Д.Бат-Од: Зөнөг залгасан хэдэн хөгшин, хэнээ туссан хэсэг залуус төр болж тоглоод байна

363

АН-ын Улс төр, бодлогын газрын дарга Д.Бат-Одтой ярилцлаа.
-Танай нам наймдугаар сарын сүүлчээр Их хурлаа зарлажээ. Энэ удаагийн Их хурлаараа ямар асуудлууд хэлэлцэх вэ?
-Ардчилсан нам шинээр Их хурал зарлаагүй, нээлттэй байсан Их хурлыг үргэлжлүүлэх тов энэ сарын 22-ны өдөр гарсан. Намын дотоод асуудал болон өнөөгийн нийгэмд тулгамдаад буй асуудлууд, Монгол Улсын эдийн засаг, гадаад, дотоод бодлого, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэх мэт асуудлуудаар намын их хурлын төлөөлөгчид нээлттэй хэлэлцэнэ. Намын дотоод асуудлаа эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна.
-АН хоёр талд Их хурлаа зарлаад, тус тусдаа даргаа батламжлаад яваад байх юм. Ийм байдалд залхсан намын чадварлаг залуус өөр нам руу орж байгаа гэж дуулдах боллоо. Учир зүйгээ олоод АН гэдэг туган дороо нэгдчихэж болдоггүй юм уу?
-АН нэн яаралтай учир зүйгээ олох хэрэгтэй нь үнэн. Энд нэг зүйлийг тодруулан хэлэхэд, Ардчилсан намд хагарал байхгүй. Одоо үүсээд буй нөхцөл байдал бол МАН-ын улс төрийн ашиг хонжоо хайсан, улс төрийн насжилтаа уртасгах гэсэн, АН-ыг дэмжигч иргэдийн итгэл үнэмшлийг мохоох гэсэн үйлдэл шүү дээ. Өнгөн дээрээ манай намын дотоод асуудал мэт харагдавч эрх баригчдын явуулгын үр дүн гэдгийг хатуухан хэлмээр байна. Ардчилсан нам Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэгдсэн Үндсэн дүрэмтэй. Намын даргыг яаж сонгох, хэрхэн батлах гэдэг нь маш тодорхой байгаа. Манай намын дүрэмд цахим сонгууль, цахим санал хураалт гэж байхгүй.
АН аль ч цаг үед Үндсэн дүрмээ баримтлан дотоод асуудлаа шийдэж хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулж ирсэн практиктай. Гэтэл Улсын дээд шүүх шийдвэр гаргахаас зайлсхийж асуудлыг сунжруулж төрийн байгууллага тодруулбал, УБЕГ намын дотоод асуудалд оролцож эрх баригч намын захиалгаар шөнө дунд хууль бус үйл ажиллагаа буюу хуурамч тамга үйлдэж нэр бүхий хүмүүст үйлчилж байгаа нь гэмт хэрэг, шударга өрсөлдөөнөөс эмээсэн сөрөг хүчний үнэн нүүр царай!
-АН-ын “ах нар” яагаад залуу үедээ байр сууриа тавьж өгдөггүй юм бэ?
-Манай намд улс эх орноо аваад явчих ноён нуруу, төлөвшил, мэдлэг боловсрол, хүсэл тэмүүлэл, хийж бүтээх чин хүсэлтэй залуус олон бий. Гэтэл лай болж, зай тавьж өгдөггүй хүмүүс манай гэлтгүй бусад намд ч байна. Эрх баригчдыг хараад байхад зөнөг залгасан хэдэн хөгшин, хэнээ туссан хэсэг залуус төр болж тоглоод байх юм. Харин манай намд олон жил дарлуулсан ч сонголтондоо бат цайз мэт зогсож чаддаг үзэл бодол, итгэл үнэмшилтэй залуус олон бий. Мэдээж Ардчилал ялах үед улс орны хөгжил, төрийн гадаад, дотоод бодлого, нэр хүнд, өнгө төрх, парламентын засаглал, шударга ёс өнгөө олох болно. Бид залуусаараа манлайлна. Ардчилал хоёр дахь давлагаан дээрээ ирчихээд байна. Бодлого, үзэл санаа, өнгө төрхийн хувьд ч өөрчлөгдөж байна. Цөөвөр чоно шиг ганц ганцаараа явах биш илүү нягтарч, ойртож, бодлогоо нэгтгэж, ойлголцож, цомхон, хариуцлагатай байж ханддагийн хувьд өөрчлөгдсөнөөр ард түмний төрд итгэх итгэл, Монгол Улсыг дэлхий дахин харах өнцөг хүртэл өөр болох учиртай. Ардчиллын “ах нар” түүхэн үүргээ гүйцэтгээд Монголын хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулсанд талархаж байна. Харин одоо залуу үедээ жолоо, цулбуураа атгуулж, олом жирмийг нь сайхан татаж өгөөд сүү цайныхаа дээжийг өргөөд зөвлөж туслаад явах хэрэгтэй. Ардчиллын залууст итгэж найдах цаг нь болсон. Бид улс орноо өөрчилнө гэдэгт итгэлтэй байгаа. Манай намд хууль, гадаад бодлого, эдийн засаг, хүний эрхийн талаар мэргэшсэн чадварлаг залуус олон бий.
-Шүүх танай намын асуудалд хоёр үзүүртэй шийдвэр гаргаж явсаар 2024 оны сонгуультай залгавал хэцүүдэх юм биш үү. Харин нэгдэж чадвал сонгуульд өнгөлнө гэдгийг хаа хаанаа ойлгомоор юм. Намын хагарлыг эрх баригчдын явуулга гэхээсээ илүүтэйгээр АН-ын “ах нар”-ын эрх ашгийн тэмцэл яваад байна гэж нийгэм харж байгаа. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Намаа толгойлон сонгуульд оролцож, ялагдал хүлээсэн удирдлага хариуцлага хүлээж огцордог. Гэтэл АН-ыг байгуулсан гэж ярьдаг хэрнээ энэ намыг өмчлөх дон туссан, насаараа дарга хийх хүсэлтэй МАН-ын генсектэй хүзүү сээрээрээ холбогдсон, АН-ын үнэт зүйл, иргэдийн хүсэл мөрөөдлийг золигт гаргаж байгаа хэсэг бүлэг хүмүүс бий... Тухайлбал, АН-аас Орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, ялалт байгуулсан журмын нөхдийнхөө эсрэг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаад явж байх жишээтэй. С.Эрдэнэ тэргүүтэй МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн дохио зааврыг эрээ цээргүй гүйцэлдүүлдэг жигшмээр хүмүүс байгааг үгүйсгэхгүй.
-Ингэхэд МАН-ын генсек танай намын ЕНБД-ыг нэр төрд халдсан асуудлаар шүүхэд өгсөн нь юу болж байна вэ?
-Энэ асуудал үүсээд нэлээд хугацаа өнгөрч байна. Хэвлэлээр МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан АН-ын ЕНБД И.Мөнхжаргалыг шүүхэд өгсөн гэх ташаа мэдээлэл цацагдах юм. Үнэндээ АН-ын ЕНБД И.Мөнхжаргал МАН-ыг АН-ын дотоод асуудалд оролцох үйлдлээ зогсоо хэмээснийг МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан гуйвуулж МАН-ын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Гомдлын дагуу цагдаагийн байгууллага шалгаж прокурорт шилжүүлсэн нь шүүхэд очоод няцаагдсан. Гэтэл прокурор давж заалдан дахин шүүх хурал товлосон нь энэ сарын 1-ний өдөр байсан ч МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчийн хүсэлтээр дахин хойшлуулсан. Энэ бол аргаа барсан үйлдэл, МАН-д нэр төр гэх зүйл үлдээгүй тэгээд ч эрх баригч намын нэр хүндийг эрүүгийн хуулиар хамгаалдаггүй. Ер нь өнөөгийн эрх баригчдын ганц зэвсэг эрүүгийн хууль болоод байна уу даа. Сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлээд, үзэл бодлоо илэрхийлээд, иргэдийнхээ мэдэх эрхийн төлөө тэмцээд, эрэн сурвалжилж, эрсдэл гаргаад явдаг. Гэтэл улс төрийн өндөр албан тушаалтан, нөлөө бүхий этгээдүүд иргэдийн мэдэх эрхийг нь хаах замаар сэтгүүлчдийг хорьж, шүүхээр оруулаад байх юм. Статистикаас харахад, 2018 онд 38, 2019 онд 23, 2020 онд 40 гаруй сэтгүүлчид улс төрийн нөлөө бүхий хүмүүс гомдол гаргаж, хууль хяналтын байгууллагаар шийдэгдсэн байх жишээтэй. Яг үнэндээ Ардын нам шүүмж сонсож чадахаа байсан. Нялх хүүхэд шиг дэндүү эмзэг төртэй болжээ, бид.
-Өнөөдөр Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар ҮХНӨ-тэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ. Удахгүй УИХ-ын ээлжит бус чуулган зарлаж, Үндсэн хуулийг хэлэлцэхээр төлөвлөж байгаа. Ер нь ҮХНӨ-ийг яаж явуулбал зөв болох вэ?
-Эрх баригчид Монголд засаглалын хямрал үүсч, нийгэм эдийн засаг хүндэрсэн нь Үндсэн хуулиас болсон юм шиг мэдээллийг ард иргэдэд өгч байна. Үнэндээ тийм зүйл байхгүй. Үндсэн хуулийг үеийн үед Ардын нам МАХН байхаасаа өөрчилсөн. Парламентад хэт үнэмлэхүй олонх байхдаа дордохын долоон өөрчлөлтөөс эхлээд гар хүрсэн шүү дээ. Эрх баригч нам хэзээ ч зөвшилцлийн зарчмыг баримталж Үндсэн хуулийг өөрчилж байгаагүй. Өнөөдөр нийгэм эдийн засаг, бодлогын хүрээнд стратегийн алтан боломжоо алдчихлаа. Тиймд тодорхой улстөрчдийн нэр хүнд унаад байгаа нь туйлын үнэн. МАН түүхэнд муугаар бичигдэх хар толбо болон тэмдэглэгдэхээс зайлсхийж, Үндсэн хууль руу бүх буруугаа чихээд байгаа юм. Энэ бол зөвхөн амин хувийн үзэл, намын байнгын ялагч, бусад нь дагавар нам байх улс төрийн тогтолцоог Монголд нутагшуулах гэсэн зорилго. Үнэхээр ҮХНӨ-ийг хийхдээ тулбал шинэ үеэр хийлгэх нь зөв.
-Сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэхийн тулд ҮХНӨ-ийг явуулна гэж байгаа шүү дээ?
-Нийгэмд мэдээлж байгаагаар УИХ 152 гишүүнтэй болж, тэднийг таван жилээр сонгодог болох юм байна. Мөн УИХ-ын гишүүн давхар дээлтэй байж болохыг Х.Доржханд гишүүнээр дамжуулаад оруулж ирж байх юм. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болж, сонгодог парламентын тогтолцоог төлөвшүүлж жинхэнэ ардчилсан улс болно гэж төсөөлж байх шиг. Гэвч өнгөрсөн найман удаагийн сонгуулийн тавд нь сонгуулийнхаа тогтолцоог өөрчилсөн. Үнэхээр ҮХНӨ-ийг явуулснаар эдийн засаг сэргээд, иргэдийн амьдрал дээшилбэл сайхан л байна. Гэтэл мөн чанартаа ҮХНӨ-ийг хийснээр МАН гол тоглогч, бусад намыг дагавар буюу оролцогч байлгах санаатай. 2020 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн Улс төрийн намын харилцааг зохицуулсан заалтууд 2024 оноос хэрэгжиж эхэлнэ. Баталсан хуулийн заалт нь хэрэгжиж эхлээгүй байхад дахин өөрчлөлт оруулж болдог юм уу! Дахин хэлэе. Бид найман удаагийн сонгууль явуулж, тавд нь өөр сонгуулийн тогтолцоо ашигласан. Сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөөд улс оронд хөгжил цэцэглэлт авчирдаг байсан бол сайхан байх байлаа.
-Одоогийн тогтолцоогоор МАНдараагийн сонгуульд ялах бүрэн магадлалтай. Тэгсэн хэрнээ заавал холимог тогтолцоогоор явъя, олон намын оролцоотой парламентаа бүрдүүлье гээд байгаагийн цаад санааг юу гэж харж байна вэ?
-Өнгөрсөн хаврын улс төр яг л ингэж эхэлсэн. Жижиг намуудыг парламентдаа оруулъя, бусад намуудын дуу хоолойг засаглалын түвшинд аваачъя гэдэг гэгээн бодлоор. ҮХЦ хуралдаад шийдвэр гаргах гэж байх шиг байна. Гэхдээ энэ шийдвэрийг МАН захиалсан нь тодорхой. УИХ-ын ээлжит бус чуулган зарлаад Үндсэн хуулийн асуудлыг шуурхайлж, иргэдийг үзэл суртлаар мунхруулах ажил руугаа ороод эхэлсэн. МАН сайндаа ч биш, мажоратор системээр ялаад гарсан сонгуулийнхаа тогтолцоог солино гээд байх шиг. Судалгааны үр дүнгээс харахад МАН-ыг дэмжихгүй гэсэн хатуу байр суурьтай иргэд МАН-ын үндсэн рейтингээс давчихаад байгаа. Мажоратор сонгуулийн тогтолцооны нэг онцлог нь намын рейтинг өндөр байснаар жижиг тойргуудад олон суудал авдаг. Тэгэхээр МАН мажоратор болон томсгосон мажоратораар ч ялахгүй. МАН бүх хувилбарыг ярьж үзсэн. Бүсчилсэн мажоритар хүртэл ярьж байсан шүү дээ. Ерөөсөө эдний бодож олсон гарц бол засгийн эрхэнд үлдэх, хамтарсан засагт орох, хулгай хийж тендер гувчуулах, энэ олон бонд зээлийн өрүүд, төсвийн алдагдал, хууль бусаар идэж уусан бүхнээ нуухын тулд Үндсэн хуулийн гажуудал гэсэн үзэл суртал хийж байгаа хэрэг.
-Банкууд зээлээ хумж байна. Эдийн засаг цаашид улам хүндэрнэ гэдгийг шинжээчид анхааруулсаар байгаа. Тэгэхээр 2024 оны сонгуулиас өмнө парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ огцоръё гэсэн шийдэлд хүрч магадгүй гэсэн яриа улс төрийн хүрээнийхний дунд яваад байх шиг. Тийм боломж бий юү?
-Намрын улс төрийн хамгийн том сэдэв энэ юм. Монголчууд засаг огцруулаад асуудлыг шийднэ гэж гэнэн итгэдэг байж л дээ. Одоо монголчууд тийм биш болсон. Энэ намрын хамгийн халуун сэдэв бол гүйцэтгэх засаглал бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох асуудал. Ковидын үед сул ажилласан, цар тахалд зориулагдсан хөрөнгийг үр дүнгүй зарцуулсан, эдийн засгаа сэхээнд оруулчихаад нөхөн сэргээх эмчилгээ хийгээгүй зэрэг асуудлаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйх ёстой. УИХ ч бас хариуцлагаа хүлээгээд тарах хэрэгтэй. Монгол Улсын эсрэг гэмт хэрэг хийсэн хүмүүс дахин дэвших эрхгүйгээр тарах ёстой. МАН 2023, 2024 онд ээлжит болон ээлжит бус УИХ-ын сонгууль болсон ч ялагдана. Монголчууд МАН-д хариуцлага тооцно. АН ард түмний итгэлийг хүлээж УИХ-ын сонгуульд ялалт байгуулна. Ардчиллын залууст итгэж болно.
М.Мөнхцэцэг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.