Жо Байдены рейтинг хамгийн доод түвшинд хүрч унажээ

366


АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены үйл ажиллагааг дэмжигчдийн тоо албан тушаалаа авснаас нь хойших хамгийн бага түвшинд хүрч буурсныг Квиннипекийн их сургуулиас явуулсан санал асуулгын дүн харуулжээ.
Санал асуулгын дүнгээс үзэхэд америкчуудын 53 хувь нь Байдены ажилд муу үнэлгээ өгсөн бол 38 хувь нь сайн үнэлгээ өгсөн байна. Гурван долоо хоногийн өмнө дээрх их сургуулиас явуулсан өмнөх санал асуулгад оролцогчдын 42 хувь нь Байдены ажлыг дэмжиж байсан бол 50 хувь нь муу үнэлгээ өгчээ. Ийнхүү Америкийн Ерөнхийлөгчийн нэр хүндийн үзүүлэлт буурах хандлага ажиглагдаж эхэлсэн байна.
 
Байдены үйл ажиллагааг үнэлэхэд улс төрийн үзэл бодол ихээхэн хамааралтай байгаа нь харагджээ. Бүгд найрамдахчуудын дунд судалгаанд оролцогчдын 94 хувь нь түүний үйл ажиллагаанд муу үнэлгээ өгсөн бол ардчилагчдын дунд энэ үзүүлэлт ердөө 10 хувь байна. Гэсэн хэдий ч өөрсдийгөө нам бус гэж үздэг хүмүүсийн дунд ерөнхийлөгчийн дэмжлэгийн үнэлгээ улсын дунджаас доогуур хэвээр байна. Нам бус хүмүүсийн 60 хувь нь Цагаан ордны эзний хүчин чармайлтад муу үнэлгээ өгсөн бол ердөө 32 хувь нь сайн үнэлгээ өгчээ.
Ялангуяа америкчууд Байдены цагаачдын талаар явуулж буй бодлого болон Латин Америкийн олон мянган иргэн “шургахыг” оролдож байгаа тус улсын өмнөд хилийн нөхцөл байдалд сэтгэл дундуур байна. Байдены энэ чиглэлээр явуулж буй үйл ажиллагаанд 67 хувь нь муу, 23 хувь нь сайн үнэлгээ өгчээ.
 
Афганистаны талаар явуулж буй бодлогын хувьд санал асуулгад оролцогчдын ердөө 28 хувийнх нь дэмжлэгийг авсан бол 50 хувь нь тус улсыг дэмжихийн тулд АНУ тодорхой хүчээ орхих ёстой гэж үзэж байна. Харин 15 хувь нь цэргээ ерөөс эргүүлэн татах ёсгүй байсан гэж мэдэгджээ. АНУ-ын эдийн засгийн төлөв байдалд америкчуудын 72 хувь нь ямар нэг хэмжээгээр сэтгэл ханамжгүй байна.
Энэ сарын 1-4-ний хооронд орон даяар явуулсан санал асуулгад АНУ-ын насанд хүрсэн 1326 иргэн оролцжээ.
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.