Дэлхий нийтээрээ ӨЛСГӨЛӨНД НЭРВЭГДЭХ эрсдэлтэйг анхааруулав
Өнөөгийн хүнсний хямралыг үл тоомсорлох юм бол дэлхий нийтээрээ өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэлтэй гэж НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бизли мэдэгдлээ.
НҮБ-ын Олон улсын асуудал эрхэлсэн зөвлөлийн зохион байгуулсан хэлэлцүүлгийн үеэр Дэвид Бизли “Бид урьд өмнө хэзээ ч байгаагүй хямралтай тулгараад байна. Хэрэв бид энэ хямралыг стратегийн хувьд үр дүнтэй даван туулахгүй бол одоо л бөөнөөрөө өлсгөлөнд нэрвэгдэж, олон арван улс оронд тогтворгүй байдал, олон нийтийн шилжилт хөдөлгөөн үүсэх эрсдэл биднийг хүлээж байна” гэжээ.
НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрийн гүйцэтгэх захирлын ярьж байгаагаар ирэх жил дээрх асуудал илүү хүндрэх аж.
Үүний өмнө НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш хүнсний аюулгүй байдлын асуудлаар хэлэлцсэн арга хэмжээний үеэр “Дэлхий дахин өлсгөлөнгөөс зугтахын тулд Украин, Оросын хүнсийг зах зээлд эргүүлэн авчрахад л болно” хэмээсэн билээ.
Тэрбээр Оросын бордоо дэлхийн зах зээлд буцаж ирэх ёстой гэж үзэж байгаа аж. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга “Зоримог, уялдаатай бодлого гаргаж ирэхийн тулд хамтран хөдлөх ёстой” гэсэн юм.
Тэрбээр мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Украины хүнсний бүтээгдэхүүнийг Хар тэнгисээр дамжуулан саадгүй экспортлоход чиглэсэн хэлэлцээрүүдийн талаар ярилцсан байна.