Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй МАА-г бэлтгэх нь эдийн засгийг эрчимтэй нэмэгдүүлнэ
Манай улс өнгөрсөн оны мал тооллогын нэгдсэн дүнгээр 67 сая толгой малд хүрсэн гэх тоон мэдээлэл бий. Эдгээрийн 20 сая гаруй малыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой бөгөөд 13 сая орчмыг дотооддоо зах зээлд нийлүүлэх, 7 орчим саяыг экспортлох боломжтой.
Мал аж ахуйн салбар нь манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 84%-ийг, экспортын орлогын 7.6%-ийг бүрдүүлдэг. Хөдөө аж ахуйн гаралтай нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт 2018 онд 643 сая ам.доллар болсон нь нийт экспортын орлогын 9.2 хувийг эзэлж байсан.
Иймдээ ч мал аж ахуйн салбар нь Монгол улсын эдийн засгийн гол тулгуур салбаруудын нэг юм. Улсаас МАА-н салбарын үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, эдийн засгийн эргэлтийг сайжруулах үндсэн гол бөгөөд урт удаан хугацааны турш хэрэгжүүлсэн ажлуудыг нэг болох “Монгол мал” үндэсний хөтөлбөр 2010 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр МАА-н салбарын эрх зүй, эдийн засаг, засаглалыг хөгжүүлэх, малын үржил шим, гарцыг сайжруулах, уур амьсгалын эрсдэлтэй нөхцөлд дасан зохицох чадвартай мал аж ахуйг хөгжүүлэх, эрүүл аюулгүй бүтээгдэхүүнийг дотооддоо болон гадагшаа экспортлох хугацааг түргэсгэх явдал юм.
Цаашилбал, мал сүргийн тоо толгойн өсөлтийг байгаль экологийн даацтай уялдуулан, дотоодын хэрэглээ, боловсруулах үйлдвэрийг малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээр бүрэн хангаж илүүг нь экспортлох юм.
Түүнчлэн МАА-н салбарын эдийн засгийн эргэлтийг сайжруулахын тулд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвартай МАА-г хөгжүүлэх нь хамгийн оновчтой бөгөөд үр дүнтэй арга юм. Мөн мал, малын гаралтай түүхийн эд, бүтээгдэхүүний бэлтгэлийн системийг боловсронгуй болгох, энэ төрлийн эдийн засгийн чанараас хамаарсан урамшууллын тогтолцоог бий болгон хэрэгжүүлэх, МАА-н үйлдвэрлэлийн маркетингийг сайжруулах, зорилтот зах зээлийг хөгжүүлэх явдал нь МАА-н салбарын эдийн засгийн эргэлтийг эрчимтэй нэмэгдүүлэхэд оршино.
Ингэснээр мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний бэлтгэлийн систем боловсронгуй болж, тэдгээрийн чанараас хамаарсан эдийн засгийн эрчим түргэсч, зорилтот зах зээлийг хөгжүүлэх боломж бүрдэнэ.