Б.Жавхлан: ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 61.8 хувь байна

231

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны Зээлийн хэлэлцээр (КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл)-ийн төслийг батлав. 

Зээлийн хэлэлцээрийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. Монгол Улсын Засгийн газар коронавируст халдвар, цар тахлын эсрэг тэмцэх, цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, хатуу зохицуулалттай улс орноос яаралтай нөхцөлд ашиглах зөвшөөрөл авсан эсхүл КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөгдсөн вакциныг худалдан авах, олон улсын тээвэрлэлтийг санхүүжүүлэх зорилго бүхий 21 сая ам.долларын "КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг байгуулахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай тохиролцоод байгааг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон. Энэхүү зээлийн хэлэлцээрийн эх үүсвэрийн 50 хүртэлх хувийг БНХАУ-аас худалдан авсан вероцелл вакцины зардлыг нөхөн санхүүжүүлэх аж. 

АДБХОБ-ны 21 сая ам. долларын хөнгөллттэй зээлийн хүү 0.16 хувь хувьсах тархалтын хувь 0.63, эргэн төлөх хугацаа нь 15 жил, үүнээс эхний 3  жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөх ба хөрөнгө баталгаажуулсны төлбөр 0.25 хувь байна гэж танилцуулгад  дурджээ.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар зээлийн хэлэлцээрийг зөвшилцөхийг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан танилцуулав. 

Төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Алтанхуяг, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, Б.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Болорчулуун, Б.Баярсайхан, Ж.Чинбүрэн, С.Чинзориг, Ц.Мөнхцэцэг нар асуулт асууж хариулт авав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай өмнө зээлийн харилцаатай байсан эсэх, КОВИД-19 цар тахалтай холбоотойгоор АХБ-наас авсан зээлийн хэрэгжилт, үр дүнгийн талаар тодруулсан. Сангийн сайд Б.Жавхлан, тус банк нь манай улсын олон талт хөгжлийн түнш бөгөөд 2020 онд 100 сая ам.долларын төсвийн дэмжлэг авснаас өөр зээлийн харилцаа байгаагүй гэж хариулав. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд, АХБ-тай хэрэгжүүлж буй төсөл 2020 оны дөрөвдүгээр сард эхэлсэн, энэ хүрээнд эрчимт эмчилгээ, яаралтай түргэн тусламжийн тоног төхөөрөмж удахгүй орж ирэх бөгөөд 21 аймаг, 9 дүүргийн эмнэлэгт хуваарилна гэдгийг тодотгов. Түүнчлэн АХБ-ны санхүүжилтээр вакцины иж бүрэн агуулахыг ХӨСҮТ-ийн хашаанд наймдугаар сард ашиглалтад оруулсан, ecmo аппарат, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлсэн, төслийн хэрэгжилт сайн байгаа гэлээ. Мөн ЗӨСҮТ-д эм, эмнэлгийн хэрэгслийн агуулах баригдаж байгаа бөгөөд 11 дүгээр сард ашиглалтад орно гэдгийг тэмдэглэв. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, вакциныг худалдан авах төлөвлөгөө, менежментийг хэрхэн гаргаж буйг асуусан. Түүнчлэн арбидол эмийн талаар иргэдийн дунд үүсээд байгаа ташаа ойлголтод тайлбар өгөхийг хүслээ. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд гишүүний асуултад хариулахдаа, "Вакцины төлөвлөлтийг ЭМЯ болон мэргэжлийн байгууллагууд хамтран гаргадаг. Зорилтот бүлгийн хоёр сая 60 мянган хүнд хоёр тун вакцин хийхэд дөрвөн сая 130 мянган тун шаардлагатай. Мөн гуравдугаар тун хийх төлөвлөгөө гаргасан. Насанд хүрээгүй буюу 17-оос доог насны хүүхдийн вакциныг мөн хоёр тунгаар хийж байна. Манай улсад 17-оос доош насны 1.3 сая хүүхэд байдаг. Өнгөрсөн хугацаанд, долоон сая 300 мянган тун вакцин татан авчээ. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлгийн иргэдийн 20 хувийг вакцинжуулахаар гуравдугаар улиралд вакцин татан авсан. Саяхан 300 мянган тун вакциныг мөн татан авлаа. Өнөөдрийн байдлаар, дөрвөн сая тун вероцелл, хоёр сая 500 мянган тун файзерын вакциныг  стандартын дагуу агуулахад хадгалж байна" хэмээв. 

Иргэдийн дунд арбидол эмийг коронавирусний эмчилгээнд ашиглахаа больсон гэх ташаа мэдээлэл тархаад буйг Эрүүл мэндийн сайд С.Энхболд залруулсан юм. Тэрбээр, "Арбидол эмийг ковидын эмчилгээнээс хасаагүй. Зөвхөн өвөрмөц эмчилгээний заалтаас хасаж өргөн хүрээний эмчилгээний төрөлд оруулсан. Ингэснээр, ганцхан ковид биш, томуу, томуу төст өвчний үед хэрэглэх боломжтой болж байгаа юм" хэмээн тайлбар өглөө.

Сангийн сайд Б.Жавхлан гишүүдийн асуултад хариулахдаа, "Вакцины зориулалттай зээл тусламж авахад нэр төрөл заадаггүй, харин тусгай хатуу шаардлага тавьдаг. Тодруулбал, ДЭМБ-аас онцгой нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрсөн вакциныг худалдан авах, түүний тээвэрлэхэд санхүүжилт олгохоор заасан байдаг. Манай оронд нэгэнт хилээр орж ирсэн бол худалдан борлуулж, арилжааны зориулалтаар ашиглахгүй, буцааж гаргаж болохгүй гэсэн шаардлага тавьдаг. Энэ шаардлагад вероцелл, файзер, астразенека, спутник-5 вакцин нийцэж байгаа. Худалдан авалт хийхдээ бид шууд үйлдвэрлэгчтэй харилцаж байгаа. Ингэснээр, дундын зууч байхгүй бөгөөд, зарим вакциныг нэн хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломж бүрдэж байгаа" хэмээв. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Засгийн газрын өрийн хэмжээ хуульд заасан хязгаараас давсан эсэх, сүүлийн жилүүдэд зээлийн эргэн төлөлтийг хэрхэн зохицуулж байгаа тухай, 2020 онд хэчнээн төгрөгийн зээл төлсөн зэрэг асуулт тавилаа. 

Сангийн сайд Б.Жавхлан гишүүний асуултад хариулахдаа, "Сүүлийн нэг жилийн хугацаанд 998 сая ам.долларын Ерөнхий хэлэлцээрийн гэрээ хийсэн. Үүнээс ашиглаж, зарцуулсан нь бага дүнтэй байгаа. Учир нь эдгээр нь 3-4 жилийн хугацаанд хэрэгжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэх ерөнхий гэрээ юм. Засгийн газрын өр 8.4 тэрбум ам.доллар байгаа. Хамгийн сүүлд долоодугаар сард хийсэн төсвийн тодотголоор, ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хязгаарыг энэ жил 70 хувь, хойтон 65 хувь, түүний дараа жил 60 хувь гэж буурахаар заасан. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хэмжээ 61.8 хувь байна. Жилийн эцсээр хязгаартаа буюу 70 хувьд барих бололцоотой гэсэн тооцоо гарсан. Ирэх жилээс шат дараатай 65 хувь руу бууруулах арга хэмжээ авна. Ерөнхийдөө, 2019 онд УИХ-аас баталсан гадаад өрийн дунд хугацааны стратегийн дагуу ажиллаж байна" хэмээв. 

Ноднин 200 сая ам.доллар, энэ жил 190 сая ам.долларыг төсвөөс шууд төлж барагдуулжээ. Century, Nomad бонд зэрэг өрийн зохицуулалтын менежмент хийснээр, тухайн жилд төсөвт ирэх гадаад өрийн дарамтыг хойшлуулж байгааг Сангийн сайд учирлав. Тэрбээр, "Энэ жилийн Century бондын төсөл арга хэмжээ маш сайн болсон. Засгийн газрын түүхэнд хамгийн бага хүүтэй өрийн бичгийг гаргаж, санхүүжүүлж чадсан. Үүний үр дүнд манай гадаад өрийн зээлийн үнэлгээ, зээлжих зэрэглэл сайжирсан байгаа" хэмээн тэмдэглэв.

Гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссаны дараа Зээлийн хэлэлцээрийг батлахыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон 54 гишүүний 40 нь дэмжлээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.