Яагаад дэлхий даяар үр тарианы үнэ өсөөд байна вэ?
Сүүлийн өдрүүдэд дэлхий даяар үр тарианы үнэ дахин нэмэгдлээ. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын гаргасан тоо баримтаас үзвэл, 3-р сард дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнийн индекс дээд цэгтээ хүрсэн бөгөөд үр тарианы үнэ ч түүхэн дээд түвшинд хүрчээ. НҮБ-ын хүнсний хөтөлбөрийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүн төрөлхтөн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том хүнсний хямралтай тулгарч магадгүй гэнэ. НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Антонио Гутерриш мөн: "1 тэрбум 700 сая хүн хоол хүнс, эрчим хүч, санхүүгийн системийн доголдолд өртөж, ядуурал, өлсгөлөнг улам хурцдуулж байна" гэжээ.
Гэтэл сүүлийн жилүүдэд дэлхийн үр тарианы ургац жил дараалан нэмэгдэж, 2021-2022 оны үр тарианы ургац 2 тэрбум 800 сая тоннд хүрсэн бөгөөд дэлхийн нэг хүнд ногдох үр тарианы хэмжээ 355 килограммд хүрчээ. Гэхдээ үүнд мах махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс зэрэг багтаагүй. Үүнээс үзэхэд хүнсний бүтээгдэхүүн дутах ёсгүй юм.
Тэгвэл яагаад дэлхийд үр тариа дутагдаагүй байхад үнэ нь урьд хожид байгаагүй өндөрт хүрээд байна вэ? 4-р сарын 12-нд АНУ-ын Ерөнхийлөгч Жо. Байден шатахууны үнийн өсөлтийг зогсоохын тулд био түлшний борлуулалтыг нэмэгдүүлэх яаралтай арга хэмжээ авахаа зарлажээ.
Биотүлшний тосонд биоэтанол, биодизель голчлон ордог ба үүнийг үр тариагаар үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл энэ нь нефтиэс гаргаж авсан бензин, дизель түлшийг орлох боломжтой. Энэ нь л дэлхийн зах зээл дээ био түлшний эрэлтийг нэмэгдүүлэхэд хүргэжээ.
Г.Бямба
Sonin.mn