“E-Mongolia”: Төр 4.8 тэрбумын “цалин” авч, иргэд 52.8 тэрбумыг хэмнэв

390

Монгол Улс цахим үндэстэн болох эрэлхийллээ зоригтой эхлүүллээ. Магадгүй хөл хорионы дэглэмд “хийцгүүрч” өнгөрүүлсэн хугацаанд төрийн хамгийн шуурхай хийгээд иргэдийн амьдралд бодит өгөөж  мэдрэгдсэн ажлаар цахим шилжилтийг нэрлэж болно. Тиймдээ ч энэ Засгийн газрын хамгийн том амбици бол цахим үндэстэн санаачлага юм. Ерөнхийдөө манай улсыг цахим улс болгох ажлыг Харилцаа  холбоо, мэдээллийн технологийн газар гардан хэрэгжүүлж  өнгөрсөн жилийн өдийд албан ёсоор нээж, тууз хайчилж байв. Тухайн үед Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ “Засгийн  газрын 2020-2024 оны үйл ажиллгааны хөтөлбөрт цахим шилжилтийн ажил орсон. Үүний эхний алхам болгож “E-Mongolia” нэгдсэн платформыг нээлээ. Төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэхээс гадна төрийн байгууллагын хоорондын мэдээлэл солилцох систем, мобайл аппликейшн, веб сайтаар дамжуулан үйлчилгээ авах боломжтой. Цаашид иргэдэд хэрэгтэй,шаардлагатай бүх үйлчилгээг цахимд оруулахад хичээж ажиллаж байна.

Хугацааны хувьд технологиос илүү хууль, эрхзүйн асуудал чухал байгаа. Цахимжуулалтын ажилд хамгийн их анхаарах ёстой зүйл бол мэдээллийн аюулгүй байдал. Өөрөөр хэлбэл, технологийн шийдлээс илүү, иргэдийн мэдээллийн аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцохдоо иргэдийн дата нууцлалыг яах вэ гэдэг зүйлийг анхаарах ёстой. Цахим шилжилтийг дур мэдэн хийгээгүй. Олон улсын туршлагыг сайн судалж нэвтрүүлсэн. Тухайлбал, Эстон улсын  Цахим засаглалын академитай хамтарч байна.  Сүүлийн үед Украйн улс манайхтай ижил цахим шилжилтийг хийж эхэлсэн” гэж байв. Тэгвэл түүнээс хойшхи жилийн хугацаанд төрийн үйлчилгээний нэгдсэн портал "E-mongolia" хэрхэн “ажиллав” гэдгийг бид онцоллоо. Мөн цахим үндэстний гол цөм болсон мэдээллийн аюулгүй байдлыг хангах суурь баазыг хэр бат бөх тавив гэдэг энэ салбарын бодлого байх учиртай юм.
 
“E-Mongolia” анх 25 төрийн байгууллагын 181 үйлчилгээтэй ашиглалтад орж байсан. Өнөөдрийн байдлаар төрийн 56 байгууллагын 569 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд 1.9 сая гаруй хэрэглэгчид 5.3 сая удаа төрийн үйлчилгээг үзүүлсэн. Иргэндээ хуваагаад үзэхээр нэг иргэн дунджаар 2-3 удаа “E-Mongolia”-гаар үйлчилгээ авсан тооцоо гарчээ.

“E-Mongolia” системийг нэвтрүүлэхээр судалж хийж байх үед цахим шилжилт хийгдээгүйн улмаас төсвөөс 166.5 тэрбум төгрөг, иргэдээс 153.4 төгрөгийг жилдээ зарцуулдаг гэсэн тооцоо гарч байж. Тэгвэл дижитал шилжилт хийснээр төр 9.9 тэрбум төгрөг, харин иргэд 3.7 тэрбум төгрөгийг хэмнэх боломж бүрдэнэ гэж тооцжээ. Тэгвэл 2020 оны аравдугаар сард нэвтрүүлснээс хойш нэг жилийн хугацаанд 4.9 сая удаагийн төрийн үйлчилгээг амжилттай үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс 4.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Систем нэвтэрснээр Монгол Улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах унааны зардал, хугацаанаас үүдэлтэй зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд 52.8 тэрбум төгрөг хэмнэснийг хөндлөнгийн судалгааны байгууллагууд гаргажээ.
 
Хамгийн гол нь нэг иргэн нэг төрийн үйлчилгээ авахад дунджаар 2.5 цаг зарцуулдаг гэх судалгаа бий. Тэгвэл өнөөдөр онлайн үйлчилгээ авснаар тухайн хүн 5-10 минутын дотор ажлаа амжуулах боломж бүрдсэн. Үүний цаанаа төрийн олон шатлалт үйлчилгээ буюу тухайн иргэн бүрдүүлэх бичиг баримтын дагуу материалаа бүрдүүлээд өгөхөд төрийн нэг албан тушаалтан шалгаад, нэмж  материал бүрдүүлэх шаардлагатай зэргээр олон дахин явуулдаг, чирэгдэл үүсгэдэг асуудал цахим платформын ачаар буурсан байна. Товчхондоо, иргэн нэг  цонхноос л шаардлагатай бүх материалаа цуглуулаад, өөрт хэрэгтэй үйлчилгээгээ түргэн шуурхай авах боломжийг “E-Mongolia” нээсэн.
 
Цаашид хүний өдөр тутам ашигладаг банкны карт болон бусад бичиг баримтуудыг нэмж байршуулах боломжтой. Мөн хэрэгцээт үйлдлүүд хэсэгт нийгмийн даатгал, үнэт цаас, зээлийн мэдээлэл, хувьцаа эзэмшдэг хуулийн этгээдүүд, тээврийн хэрэгсэл гэх мэт олон цэсүүд “Profile” цэсэнд нэмэгдсэн. Ингэснээр иргэн өөрийн мэдээллээ олон газраас хайхын оронд нэг газраас шууд харах юм. Дээр нь өмнө нь 569 төрийн үйлчилгээг нийгмийн даатгалын үйлчилгээ, барилга, газрын үйлчилгээ гэж бүлэглэдэг байсан бол “E-Mongolia 2.0”-д “Ажил бүтээхэд тань тусална” цэс нэмж хүмүүст түгээмэл тулгардаг асуудлуудыг “Бичиг баримтаа гээсэн”, “Жолооч танд”, “Гэр бүл зохион”, “Хүүхэдтэй боллоо”, “Хуулийн этгээд байгуулах”, “Орон сууцтай болох” зэргээр хайж олоход амархан байдлаар бүлэглэжээ. Тухайлбал, шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэх, хуулийн этгээд бүртгүүлэх цэсээр дамжиж Монгол Улсын анхны цахим хүүхдүүд болон хэдхэн хормын дотор хуулийн этгээдийн нэрээ хайж олоод, зайнаас бүртгүүлсэн цахим компаниудыг бүртгээд байгаа аж.
Одоогоор төрийн 569 үйлчилгээ цахимжаад байгаа бол орон нутгийн үйлчилгээнүүд нэмэгдээд 5000-д хүргэнэ. Алсдаа G2G” буюу төрийн байгууллагуудын хоорондын харилцаа, “G2B” буюу төр-бизнесийн харилцааг, “G2C” буюу төр-иргэний бүх харилцааг цахимжуулахаар зорьж байгаа аж.
 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.