Ж.Байден "ленд-лийз"-ээр Украинд зэвсэг нийлүүлэх тухай хуульд гарын үсэг зуржээ

397

Киевт цэргийн тусламж үзүүлэх ажлыг хялбарчлах үүднээс АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд “ленд-лийз”-ийн гэрээгээр зэвсэг нийлүүлэх тухай хуульд даваа гарагт гарын үсэг зурлаа. "Украины ардчиллыг хамгаалах 2022 оны хууль" нэртэй уг баримт бичгийг ОХУ Украин руу довтолж эхлэхээс өмнө буюу энэ оны нэгдүгээр сард Конгресст өргөн барьсан юм. Тавдугаар сарын 3-нд уг хуулийн төслийг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим олонхын саналаар (417 нь дэмжсэн, 10 нь эсэргүүцсэн) баталсан ба үүнээс өмнө уг хуулийн төслийг Сенатын танхим баталжээ.
Хуулийн төсөлд зааснаар, АНУ-ын Ерөнхийлөгч "эдгээр орнуудын батлан хамгаалах чадавхыг бэхжүүлэх, энгийн иргэдийг ОХУ-ын болзошгүй халдлага эсвэл тус улсын зүгээс үргэлжилж буй түрэмгийллээс хамгаалахад туслах зорилгоор Украинд болон ОХУ-ын Укриан руу хийсэн довтолгооны улмаас хохирсон Зүүн Европын бусад оронд батлан хамгаалахын тоног төхөөрөмжийг зээлээр олгох, түрээслэхийг Засгийн газарт зөвшөөрч болно". Энэхүү хуулийн төсөл нь Дэлхийн II дайны үед АНУ холбоотнууддаа зэр зэвсэг, цэргийн тоног төхөөрөмж, хоол хүнсийг урт хугацаагаар хойшлуулсан, урьдчилгаа төлбөргүйгээр нийлүүлж байсан ленд-лийзийн тухай хуультай адил хэрэгжинэ. Дэлхийн II дайны үед ийм тусламжийг гол хүлээн авагчдын нэг нь Зөвлөлт Холбоот Улс байв.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн АНУ болон Жо Байденд тусламжийн хөтөлбөрийг дахин сэргээсэнд талархал илэрхийлжээ. “Эрх чөлөө, ирээдүйнхээ төлөө хийж буй тэмцэлд Украинд дэмжлэг үзүүлсэнд @POTUS болон Америкийн ард түмэнд баярлалаа. “Ленд-лийз”-ийн тухай хуульд өнөөдөр гарын үсэг зурсан нь түүхэн алхам боллоо. Бид хамтдаа дахин ялна гэдэгт итгэлтэй байна. Бид Украины, мөн Европын ардчиллыг яг 77 жилийн өмнөх шиг хамгаалах болно” гэж В.Зеленский твиттер хуудсандаа англи хэлээр бичжээ.

“Ленд-лийз”-ийн гэрээний тухай хуулийн юугаараа давуу талтай вэ?Шинжээчдийн хэлснээр, “ленд-лийз”-ийн тухай хууль нь ихэвчлэн зэвсгийн худалдааг дагалддаг хүнд суртлын үйл явцыг ихээхэн хялбаршуулах аж. Энэ тохиолдолд Америкийн зэвсгийг Украин болон Зүүн Европын бусад оронд түрээслэх боломжтой.

“Энэ хуульгүйгээр цэргийн тоног төхөөрөмжийг түрээслэхдээ Украин улс таван жилийн дотор АНУ-д буцааж өгч, эвдрэл хохирлыг нөхөн төлөх ёстой. Харин уг хууль нь ийм хязгаарлалтыг арилгана" гэж Катоны Институтын улс төрийн шинжээч Жордан Коэн “Defenseone” хэвлэлд ярилаа. Үүнээс гадна, энэ хууль нь Жо Байденыг Украинд чухам ямар төрлийн зэвсгийг яаралтай түрээслэхийг хүсэж байгаа талаараа Конгресст заавал үндэслэл гаргах шаардлагагүй болгоно гэж Коэн нэмж хэлэв.

"Ленд-лийз"-ийн гэрээний тухай хууль нь Москватай хийж буй энхийн хэлэлцээнд Киевийн байр суурийг бэхжүүлэх зорилготой гэж Атлантын зөвлөлийн “Forward Defense” хөтөлбөрийн шинжлэх ухааны ахлах үзэлтэн Томас Уоррик үзэж байна. "Энэ нь украинчуудад ч, Путинд ч илүү их зэвсэг, сум удахгүй бэлэн болно гэсэн дохио болж байна" гэж Уоррик хэлжээ.  
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.