БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад айлчилж байна
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад айлчилж байна. Ийнхүү БНСУ-ын Гадаад хэргийн сайд найман жилийн дараа Монгол Улсад айлчлал хийж байгаа юм.
"Айлчлалын зорилго нь эдийн засгийн аюулгүй байдлыг хангах практик хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх" гэж тэрбээр мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг мэдээллээ. Мөн Монгол Улс байгалийн баялгаараа дэлхийд аравдугаарт ордгийг тодотгоод нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлж, тогтворжуулах хүрээнд хоёр орны харилцааг гүнзгийрүүлэхийг зорьж буйгаа онцолжээ.
Айлчлалын хүрээнд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийнэ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзах үедээ БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёлын захидлыг хүлээлгэн өгөхийг “Yonhap” агентлаг мэдээллээ.
М.Аминаа
Bloomberg Tv