“Муу бүхэн сайн талтай”

413

Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн ОХУ өөрийн бүрэн эрхийн дагуу хориг тавьсан учир өнгөрсөн баасан гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины асуудлаар тогтоолын төсөл батлаж чадаагүй юм. Иймээс  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины хямралын талаар Ерөнхий Ассамблейн онц чуулган хуралдуулах тухай 2623 дугаар тогтоолыг ням гарагт баталсан.  НҮБ түүхэндээ ийм онц хурлдааныг 10 удаа зарлаж байгаа бөгөөд Аюулгүйн Зөвлөл сүүлийн дөчин жилийн хугацаанд анх удаагаа ийм тогтоол баталсан гэдгийг тус зөвлөлийн хэвлэлийн мэдэгдэлд онцолсон юм. Ийнхүү  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украины хямралын талаар Ерөнхий Ассамблейн онц чуулган хуралдуулж, ОХУ-д Украины эсрэг хийж буй түрэмгийллээ зогсоож, тус улсын нутгаас үг дуугүй цэргээ гарган, ““ДНР”, “ЛНР”-ийн тусгаар тогтнол" гэх асуудлаа яаралтай эргэн харахыг шаардсан "Украины эсрэг түрэмгийлэл" гэсэн нэртэй тогтоолыг батлав. Уг тогтоолыг 141 улс дэмжиж Орос, Беларусь, Эритрея, Хойд Солонгос,  Сири улс эсэргүүцэж ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэл бүхий Монгол,  Хятад зэрэг  35 улс түтгэлзсэн санал өгчээ. Эритрея гэдэг нь Африкийн зүүн талд, Улаан тэнгисийн эрэгт орших 117 600 км²  газар нутагтай 6,08 сая хүн амтай  улс билээ. Харин энэ тогтоолыг ОХУ ёстой огт тоохгүй. Учир нь  НҮБ-ын Ассамблейн  чуулган 2014 онд оросууд Крымыг хүчээр нэгтгэснийг  буруутгасан тогтоол батлахад 100 улс дэмжиж 11 улс эсэргүүцэж, 58 улс түтгэлзэж байсан юм.  Хэргийн учир нь АНУ тэргүүтэй барууны улсууд Оросын эсрэг явуулж буй арга хэмжээгээ дэлхий нийтээр дэмжүүлж чадсанд байгаа юм.
 
Өнгөрсөн лхагва гарагт  АНУ-ын ерөнхийлөгч Конгрессын хоёр танхимын нэгдсэн чуулганд улс орныхоо өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл тавилаа. “State of the Union” гэж нэрлэгддэг жил тутмын ийм илтгэлийг тус улсын ерөнхийлөгч шинэ оны эхэнд тавьдаг уламжлалтай юм. Ерөнхийлөгч Жо Байдены нэг цаг орчим үргэлжилсэн энэ удаагийн илтгэлд Украины хямралын асуудал бие даасан нэг сэдэв болж орсон байна. Байдены илтгэлд Украины элчин сайд Оксана Маркарова уригдаж, тэргүүн хатагтай Жилл Байдентай зэрэгцэн хүндэт суудалд суусан байв. Ерөнхийлөгч Жо  Байден “Путиний дайн урьдаас төлөвлөгдсөн байсан. Тэр дайнаас сэргийлэх дипломат арга замуудаас татгалзсан.
Тэр Өрнөд болон NATO-г хариу арга хэмжээ авахгүй гэж тооцоолсон байна. Тэр биднийг хагаралдуулж чадна гэж боджээ. Гэвч Путин алдсан. Бид үүнд бэлэн байлаа” гэж  хэлсэн. Мөн тэрээр орос олигархуудын бүх хөрөнгийг хураах болсныг “Тэдний хууль бусаар олсон бүх хөрөнгө, хувийн нисэх онгоц, бусдад гайхуулан зугаацдаг усан онгоцыг нь хураан авна” гэж хэлсэн.
Англи зэрэг европын улсууд төдийгүй Швейцарь, Япон улсууд мөн ийм арга хэмжээ аваад эхэлсэн. Тэрээр Оросын  эсрэг хориг арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэхээ илэрхийлээд “Путин юу ирж байгааг төсөөлөхгүй байна” гэж анхаарууллаа. Тэгвэл стратегийн иж бүрэн түншлэлтэй хойд хөршдөө бид яаж гай болохгүй тус болох вэ ? Нэгдүгээрт,  өнөөдөр барууны улсын иргэд оюутан, дипломат, жирийн иргэн   ч бай  орос хүн л бол ад үзээд эхэллээ. Иймээс юуны өмнө  орос хүнийг огт ад үзэж болохгүй. Энэ бол хамгийн бүр хамгийн чухал зүйл. Хоёрдугаарт, орос даяар хүнсний ургамлын бордооноос эхлээд мерседес бенц машин, боинг онгоцны сэлбэг хүртэл барууны бүх барааны хомсдолд орох болж байна. Үүнд нэг юмыг бид  онцгойлон маш сайн ойлгох  хэрэгтэй байгаа юм. Энэ бол бид барууны ямар ч барааг ОХУ-ын хилрүү оруулж зарж болохгүй. Ингэх  л юм бол бид өөрсдөө олон улсын хориг зөрчсөн хэрэгт орж жинхэнэ баларна. Харин улс дотроо бол ямар ч бараа зарж болно.
Жишээ нь оросууд хоригийн эсрэг 2-3 жил тэсэх алт урьдчилан нөөцөлсөн. Тэгвэл энэхүү хүчтэй хоригоос болоод өнөөдөр оросын энэ хямд алтыг худалдан авч өөрсдөө хоригт орох улс байхгүй болчихсон гэсэн үг.
Харин өөрийн улс дотор  бол ямар ч алтыг аль ч улс худалдан авч цааш нь зарж болно. Өөрөөр хэлбэл манай  бүх худалдаачид нийлж “холбоо” байгуулан Гадаад хэргийн яам, элчин сайдын газар, консултайгаа нийлж Оросуудаас юуны өмнө хаанахын ямар, ямар бараа хэр зэрэг хэрэгтэй байгаа судалгаа ав. Тэгээд энэ судалгаа өгсөн газартайгаа байнгын холбоо тогтоо. Энэ судалгааныхаа дагуу хэрхэн ажиллаж бараа нийлүүлэх нарийвчилсан төлөвлөгөө гарга. Энэ хугацаандаа оросын том, хүчтэй, даацтай ачааны оноцуудыг хөлсөлж түр монгол улсын мэдэлд ажиллуулах гэрээ хийж улсынхаа далбааг уг онгоцнууд дээрээ зуруулж ав. Ингээд гаргасан төлөвлөгөөнийхөө дагуу баруунаас  бараа худалдан авч Алтанбулагийнхаа чөлөөт бүсэд худалд. Олсон орлогоороо оросыг хангах экспортын жижиг, дунд үйлдвэрүүд байгуулцгаая. Мэдээж барууны хөрөнгө оруулагчтай нийлсэн хамтарсан үйлдвэрүүд байх болно. Монгол улс  шууд л хөл дээрээ босоод ирнэ. Гэхдээ эндээс бид юу хожно гээч.  XIII зуунаас хойш монголчууд бид анх удаагаа жинхэнэ ёсоор нэгдэнэ. Энэ л юугаар ч үнэлэшгүй маш чухал зүйл.
 
 Оросууд “Нет худа без добра” гэдэг. Энэ нь “Муу бүхэн сайн талтай” гэсэн үг.
 
Г.АМАРСАНАА
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.