"Давхар дээл"-ийн захиалагч нь хэн бэ

349

Манай сайт хэдхэн хоногийн өмнө “Энэ хаврын баараггүй улс төр” нийтлэлээрээ УИХ-ын хаврын  чуулган Журмын тухай хуульд өөрчлөлт оруулж, үүнийхээ араас Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Засгийн газрыг давхар дээлтэй сайд нараар бүрдүүлнэ гэсэн таамаглал анализыг уншигчдад хүргэж байсан билээ. Тэгвэл энэ асуудал дээд түвшиндээ яригдаж тохиролцоонд хүрсэн гэх зарим эх сурвалжийн мэдээлэл байна.
Засгийн газрыг давхар дээлтэнгүүдээр бүрдүүлэх асуудал Л.Оюун-Эрдэнийн танхим байгуулагдахтай зэрэгцэн яригдсан. Нэмэлт өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийн тухайн заалтын бэх нь хатаж амжаагүй байхад олонхын бүлгээрээ оруулсан өөрчлөлтөө ингэж эргэн харах зайлшгүй нөхцөл байдал үүссэн гэж ярьдаг. Бүр зайлшгүй гэж байгаа юм. Засгийн газрыг дан дээлтнүүдээр бүрдүүлэх өөрчлөлт ажил амьдрал дээр санаснаас хол зөрж, төсөөлөл бодит байдал хоёр огт авцалдаж уялдахгүй байна гэцгээж байна.
Ерөнхий сайдын хэлснээр дан дээлтэй сайд нар УИХ дээр асуудлаа шийдүүлэх тал дээр зангараг дутдаг тал бий гэж  ярьж байснаас өөр дан дээлтэнгүүд сайдын албыг давж дийлэхгүй байгаа тухай гаргалгаа, үнэмшил бол байхгүй.
Харин ч энэ Засгийн газрыг  мэргэжлийн талдаа түлхүү учраас гарч байгаа бодлого нь амьдралд арай ойр байна гэх үнэлэлт ч бас байдаг. Мэргэжлийн байна гэдэг илүү давуу тал мөнөөс мөн. Эрүүл мэндийн салбарыг багш,  эсвэл сэтгүүлч  удирдаж байсан жишээнээс мэргэжлийнх байхын ялгаа нийгэмд тодоос тод үлдсэн.
Гэхдээ танхимдаа давхар дээл өмсгөх нь дан ганц зангарагын  асуудал биш байж таарна.  Улс төр, тэр тусмаа Монголын улс төр бол учрыг нь ойлгоход хэцүүхэн таавар. Учир шалтгааных учгийг нь тайлж уншихад амаргүй.  
Наад өнгөн дээрээ давхар дээлийг захиалагч Л.Оюун-Эрдэнэ өөрөө юм шиг харагдавч цаанаа бол нуувчин дотор  нугдайж суугаа олон хүн, нам бүлэглэлийн том эрх ашиг бий.
Ерөнхий сайдын хувьд танхимаа давхар дээлтэй болгосноор олж авах давуу  тал мэдээжээр байгаа. Юуны өмнө Засгийн газраа бөхлөх, тогтвортой байлгах  нэг арга нь энэ. Хоёр дахь нь боломж нь  бодлогоо, ялангуяа өөрийнх нь автор болсон “Шинэ сэргэлтийн бодлого”-оо парламентаар дэмжүүлж, улс төрийн ир бяраа хангах явдал юм.
Албан тушаал эхийн сүүнээс амттай гэдэг шиг манай 76-ийн дотор сайд болох сонирхолгүй гишүүд цөөн байх. Бараг байхгүй ч байж магад. Ялангуяа улс төрийн тогоонд олон жил тонгочиж, “тостой шөл”-ийг нь дахин дахин хүртэх цаг хугацаа хийгээд амбицтай залуу, дунд үеийнхэнд давхар дээл бол боломж.
УИХ-д хоёроос доошгүй удаа сонгогдсон, бас болоогүй Байнгын хорооны дарга хийгээд үзчихсэн улс төрийн туршлагатай гишүүдээр танхимаа бүрдүүлж давхар дээл өмсгөнө гэсэн яриа түлхүү байна. Энэ ч үнэн байх. Бас л нөгөө зангарагийн асуудал шүү дээ.
Хэрэв өрнөл өнцөг талаас нь ийнхүү анзаарч ажиглавал давхар дээл бол дан ганц Засгийн газрын бус  УИХ, бүр цаашилбал эрэх баригч намын асуудал болж харагдана.  Харин захиалагч нь парламент, тэр дундаа горилогсод байж таарна.
 
М.Нэргүй
https://www.toim.mn/article/3b1cg1fa
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.