны мөн үеийнхээс 136.6 (3.4 хувь) мянган хэрэглэгчээр нэмэгдлээ. Үүнд үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгч 99.8 (2.5 хувь), гэрээт интернэт хэрэглэгч 36.8 (10.7 хувь) мянгаар тус тус өссөн нь нөлөөлжээ.
MONTSAME