Монгол Улс хөгжлийн бодлогоо орхигдуулаад байна уу?

447

 

Нэг. МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ӨНӨӨГИЙН  ТҮВШИНМонгол Улсын ДНБ-ний хэмжээ 2020 оны байдлаар 37,0 их наяд төгрөгт хүрч, олон улсын банк санхүүгийн байгууллагуудын гаргаж буй улс орнуудын орлогын ангиллаар хөгжиж байгаа, дунд орлоготой орны ангилалд багтаж байна. Өнгөрсөн жилүүдтэй харьцуулбал эдийн засаг өссөн, гадаад худалдааны эргэлт нэмэгдсэн, төсвийн орлого, дундаж цалин нэмэгдсээр байгаа зэрэг нааштай үзүүлэлтүүд цөөнгүй бий. Харин статистик тоо мэдээлэлд бүртгэгдэж буй энэхүү эдийн засгийн үзүүлэлтүүд нийт хүн ардад хүртээмжтэй байгаа юу, энэ өсөлт цаашид тогтвортой байж чадах уу гэдэг нь чухал асуудал юм.Монгол Улс ДНБ-ний хэмжээгээр ($14,233 сая ам доллар) дэлхийн улс орнуудын жагсаалтын 135-рт, нэг хүнд ногдох орлогын хувьд ($4,172 ам доллар) гэсэн үзүүлэлтээр улс орнуудын жагсаалтын 129-рт бичигдэж байна.
сонин mn
Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2010-2020 онуудын байдлаар авч үзвэл
 
Монгол Улсын эдийн засагт томоохон өөрчлөлт гарсан он жилүүд нь дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ ханш хурдацтай өсч, Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэн, экспорт хурдтай нэмэгдсэн 2008-2014 он байсан.
Уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэний үр дүнд Монгол Улс “хөдөө аж ахуй-үйлчилгээний салбар” зонхилсон улсаас “Аж үйлдвэр буюу уул уурхай-үйлчилгээний салбар” зонхилсон улс болж эдийн засгийн бүтцийн хувьд томоохон өөрчлөлт гарсан. Үүний үр дүнд эдийн засгийн өсөлт нэмэгдэж зарим жилүүдэд 17,5 хувьд ч хүрч байсан үе ч бий.
 
 
 
Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ 2009 оны байдлаар $3,003 ам доллартай тэнцэж байсан бол 2010 онд $3,880 ам долларт хүрч 5 жилийн дотор 27,5 хувиар өсч байжээ. Энэ бүхэн нь улс орны хөгжлийн бодлогын хувьд гадаадын хөрөнгө оруулалтын татах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, уул уурхайн салбарыг хөгжүүлсний үр дүн байсан.  
 
2014-2016 онуудад үргэлжилсэн түүхий эдийн үнийн бууралтын улмаас Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарч хүндрэлд орж байсан. Улмаар энэхүү эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ОУВС, Дэлхийн банк, Японы Засгийн газар зэрэг ОУБ-ууд, түнш улс орнуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн ‘‘Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” нь манай улсыг эдийн с засгийн хүндрэлээс гаргаж 2017-2018 онуудад эдийн засгийг 5,0 -7,2 хувийн өсөлтөд хүргэж чадсан билээ. Үүний үр дүнд нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ $4,210 ам доллартхүрч өмнөх оноос 5,3 хувиар өссөн юм.
 
Хоёр. СҮҮЛИЙН ЖИЛҮҮДЭД БАРИМТАЛЖ БУЙ ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО 
2018 оноос хойш эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг авч үзвэл эдийн засгийн өсөлт 2019 онд 5.2 хувиар өсөж, 2020 онд -5,3 хувиар буурч улмаар энэ оны 1-р улирлын байдлаар 15,7 хувийн өсөлттэй байна.
Үндсэндээ бид 2020 онд гарсан эдийн засгийн бууралтаа нөхөж одоогоор 2019 оны түвшинд хүрээд байна гэсэн үг юм. Ийнхүү эдийн засгийн өсөлт саарах болсон үндсэн шалтгааныг дэлхий даяар тархаж буй халдварын тархалт, хөл хориотой холбоотой гэж манай төрийн байгууллагууд, албаны хүмүүс тайлбарладаг.
Энэхүү халдварын тархалтын нөхцөл байдал нь эдийн засагт таагүй нөлөөлж байгаа нь үнэн боловч үүний зэрэгцээ макро эдийн засгийн олон талын үзүүлэлтүүд, өнөөгийн байдлаар хэрэгжиж байгаа томоохон төсөл хөтөлбөрүүдийн явцаас үзвэл манай улсын эдийн засгийн хурдац саарахад нөлөөлж буй суурь шалтгаан цөөнгүй байна. Үүнд:
1. Сүүлийн жилүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс татарч буурсан
2. Улсын төсвийн зарлага, алдагдал ихээр нэмэгдэж гадаад өрийн хэмжээ нэмэгдсээр байна
3. Эдийн засагт томоохон хувь нэмэр оруулна гэж тооцож, төлөвлөж иреэн олрн тооны төсөл хөтөлбөр гацсан буюу царцаж, цаашид хэрэгжих боломжгүй болсон
4. Цаашдын хөгжилд нэн чухал ач холбогдолтой дэд бүтцийн хөгжил нэн сул, энэ талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ дутмаг, бага байгаагийн улмаас улс орны цаашдын хөгжлийг сааруулах нэг томоохон хүчин зүйл болсоор байна.
 
Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт: 2010-2019 онуудад
 
сонин mn
 График. Монгол Улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт. ҮСХ-ны мэдээлэл.
 
Эдийн засгийн өсөлт, хөгжил гэдэг нь зөвхөн гадаад худалдааны эргэлт, түүхий эдийн экспорт, төсвийн орлого, зарлагын өсөлтөөр хэмжигдэхгүй. Биднээс үл хамаарч дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ ханш өссөний улмаас энэ онд экспортын орлого өсөлттэй гарч байгаа боловч цаашид энэ байдал удаан үргэлжлэхгүй, түүхий эдийн үнэ ханш буурсан нөхцөлд бид экспортод гаргаж буй бүтээгдэхүүний биет хэмжээг нэмэгдүүлэх боломж маш хязгаарлагдмал.
Өөрөөр хэлбэл төр засаг, Засгийн газрын зүгээс хэт ойрын хугацааны, зарим талаар сонгуульд зориулсан бодлого баримталж ирсний улмаас улс орны хөгжлийн дунд хугацааны бодлого орхигдож байна.
Хөгжлийн дунд хугацааны бодлого нь эдийн засгийн цаашдын ирэх жилүүдийн өсөлтийг хангах суурь орчин нөхцөлийг бүрдүүлж байх учиртай юм. Үүнд:
1. Дэд бүтэц, тээвэрлэлтийн хөгжлийн сул талыг арилгах, хүчин чадлыг эрс нэмэгдүүлэх,
2. Гадаадын шуудхөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх,
3. Уул уурхайн салбараас хэт хамааралтай байгаа нөхцөлд энэ салбараас орж буй орлогыг зөв ухаалаг зарцуулж, дараагийн хөрөнгө оруулалтад чиглүүлэх бодлогыг хэрэгжүүлэх,
4. Улсын төсвийн хувьд аривлан хэмнэлттэй, үрэлгэн бус бодлого баримтлах замаар төсвийн алдагдлыг бууруулах, улмаар гадаад өрийн дарамтыг багасгах,
5. Бүхий л салбарт дутагдаж байгаа ур чадвартай, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх бодлогыг дунд хугацаанд хэрэгжүүлж байх ёстой.
 
Гурав. ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ХЭРХЭН БАРИМТАЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ ВЭ? 
Эдгээр бодлогыг дунд хугацаанд хэрэгжүүлснээр бид ирэх 2022-2025 онуудад эдийн засгийг тогтвортой өсөлтөд хүргэх, улмаар гадаад зах зээлийн огцом хэлбэлзэлд өртсөн нөхцөлд эдийн засгийн өсөлтийг хасах түвшинд оруулалгүй эерэг байлгах суурь нөхцөл бүрдэж улмаар нэг хүнд ногдох орлого, иргэдэд очих цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж тогтвортой өсөх нөхцөл бүрдэнэ.
Ийнхүү урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын уялдааг хангаж чадахгүй, өнөөдөр тэргүун ээлжинд шийдвэрлэх ёстой асуудал юу вэ гэдгийг зөв оновчтой тодорхойлж чадахгүй зөвхөн аливаа сонгууль угтсан халамжийн шинжтэй бодлогыг баримталсаар байвал бид эдийн засгийн тогтвортой өсөлтөд хүрч чадахгүй.
Өнгөрсөн 2020 оны УИХ-ын хаврын чуулганаар Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг, мөн намрын чуулганаар дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг болох “Эдийн засаг, нийгмийг 2021-2025 онуудад хөгжүүлэх төлөвлөгөө’’-г батлан гаргасан.
Нэгэнт төрөөс хөгжлийн бодлогоо тодорхойлон гаргасан тул аливаа сонгуульд зориулсан бодлого, арга хэмжээг эхэнд бодож хэрэгжүүлэх бус хөгжлийн бодлогынхоо эрэмбэ дараалал, ач холбогдлыг зөв тогтоож, цаг хугацаа алдалгүй хэрэгжүүлэх нь Засгийн газрын үндсэн үүрэг юм.
Өнөөдөр ч гэсэн манай улсын өмнө тулгарч байгаа цахилгаан, дулаан эрчим хүчний эх үүсвэрийн дутагдал, хилийн боомтууд дээрх ачаа тээврийн түгжрэл, нийслэл хотод тулгамдаж буй олон талын асуудлууд нь ирэх жилүүдийн хөгжлийн хурдацыг чангаах, хойш татах илүү дарамт болсоор байх болно.
Иймээс УИХ, Засгийн газрын хувьд өдөр тутмын аргацаасан, олон нийтэд таалагдсан шийдвэр гаргах бус аливаа асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах, төрөөс баримтлалаар батлан гаргасан урт, дунд хугацааны хөгжлийн бодлогынхоо тулгуур асуудлыг шийдвэрлэхэд илүү их ач холбогдол өгч ажиллах шаардлагатай байна.

Эдийн засагч Н.Энхбаяр
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.