Арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна

423

 

Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд заасны дагуу арванхоёрдугаар сарын 29-нд бүх нийтээр амарна. Тодруулбал, энэ өдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 110 жилийн ой тохиож буй. Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг 2011 оноос улс нийтээр тэмдэглэж эхэлсэн юм.

Түүх сөхвөл: Монголчууд үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж 200 гаруй үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг унагалаа. 1911 оны энэ өдөр одоогийн Улаанбаатар хот буюу Их Хүрээнд VIII Богд Жавзандамба хутагтыг улсын хаанд өргөмжилж, Засгийн газрыг шинээр байгуулав. Ийнхүү Олноо өргөгдсөн Монгол Улсыг тунхаглаж, дэлхий нийтэд зарлалаа.

Шинэ байгуулагдсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилжээ.

1912 оны наймдугаар сард Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг. Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.