Монголын шүүх “эзэн”-ээс татгалзаж, “хонгил”-оос зугтаж эхлэв үү?!
Хууль шүүхийнхний оролцоотой шударга бусын “хонгил”-ын тухай бид 10 гаруй жилийн өмнөөс мэднэ. Багагүй хугацаанд оршин тогтносон. Одоо хүртэл “Хонгил устсан, устаагүй” гэсэн маргаан байдаг юм. Харин 2022 оны нэгдүгээр сарын 14-нд Дээд шүүхээс гарсан нэгэн шийдвэр “хонгил” устаж байж магадгүй гэсэн ойлголтыг өглөө.
Тодруулбал, Сангийн яам, Хөгжлийн банкны албан ёсны мэдээллийн сайтуудад “Кью Эс Си” ХХК-ийн 2018 онд Хөгжлийн банкнаас аваад өнөөг хүртэл төлөөгүй их хэмжээний зээлийг төлүүлэх шийдвэрийг Дээд шүүх гаргасан талаар мэдээлжээ.
Мэдээлэлд “...“Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээлийг авсан.
Тус зээлийн гэрээгээр 2018 оны арван хоёрдугаар сард зээлээ төлж дуусгах заалттай байсан. Гэсэн хэдий ч “Кью Эс Си” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсаар ирсэн.
Иймд Улсын ерөнхий прокурорын газраас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж зээлдэгч компаниас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 гаруй тэрбум төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл бичиж шүүхэд хандсан. Хөгжлийн банк гуравдагч этгээдээр оролцож, гурван шатны шүүхэд тухай бүр хяналтын журмаар гомдол гарган ажилласан.
Улмаар Улсын ерөнхий прокурорын газрын нэхэмжлэлтэй, “Кью Эс Си” ХХК-д холбогдох иргэний хэргийг зохигчийн гаргасан гомдлоор 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр Дээд шүүх хэлэлцэн шийдвэрлэлээ.
Ингээд “Кью Эс Си” ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу нийт 192.572.187.590.244 /Нэг зуун ерэн хоёр тэрбум таван зуун далан хоёр сая нэг зуун наян долоон мянга таван зуун ер/ төгрөгийг Хөгжлийн банкинд олгуулахаар шийдвэрлэв” гэжээ.
Энэ асуудал анх 2019 онд сөхөгдөж байсан юм. Тухайн үеийн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Хөгжлийн банкны үйл ажиллагаанд шалгалт хийж байв.
Ажлын хэсэгт ЗГХЭГ, Сангийн яам, Монголбанк, Татварын ерөнхий газар, ТӨБЗГ-ынхан багтан ажилласан. Тэд Хөгжлийн банкийг хуулиар тогтоосон үндсэн чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байсан эсэх, “Чингис”, “Самурай” бондын эргэн төлөлт, төсөл хөтөлбөрийн сонгон шалгаруулалт хуулийн дагуу явагдсан эсэх, тус банкны санхүүгийн өнөөгийн байдал, цаашид учирч болох эрсдэл, санхүү төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдох хууль тогтоомжийг үнэн зөв мөрдөж байсан эсэх, харилцах кассаас зарцуулсан мөнгөний баримтын хяналт, хөрөнгө оруулалтын үр өгөөж, зээлийн график, эргэн төлөлт зэрэг олон нийтийн дунд хардлага төрүүлээд байсан олон асуудлыг хамруулан шалгаж байв.
Үүгээр “Ноцтой зөрчилтэй” гэх ангилалд багтсан “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК, “МАК цемент” ХХК зэрэг нэр бүхий есөн аж ахуйн нэгж авсан зээлээ эргэж төлөөгүй байгааг тогтоосон байдаг.
Харин Дээд шүүх өдгөө ингэж шийдвэр гаргасан нь “эзэн”-ээс татгалзаж, “хонгил”-оос зугтаж эхлэв үү гэхээр болж байгаа юм.
Учир нь Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч “Кью Эс Си” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авахад 62.9 сая ам.доллар “хандивласан” байдаг. 2016 оны зургадугаар сарын 17-ны өдөр “Монголиан коппер корпорейшн” ХХК-д зээлдүүлсэн байдаг.
Энэ компанитай олон дамжлага дамжиж явсаар холбогддог Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь гэж шүүгч бий.
Энэ талаар 2019 оны эхээр УИХ-д өргөн барьсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд “Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байгаад шүүгч болж, улмаар Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүнээр ажиллаж байгаа шүүгч М.Батсуурийн аав “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааны худалдан авалтад оролцсон асуудал, уг асуудалтай холбогдуулан түүний олон нийтэл илэрхийлж байгаа байр суурь, ...Монгол Улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг” конвенцийг ноцтой зөрчсөн нотлох баримтууд шинээр илэрч эхэллээ” гэсэн байдаг.
Үүнээс гадна Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн дунд нэр нь гардаг “Хөтөл” ХХК нь анх “Бэйзмент” ХХК гэсэн нэртэй байсан. 2015 оны арваннэгдүгээр сарын 17-нд өөрчилжээ. Харин М.Батсуурь шүүгчийн аав 2010 онд тус “Бэйзмент” ХХК-ийн 20 хувийг эзэмшиж байсан баримт байдаг талаар УИХ-ын гишүүд дэлгэж байсан юм.
Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн шүүгчид дээрх Хөгжлийн банкны асуудал дээр хамт ажиллаж буй шүүгч М.Батсуурийн бус нийтийн эрх ашигт нийцсэн шийдвэрийг гаргажээ.
Ер нь энэ “хонгил”-ыг ажиллуулдаг “эзэн” хэмээн тодорхойлогдож ирсэн бүлэг хүнтэй холбоотой өөр баримт олон байдаг.
Тухайлбал, тэд “Монголиан тангстен корпорейшн” ХХК байгуулаад, захирлаар нь Сүхбаатарын талбайн урд хэсэг, Хөрөнгийн биржийн урдах газрыг авчихсан байдаг “Ю Би констракшн” ХХК-ийн Ч.Орхоныг томилж байгаад дээрэм маягийн үйлдэл хийхийг оролдож байна.
Юу болсон гэхээр, “Рэмет” ХХК-ийн захирал С.Ганбат 2019 оны зургадугаар сарын 12-нд АТГ-т гаргасан байгаа юм. Тэрбээр “Монголиан тангстен корпорейшн” ХХК-ийн захирал Ч.Орхонд холбогдуулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар ханджээ. “Рэмет” ХХК нь 2009 оноос ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа эрхэлж, Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Баян төмөртэй нэртэй газарт ашигт малтмалын MV-014937А лиценз эзэмшдэг.
Гэтэл “Рэмет” ХХК-ийн 80 хувийн хувьцааг эзэмшигч Г.Чинзориг нь Улаанбаатар хотын банктай 2009 оны аравдугаар сарын 7-нд зээлийн гэрээ байгуулж , 967 мянган еврогийн зээл авчээ. Ингэхдээ тус компанийн 20 хувийг эзэмшдэг З.Мөнхбаярт мэдэгдэлгүйгээр Баян төмөртэйн MV-014937А лицензийг барьцаалчихсан байна. Өөрөөр хэлбэл, Г.Чинзориг нь өөрийнхөө эзэмшлийн 80 хувийн хувьцааг барьцаалж зээл авахдаа уг лицензийг тэр чигээр нь тавьчихсан байгаа юм. Харин сүүлд нэг хувьцаа эзэмшигч нь компанийн нөгөө хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн 50 хувийн хувьцааг барьцаалахад татгалзах зүйлгүй талаар зөвшөөрсөн байдаг. Гэсэн хэдий ч энэ нь хууль эрх зүйн хувьд компанийн нэг хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг авалгүйгээр далдуур энэ бүхнийг хийчихсэн байгаа юм. Улмаар Улаанбаатар хотын банк нь “Рэмет” ХХК-ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүйд хүрсэн гээд Баян төмөртэй нэртэй газарт ашигт малтмалын MV-014937А лицензийг “Монголиан тангстен корпорейшн” ХХК-д шилжүүлэн авсан байна. Гэтэл “Монголиан тангстен корпорейшн” ХХК нь Улаанбаатар хотын банктай дэндүү хамааралтай, ашиг сонирхлын зөрчилтэй. Гэтэл энэ компани руу хэрхэн шилжүүлсэн нь анхаарал татаж буй юм. Холбогдох хууль тогтоомжийн зохицуулалт ёсоор бол хоёр буюу түүнээс дээш хувьцаа эзэмшигчтэй компанийн эзэмшлийн эд хөрөнгийг бусдад шилжүүлэхдээ заавал компани болон хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэж, зохих шийдвэр зөвшөөрлийг авах учиртай. Түүнчлэн АМГ нь эрх бүхий захиргааны байгууллагаас лицензийг шилжүүлэхээр гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан баримт нь хуулийн шаардлага хангахгүй байна гэжээ. Гэтэл удалгүй АМГ нь энэ байр сууринаасаа буцаж MV-014937А лицензийг “Монголиан тангстен корпорейшн” ХХК-д шилжүүлэн өгсөн байдаг байна.
Асуудлын гол нь энд байгаа бөгөөд АМГ-ын байр суурь ийн өөрчлөгдсөн тухайн үед хууль хүчний байгууллагыг удирдаж байсан нэгэн генералтай холбогддог байна. Тэрээр АМГ-ынханд шахалт үзүүлж, удирдаж байсан байгууллага дээрээ дуудаж дарамталсаар уг лицензийг хууль бусаар бусдад шилжүүлэх шийдвэрийг гаргуулсан байгаа юм. Энэ бол маш ноцтой асуудал. Үүнээс гадна “Монголиан тангстен корпорейшн” ХХК-ийн захирал Ч.Орхон нь “Рэмет” ХХК-ийн эзэмшлийн MV-014937А лицензийг шилжүүлэн авахдаа Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, журмыг илт зөрчсөн. Ч.Орхон нь зээл олгосон Улаанбаатар хотын банкинд эрх бүхий албан тушаал хашиж байсан. Тэгэхээр энэ байдлаа өөрийн хууль бус үйлдлээ гүйцэлдүүлэхэд ашигласан. Банкны хууль тогтоомжийг зөрчиж, үндэслэлгүйгээр гүйлгээ хийсэн. Аль эсвэл зээлийн төлбөрийг төлсөн мэт дүр үзүүлсэн гүйлгээнүүдийг хийсэн байж болзошгүй байна. Товчхондоо, бусдын хөрөнгийг хууль бусаар ингэж авахад банкны буюу хадгаламж эзэмшигчдийн мөнгө хөрөнгийг хууль бусаар зарцуулсан байж болзошгүй нөхцөл үзэгдэж буй юм. Учир нь “Монголиан тангстен корпорейшн” ХХК нь ердөө сая төгрөг буюу 300 гаруйхан еврогийн өөрийн хөрөнгөтэй. Гэсэн атал 15 орчим тэрбум буюу 5.6 сая еврог хаанаасаа яаж олоод “Рэмет” ХХК-ийн эзэмшлийн MV-014937А лицензийг авсан нь маш хачирхалтай. Энэ мэтчилэн “Монголиан корпорейшн”-уудын өдүүлсэн асуудалд шүүх байгууллага нэг хэсэг дарагдах бололтой.
ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН "ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ" НЭГДЭЛ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2022 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 19. ЛХАГВА ГАРАГ. № 13 (6745)