Б.Ууганбаяр: Гадаадад явж байхад тухайн улс нь хилээ хаавал тус улсдаа хязгаарлалтад орох эрсдэл үүснэ шүү

344

Африк тивийн зарим улс орнуудад коронавирусийн шинэ мутаци “омикрон” хэмээх вирус илэрсэн. Үүнээс сэргийлэхээр манай улс ямар арга хэмжээ, стратеги төлөвлөн ажиллаж байгаа талаар УОК-ын Шуурхай штабын дарга, генерал Б.Ууганбаяраас тодрууллаа.
-Шинэ төрлийн “Омикрон” вирус илэрсэнтэй холбогдуулан гадаад улсаас ирэх иргэдийг хэрхэн тусгаарлаж байгаа, шинжилгээг яаж хийж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-“Омикрон” вирус бүртгэгдсэн улс оронд амьдардаг эсвэл эдгээр орноор дамжин өнгөрсөн Монгол Улсын иргэдийг эх орондоо ирэх үед 10 хоногийн хугацаатай тусгаарлахаар болсон. Тусгаарлалтын зардлыг тухайн иргэн өөрөө хариуцах бөгөөд тусгаарлалтад байх хугацаанд хоёр удаагийн PCR шинжилгээ авна.
-Иргэдийг тусгаарлах бэлтгэл бүрэн хангагдсан уу?
-УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас иргэдийг 17 нэр бүхий зочид буудлыг түшиглэн тусгаарлах бэлтгэлийг хангасан. Үүнд, Кентавр, Наранбулаг, Зүчи, Мөнххустай, Тайж, Амар, БиЖи, Намуун, Монголика, Альфа, Ворд Монголиа, Багабаян цогцолборт хоногийн 0-3 насны хүүхэд төлбөргүй, 04-16 насны хүүхэд 50.000 төгрөг, 17-оос дээш настай бол 100.000 төгрөгийн үнэтэй тусгаарлана.
Тухайн иргэд өөрийн хүсэлтээр Кемпенски, Туушин, Новотел, Ибис, Стайлс, Улаанбаатар, Рамада зэрэг нэмэлт төлбөртэй зочид буудалд тусгаарлагдаж болно.
-Тухайн иргэн гадаад улсад зорчиж байх үед “Омикрон” вирус илэрсэн тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Сүүлийн үед иргэд гадаад орнуудад аялж зугаалах нь ихэсч байна. Тухайлбал, Турк, Тайланд, Тайвань зэрэг орнуудад ихээр зорчиж байгаа тул ЭМЯ, ХӨСҮТ-ээс анхааруулсан “Омикрон” вирус илэрсэн улс орнуудад зорчихгүй байх, дамжин өнгөрөхгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Нөхцөл байдлаас шалтгаалан тухайн улс орны Засгийн газар хилээ хаах, агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлаж болзошгүй. Иймд иргэд тухайн улс оронд тодорхойгүй хугацаагаар хязгаарлалтад орж болзошгүйг анхаарч эрсдлээ тооцож, гадаад улс оронд зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.