Аав, ээжийн “амьгүй харилцаа” амиа хорлолтын үндэс болж байна

305


Арван гуравхан настай охин өндөр байшингийн дээврээс үсэрч, харамсалтайгаар нас барсан хэргийн талаар амтай болгон л ярьж байна. Эцэг, эхдээ энхрийлүүлж, хүүхэд насны жаргалаа эдлэх энэ л хугацаандаа ийнхүү хорвоог орхих шийдвэр гаргаж, нартаас буцаж буй бяцхан охин ямар их шаналсан бол. Яагаад ийм байдалд хүрэв. Бодож тунгааж, болзошгүй эрсдэлээс үр хүүхдээ хайрлан  хамгаалах цаг болжээ.

Болж өнгөрсөн хэрэг явдлын талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Талийгаач охин гэр бүлийн хүчирхийлэлд өртдөг. Ар гэрийн анхаарал халамжаар дутаж байсан”-ыг нь учирлаж байна.

 

Уг үндсээр нь судлаад үзвэл өсвөр насныхны амиа хорлолтын үндсэн шалтгаан нь асран хамгаалагч, ар гэр, аав ээжийн хариуцлагаас шууд хамаарч буй. Нийгэмд тулгамдаад буй хамгийн чухал асуудал ч гэж хэлж болно.

Үр хүүхэдтэйгээ амьд харилцаа тогтоохгүй, халуун дотно яриа өрнүүлж, үүсээд буй бэрхшээлд нь үнэн сэтгэлээсээ зөвлөгөө өгчих  мэдрэмж, мэдлэггүй эцэг эхчүүд улам олширч байна. Үүнээс үүдэж манай улсад өсвөр насныхны амиа хорлолт жилээс жилд өссөн дүнтэй гарч байна. Баримт сөхье.


Улсын ерөнхий прокурорын газраас хийсэн амиа хорлолтын судалгаа мэдээллээр өнгөрсөн таван жилд бүртгэгдсэн 2055 тохиолдлоос 605 нь 10-14 насны буюу өсвөр насныхан байсан. Сурагчдын дунд явуулсан асуулгаар, сүүлийн 12 сарын хугацаанд амиа хорлох талаар нухацтай бодож байсан гэж хариулсан нь судалгаанд хамрагдагчдын 26.1 хувь, амиа хорлохыг завдаж байсан гэж 10.7 хувь нь хариулсан байдаг. Аравхан настай хүү, 12-хон настай охин насанд хүрсэн эрүүл хүний толгойд ч багтамгүй аймшигт шийдвэрийг гаргаж байгаа нь зөвхөн тухайн гэр бүлийн биш нийгмийн эмгэнэл болов.


Бас дахин нэг баримт. НҮБ-ын Хүүхдийн сангаас явуулсан саяхны нэгэн судалгаагаар маш ноцтой дүн мэдээ гарчээ. Тодруулбал, Монгол Улсад өсвөр насныхны амиа хорлолтын түвшин Зүүн Ази, Номхон далайн бүсийн дундаж түвшнээс тав дахин их байгааг тогтоожээ. Хамгийн аймшигтай нь 10-14 насны өсвөр насныхны амиа хорлолт 2003 онд энэ насныхны нас баралтын шалтгааны 3.3 хувь болж байсан бол 2020 онд 11.4 хувь болж эрс өсжээ. Мөн 2019 онд өсвөр насны хүүхдүүдийн 30.5 хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн тулгамдсан асуудалтай байсан бол, есөн хувь нь сэтгэл хөдлөл, зан үйлийн эмгэгтэй гэж гарчээ.

Өөрөөр хэлбэл, өсвөр үеийнхний сэтгэл зүйн асуудал хүнд байдалд орсныг дээрх судалгаанаас харж болохоор байгаа юм.

Хүүхдийн амиа хорлолт өсөн нэмэгдэж, газар авсныг гэрчлэх өөр нэгэн судалгааг одоо хүргэе

ДЭМБ-ын мэдээлснээр, 15-29 насны залуучуудын нас баралтын тэргүүлэх гурван шалтгааны нэгд амиа хорлолт орж байна.

 

Монгол Улсад өсвөр насны хүүхэд болон 29 хүртэлх насны залуусын дундах амиа хорлолт жил бүр өссөөр байгаа нь бүх талдаа анхаарлаа хандуулах нөхцөл бий болж байгааг судалгааны дүн харуулсан байна. Та бод доо, олон улсын байгууллагаас гаргасан судалгаануудаар Монгол Улс амиа хорлолтын дүн мэдээгээрээ дэлхийд гуравдугаар байранд жагсаж байна. Насны бүлгийн хувьд авч үзвэл 29.4 хувь нь 10-25 нас хүртэлх буюу дан хүүхэд залуус байгаа юм.


Дээр дурдсан бүх тоон мэдээлэл, судалгаанаас харахад өсвөр насныхны дунд үүсээд байгаа хамгийн ноцтой хийгээд эмзэг асуудал амиа хорлолт болсон гэдгийг анзаарах цаг болжээ. Юуны учраас ийм байдалд орчихов. Хүүхдүүд амиа хорлож байгаагийн суурь шалтгаан нь юу байна. Цагдаагийн байгууллага болон сэтгэлзүйч нараас өгч буй дүгнэлт мэдээгээр бол хүүхдийн амиа хорлолтод гэр бүлийн орчин, асран хамгаалагчдын анхаарал, сургуулийн орчин дахь гадуурхалт, цахим орчны муу нөлөөлөл хамгийн их нөлөөлж байгаа гэнэ.

Тухайлбал, утас интернэтийн хэрэглээ хэт өссөн энэ цаг үед эцэг эхчүүд үр хүүхдүүдтэйгээ амьд харилцаа тогтоохгүй болсон. Үүний улмаас халуун дулаан хайр халамжаар хүүхдүүд дутдаг, улмаар суурь хүмүүжлийн доголдолд орсоор байгаа аж. Түүгээр зогсохгүй өсвөр насныхны дунд дэлгэцийн донтолт ихэсч, цахим орчноос элдэв муу зуршил, буруу мэдээлэл авах нь элбэгшжээ. Энэ бүх шалтгаануудаас болж, хүүхдүүдийн хүмүүжил гажуудаж, жаахан асуудал тулгамдахад л элдэв буруу бодолд автаж, эцэстээ амиа хорлох хэмжээнд хүрдэг байна.

Иймээс эцэг эхчүүд үр хүүхэддээ тавих анхаарлаа улам нэмэгдүүлж, утсандаа "уягдах” бус аль болохоор үр хүүхэдтэйгээ амьд харилцааг тогтоож байгаарай. Таны анзаараагүй, анхаараагүй, ажиглаагүй байгаа хүүхдийн тань тэр орон зайд амиа хорлох гэсэн ахархан бодол нуугдаж буйг ч үгүйсгэхгүй. Муу ёрлож байгаа юм биш шүү. Өсвөр насныхны дунд амиа хорлох магадлал маш өндөр байгааг олон талын судалгаанаас нэгэнт гаргачихсан байна. Иймээс  ирээдүйд гарч болзошгүй эрсдэлээс ирээдүй хойчоо хамгаалах эрхэм үүрэг эцэг, эхчүүдэд л буйг санаарай.


Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.