ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулахыг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.06) нэгдсэн хуралдааны дараа 89.5 хувийн ирцтэйгээр хуралдаж,Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Уг хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлснийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэх, гишүүн хуулийн төслийн тухайн зүйлтэй холбогдуулан хууль санаачлагчаас болон бусад оролцогчоос асуулт асууж болохоор шинэчлэн зохицуулсан.

Харин Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн нэгдүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын Г.Ганболд, Б.Энхбаяр, Ё.Баатарбилэг, Б.Баярсайхан нар Монгол Улсын Ерөнхий сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Мөн дээрх хуулийн төслүүдтэй хамт өргөн баригдсан Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, төслүүдийг зүйл тус бүрээр хэлэлцэв.

Тиймээс энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн батлуулахаар тогтов.
Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар хуулийн төсөлд тусгасныг Улсын Их Хурал дэмжээд байгаа билээ.
Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы маргаашийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг эцэслэн батална гэжУлсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.