Зохиогчийн эрхийг өвлөж, 50 жил эргэлтэд оруулж болно
Парламентын хаврын чуулганаар Зохиогчийн эрхийн тухай хуулийг баталсан нь өмнө нь ерөнхий, төвөгтэй байсан олон зүйлийг тодорхой болгосон гэж үзэж буй. Тухайлбал, зохиогчийн эрхийг хэзээнээс тооцож эхлэх, хэрхэн хамгаалах, өв залгамжлах зэргээр шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлтэй холбоотой нарийн зохицуулалтыг тусгав. Соёл, урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор бүтээлийг ашиглах эрх зүйн үндсийг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулах энэхүү хуулийг олон улсын жишиг, нэгдэн орсон гэрээ, конвенцэд нийцүүлэн шинэчлэн боловсруулжээ. Мөн бүтээл туурвигчдыг дэмжин урамшуулах, шинээр бүтээл туурвих боломжийг нэмэгдүүлснээр улс орны эдийн засагт хувь нэмэр оруулах ач холбогдолтойг салбарынхан онцолж буй.
Монгол Улсад төдийгүй дэлхий дахинд кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээлийн зах зээл улам хөгжиж байгаа учраас эдгээр бүтээлийн эрх эзэмшихтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгажээ. Харин бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирол болон эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэх юм.
Хуулийн онцлох заалтуудыг хүргэе.
►Зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрхийг насан туршид эсвэл нас барснаас хойш 50 дахь жилийн он дуустал байна.
►Мэдээллийн сан, компьютерын программ, технологийн хамгаалалтын арга хэмжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн нэр томьёог хуульчилсан.
►Өв залгамжлагчийн бүтээл ашиглах онцгой эрхийн хугацаа зохиогч нас барсны дараа жилийн нэгдүгээр сарын 01-нээс эхлэн 50 жилийн хугацаанд үйлчилнэ. Өв залгамжлагч ашиг олох, эдийн засгийн эргэлтэд оруулах эрх тэгш боломжоор хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
►Зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацаа зохиогч, эрх эзэмшигч, уран бүтээлчийн саналын дагуу туурвисан, эсвэл нийтэлсэн өдрөөс эхлэн 50 дахь жилийн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна.
►Хавсарга урлагийн бүтээл ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвиснаас хойш 25 дахь жилийн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал хүчин төгөлдөр байна.
►График урлагийн бүх төрлийн бүтээл, тэдгээрийн зураг төсөл, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, цогцолбор, кино урлаг, компьютерын программ болон мэдээллийн сан зэргийг зохицуулсан.
►Зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлогийг цаг үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн илүү дэлгэрэнгүй тодорхойлсон. Тухайлбал, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл, компьютерын программ, мэдээллийн сангийн зохиогчийн эрх, мэдээллийн сан ашиглагч этгээдийн эрх, үүргийн онцлогийг тусгалаа.
►Уран зураг, уран баримал зэрэг дүрслэх урлагийн бүтээлийн зохиогч бусдад бүтээлийн эрхийг өмчлөх,шилжүүлэх тохиолдолд нийтэд дэлгэж үзүүлэх эрхээс бусад ашиглах онцгой эрх нь уг бүтээлийн шинэ өмчлөгчид шилжихгүй.
►Бүтээлийг худалдан авсан этгээд дахин худалдах тохиолдолд уг бүтээлийн зохиогчид худалдсан үнийн дүнгийн таваас багагүй хувийг төлөх үүрэгтэй.
►Харилцаа холбооны сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээг нэмж тусгасан.
►Бүтээлийн хэсэгчлэн ашиглах, хараагүй, сонсголгүй, харааны, эсвэл сонсголын бэрхшээлтэй, хэвлэмэл бүтээл унших бэрхшээлтэй хүний хэрэгцээнд зориулан
ашиглах, архив, музей, номын санд хадгалагдаж байгаа бүтээлээс хэсэгчлэн ашиглах зэрэг гэрээний тодорхой төрлүүдийг хуульчилсан.
►Зохиогч, эрх эзэмшигчдийн эрхээ төлөөлүүлэн хэрэгжүүлэх, хамгаалуулах үндсэн хэлбэр болох хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгосон.
►Хамтын удирдлагын байгууллага нь гишүүн уран бүтээлчдэд тухайн бүтээлийнхээ үр шим, өгөөжийг хүртэх боломжийг бий болгох, менежмент зохион байгуулалт, чадавх, орлого олох зэрэг үйл ажиллагааг сайжруулах зохицуулалтыг нарийвчлан тусгасан.
►Зохиогчийн эрхийн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр оюуны өмчийн байгууллагад зөвлөх, бүтээл ашиглалтын тарифыг хянан баталгаажуулах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн эрх, үүргийг тодорхойлж өгсөн.
►Эрх нь зөрчигдсөн зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигч хүсэлт гаргасан тохиолдолд зөрчилтэй бүтээгдэхүүнийг хохирлын төлбөрт тооцон түүнд шилжүүлэх, хүсэлт гаргаагүй бол зөрчилтэй бүтээгдэхүүнийг устгана. Мөн эрхийн объектыг хуулбарлахад ашигласан эд зүйл, техник хэрэгслийг хураан авч, улсын орлого болгоно.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин