МҮБХ-ноос допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг ЗАРЛАЛАА
Монгол Үндэсний бөхийн холбооноос допинг илэрсэн бөхчүүдийн нэрийг албан ёсоор зарлаж, тэдний В сорьцоо шинжлүүлэх хүсэлттэй холбоотойгоор мэдэгдэл гаргажээ. Мэдэгдэлд "Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу 2021 оны 10-р сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.
Журамд заасан хугацаанд 1 бөх В сорьцоо шинжлүүлэх хүсэлтээ МҮБХ-нд утсаар мэдэгдсэн боловч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байна. Мөн зөрчил гаргасан 1 бөх шинжилгээний хариугаа авахгүй байсан тул МҮБХ-оос түүний оршин суудаг хаягийг олж, албан ёсоор шинжилгээний хариуг хүргэж өгсөн.
Иймд 2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно" гэсэн юм.
Эргэн сануулахад, Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "ҮНДЭСНИЙ БӨХ-ҮНЭТ ӨВ" хүчит бөхийн барилдаан өнгөрсөн наймдугаар сарын 17-нд зохион байгуулсан. Улмаар тус барилдаанд шөвгөрсөн болон өөрсдийн саналаар шинжилгээ өгсөн 18 бөхийн шинжилгээний хариуг МҮБХ-ноос зарласан юм. Ингэхдээ шинжилгээ өгсөн 18 бөхийн дөрвөөс нь илэрсэн. Тус бөхчүүд B сорьцийн шинжилгээгээ өгөх эсэх хариугаа өгсөний дараа МҮБХ-ноос нэрсийг зарлана хэмээн мэдээлж байсан юм.