АН шаардаж, МАН гэдийв

346
 
УИХ-ын намрын ээлжит чуулган ирэх баасан гарагт нээлтээ хийнэ.
Жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-наас өмнө ирэх оны Улсын төсвийг хэлэлцэж баталдаг. Өнөө жилийн хувьд Засгийн газар, УИХ өмнөх онуудтай харьцуулахад илүү эрүүл, элдэв амлалт, фантазгүй Улсын төсөв батлах болов уу гэсэн хүлээлт бий. Учир нь хоёр жил дамнасан УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн халуурал намдаж, монголчууд намаараа талцан тэрсэлдэх биш нийлээд эх орныхоо эдийн засгийн төлөө явдаг мөчлөг тохиож байгаа юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар ч айл гэр албан байгууллагын тог, дулааны мөнгийг тэглэсэн шийдвэр ирэх оноос эхлээд хэрэгжихгүй шүү гэдгийг сануулж эхэлсэн нь ч дээрх таамгийг баталж байгаа. Гэхдээ нэг нам үнэмлэхүй засаглаж байгаа ч дотоод эрх мэдлийн тулаандаа Улсын төсвийг ашиглах асуудал үүсэж мэднэ. Засгийн газрыг огцруулах дуулиан өндрөө авах хэрээр Гүйцэтгэх засаглал ард олныхоо хамгаалалтыг алдахгүйн тулд халамжийн хуучин системийг хадгалахаар чармайхыг хэн байг гэх вэ. Ямар ч байсан Улсын төсвийн төслийг ямар байдлаар бэлтгэснийг одоо ярихад эрт байна. Хууль нь парламентын гишүүдийн ширээн дээр ирж хэлэлцэгдээд эхлэхээр хамаг зүйл тодорхой болох биз.

Улсын төсвийн хэлэлцүүлгээс гадна бас тулгамдсан хуулиудыг хэлэлцэж таарна. УИХ дахь АН-ын бүлгээс УИХ, Засгийн газарт шаардлага тавьж, дорвитой хариулт өгөхгүй бол ирэх сарын 1-нээс Сүхбаатарын талбайд жагсаал цуглаана хийнэ гэж зарлаад байгаа. Залгаад тэмцлийн бусад хүнд хэлбэрт шилжинэ гэж сүрдүүлснийг ч тодотгох хэрэгтэй. Тэд бензиний хомсдол үүссэн, цар тахлыг хяналтаас алдсанд эрх баригчдыг буруутгаад байгаа. Улмаар шаардлагадаа “Шатахууны зах зээлийн үнэ болон импортыг бүрэн чөлөөлөх, олон эх үүсвэртэй болгох, хоёр хөршид томилогдсон Элчин сайдуудыг нэн даруй эргүүлэн татаж, мэргэжлийн чадварлаг, шилдэг хүмүүсийг нэн яаралтай шинээр томилох, Андлалын хөшөө зэрэг төсвийн хөрөнгөөр гараа угаасан үр ашиггүй барилга байгууламж, хөшөө дурсгал гэх мэт хөрөнгө оруулалт нэртэй хулгайг нэн даруй зогсоож, хэмнэсэн мөнгөөрөө хил, боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах” асуудлыг тусгажээ. Мөн “Удаа дараа хариуцлагагүй, ёс зүйгүй үйлдлүүд гаргаж, иргэдийн итгэлийг алдсан Уул уурхайн сайд, Ашигт малтмалын газрын дарга, Гаалийн ерөнхий газрын дарга нарт хариуцлага тооцох, Үндсэн хуульд заасан төрийн эрх барих дээд байгууллагын эрхэнд халдаж, дарга ангийн хулгай луйврыг өөгшүүлж буй “Ковид”-ын гэх хуулийг яаралтай хүчингүй болгож, УИХ-ын чуулганыг танхимаар зохион байгуулж, үүсээд буй хямралт нөхцөл байдлыг сонгогч түмний нүдэн дээр нээлттэй авч хэлэлцэх” зэргийг шаардсан байгаа юм.

Гэхдээ УИХ-д цөөн суудалтай АН-аас эрх баригчид эмээж байгаа юм алга. Тэдний шаардлагад яаралтай хариу өгөх нь бүү хэл авч хэлэлцэхгүй бололтой. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатарын гаргасан захирамжаар бол намрын чуулганы эхний нэг сарын хугацаанд нийт 24 хууль хэлэлцэх дараалал тогтоожээ. Хэлэлцэх асуудлын эхэнд Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Зөвшөөрлийн тухай, УИХ-ын хяналт шалгалтын тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай, Актив удирдлагын компанийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай, Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай зэрэг хуулиуд багтсан байна. УИХ-ын Байнгын хорооны дарга нарын дунд АН-аас хүн байхгүй. АН-ын талаас УИХ-ын дэд даргаар тавьсан С.Одонтуяа л УИХ-ын даргын зөвлөлд бий. Ийм хүчний харьцаа байгаа болохоор МАН-ынхан ямар хууль хэлэлцэхээ өөрсдийн зоргоор шийдэж байгааг гайхах юм байхгүй л дээ. Ийнхүү нэг талд эрх мэдлийн жолоог үнэмлэхүй олонхоор атгаж байгаа хэсэг нь өөрсдийн засаглалын арга барилд хэний ч оролцоог тусгахгүй гэдгээ зарлалаа. Гэвч яг л үүн шиг үл тоосон шийдвэрүүд монголчуудын эмзэг цэгийг дараад байдаг талтай. Тэгэхээр энэ намраас эхэлсэн жагсаал цуглаан, ирэх өвлийн улс төрийн шүүмж тэр чигээрээ МАН-ыг чиглэх урьдач нөхцөл бүрдэж байна гэсэн үг. Чухам ямар хэмжээнд тулж, хэний толгойд буухыг ирэх өдрүүд харуулах биз ээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.WEBS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.